Н.ЖАРГАЛМАА

“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын хамт олон төсвийн тэгш бус хуваарилалтын асуудлаар мэдэгдэл хийлээ. Ингэхдээ төсвийн санхүүжилтээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилчдын өдрийн цалинг 19300 төгрөгөөр бодож төсөвлөдөг ажээ. Гэвч төрөөс олгож буй төсвийн хэмжээ нь үйл ажиллагаа хэвийн явуулахад хангалттай хэмжээнд хүрдэггүй байна. Монгол Улсын эдийн засгийн байдал, инфляц болон ам.доллартай харьцах төгрөгийн хэмжээ зэргийг огт уялдуулалгүйгээр өнгөрсөн онуудын төсөвтэй харьцуулан баталсаар ирсэн байна. Тус нэгдлийн хамт олон дээрх асуудлаар сүүлийн гурван жилийн хугацаанд холбогдох байгуулгуудад ханджээ. Ингэх бүрт гэрээг чинь цуцална, хар жагсаалтад оруулна гэх зэргээр айлган сүрдүүлж байсан гэв.

Иймд “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ тэргүүн Ч.Наранбаяр Ерөнхий сайдад уулзах хүсэлт гаргаж холбогдох Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамд тус асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ. Тэрбээр “Төр асар бага төсвийн санхүүжилт хуваарилчихаад ажлаа цаг тухайд нь чанартай дуусгахыг компаниудаас шаарддаг. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд өөрийнхөө мөнгөөр, гэр бүл, найз нөхдөөсөө зээлэх тохиолдол хүртэл гарч байна. Энэ байдлыг хэвийн болгож өгөөсэй хэмээн хүсэж байна. Бид их хэмжээний төсөв хүсээгүй. Цаг үе эдийн засгийн байдалтай уялдуулсан төсвийн санхүүжилтийг хүсэж байна” гэж хэлэв. Мөн барилгын салбар нь бүтээн байгуулалтын амин чухал салбар гэдгийг онцлон мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn