Баатарын НЯМСҮРЭН

 

 “Зууны мэдээ” сонин “Би номынхоо” тухай буландаа зохиолч Х.Дуламсүрэнг урьж  “Цагаан цувтай бүсгүй” номынх нь тухай ярилцаа. 

 

Бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл

 

-Би дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа шүлэг бичиж эхэлсэн. Анхны яруу найргийн түүврээ 22 насандаа хэвлүүлж байлаа. Үүнээс хойш яруу найргийн таван бүтээл, роман, тууж нийлсэн 20 гаруй ном туурвижээ. Харин “Цагаан цувтай бүсгүй” номыг таван жилийн өмнө бичсэн. Москва хот руу Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцахаар зорьсон юм. Тухайн үед хөгжимчний тухай өгүүллэг бичнэ гэж дотроо бодож явсан ч  хараахан бичиж эхлээгүй байлаа.  Москвад очоод бүтээлийг минь шимтэн уншдаг нэг эгчтэйгээ уулзсан. Гэтэл хөгжмийн зохиолч залуутай танилцсан түүхээ сонирхуулахдаа амттай яриа дэлгэсэн нь энэ. Сайхан хайрын түүх байсан учраас санаа авч, зохиол бичих бодол төрсөн. Ингээд тэрхүү эгчээс зөвшөөрөл авч, тэр өдрийн оройноо эхний хэсгийг нь бичлээ. Үүнийгээ өөрийн цахим хуудастаа оруулахад дагагчид маань ч их уншиж, таалагдсанаа хэлсэн. Тиймээс цааш үргэлжлүүлэн бичихээр шийдсэн юм. Би зохиолынхоо гол дүрийн бүсгүйн оронд өөрийгөө тавьж, догдолж баярласан мэдрэмжээр цэнэглэгдэж, сүүлчийн цэгээ тавьсан. Ер нь гурван сарын хугацаанд л мэндэлсэн бүтээл. Номны дараагийн цуврал болох “Улаан даашинзтай бүсгүй” удахгүй хэвлэгдэнэ. Энэхүү номонд “Цагаан цувтай бүсгүй” зохиолын гол дүрийн эмэгтэйн хүүгийн хайр сэтгэлийн талаар өгүүлэх ба тэрбээр Монголын дуурийн дуучин эмэгтэйд дурладаг. Тиймээс “Цагаан цувтай бүсгүй” номыг уншаад зүрх сэтгэл нь хайраар хөглөгдөж, сайхан мэдрэмж авсан бол “Улаан даашинзтай бүсгүй”-г уншаад хайр дурлалд умбаж, улаан даашинз өмсөж, уруулаа тодоор будаж, хайр дурлалтайгаа учраасай гэж хүсэж байна.

 

Сэтгэл хэзээ ч хөгширдөггүй

 

-Хүний сэтгэл хэзээ ч хөгширдөггүй. Нас өндөр болж, гадаад үзэсгэлэн гундсан ч, зүрх сэтгэл мөнхийн залуугаараа оршдог нь гайхалтай. Сэтгэлээ тордож услах тусам үргэлж сайхнаараа, хэн нэгнийг хайрлаж, шинээр дурлана гэсэн санааг “Цагаан цувтай бүсгүй” бүтээлд өгүүлнэ. Зохиолын гол дүрийн бүсгүй Минжин эмч мэргэжилтэй. Тэрбээр Москвад 20 жил амьдарсан ба олон хүнийг анагаасан уламжлалтын эмч, дөрвөн хүүхэдтэй. Түүний нөхөр нь Монголд амьдрах ба хааяа эхнэр хүүхэд дээрээ очих нь бий.  Эмч бүсгүй нэг өдөр охинтойгоо хамт дэлгүүр хэсч яваад цагаан цув худалдаж авдаг. Энэхүү цув нь түүний үзэсгэлэнг илүү тодотгож,  хэний ч харцыг булаам энхрий харагдуулна. Минжин нэгэн өдөр найзынхаа хуриманд метрогоор зорчих үед  хөгжмийн зохиолч Антон түүнийг дагадаг. Ингэж л тэдний хайрын түүх эхэлнэ. Минжин жирэмсэн болж, хүүхдээ ч төрүүлэх ажээ.  Хэсэг хугацааны дараа нөхрийнх нь бие өвдөж нутаг буцахаар болоход Антон хүүгээ авч үлдээд, сайн хүн болгож өсгөхөө амлана. Хүү нь том болж хөгжмийн наадамд оролцохоор ээжийгээ Монголоос урина. Ээж нь 70 нас хүрчээ. Хүү нь тайзан дээр “Цагаан цувтай бүсгүй” зохиолыг эгшиглүүлснээр ГранПри шагнал хүртэх ажээ. Хүн төрөлхтний хайрын нэгэн өнгийг өгүүлэх “Цагаан цувтай бүсгүй” ном эмэгтэйчүүдэд их хүрсэн. Зохиол гарснаас хойш уншигчдын хүрээлэл нэмэгдсэн нь харагдаж байгаа. Эмч мэргэжилтэй бүсгүй  зохиолыг минь  уншаад гол дүрийн эмэгтэйн нэрийг хүүхдэдээ өгсөн шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)