Баатарын НЯМСҮРЭН

 

Нарийн мэдрэмж, хөдөлмөр зүтгэлээр сэтгэлээ шингээж бүтээлээ урладаг урлаачийг Д.Баярсайхан гэдэг. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Өв соёл” буландаа  онцолж байна.

 

-Та бүтээл хийгээд багагүй хугацааг үдэж байгаа. Анх дарханы ур чадварыг хэрхэн эзэмшсэн бэ?

-Анх бүтээл хийнэ гэж  боддоггүй  байлаа. Нэг урлаачаас  бүтээл урлах эрдмийг заалгаж  сурсан. Одоогоос 12 жилийн өмнө бүтээлээ эхлүүлсэн түүхтэй. Аав минь цэргийн мэргэжилтэй ч гарын уртай, шилдэг мужаан хүн байж билээ. Модны холтсоор машин хийнэ. Харин ээж зураг зурдаг, үйлэнд уран хүн байлаа. Мөн эмээ минь уран н.Дулмаа гэж хүн байсан. Нас нь өндөр ч оёж хатгаад сууна. Энэ бүхнийг харж өссөн ч өөрөө хийхээр  сонирхож байгаагүй. Хэрэв тэр үед сонирхсон бол эрт урлаач болох байсан. Өвөг дээдсээс заяасан авьяасын ачаар өдий зэрэгтэй урлаач болжээ.

-Бөөгийн эдлэл хэрэглэл хийдэг гэж сонссон. Хэзээнээс энэ урлалтай холбогдов?

- Анх бөөгийн эдлэл урлаж эхэлсэн нь бөө нараа гоёх сэдлээс үүдэлтэй. Учир нь бөөгийн эдлэл хэрэглэлийг харахад ур хийц их  муутай байсан. Тиймээс өөрийн чадах зүйлээ урлаж өгөхийг хүссэн. Би ямар нэгэн сургууль төгсөөгүй. Өөрийн мэдрэмжээрээ мод, төмөр, чулуу, бусад түүхий эд ашиглаж бүтээлээ урласаар ирлээ. Анх муруй хадаас тэгшилж урлаачийн эрдэмд суралцаж байв. Урлангаа нээгээд найман жил болсон байна. Тэнгэр ухаанд суралцаж бөөгийн эдлэл хэрэглэл урлах болсон. Амьдрал бүх хүнд сайн сайхан зүйлийг заяасан байдаг.  Аливааг хийх тусам хөглөгдөж суралцдаг гэдэгт итгэдэг. Тэнгэр шүтлэгтэй олон хүмүүс эд хэрэглэлээ урлуулдаг. Би чин сэтгэлээсээ бүтээж өгөхийг хичээсээр ирсэн. Тухайлбал, толь, малгайны гоёл, хуяг, шүтээн, холбогыг хийнэ.  Бөө бүрийн эдлэл адилгүй. Тухайн хүнд нь зориулсан хийц загвараар урлана. Хийсэн бүтээлээ нарийн тооцож байгаагүй. Гэхдээ 20-30 мянган бөөд эдлэл урлаж өгсөн байх. Бөөгийн эдлэл хэрэглэлээс гадна өөр бүтээлч урладаг.               

-Монголчууд эрт үед бөөгийн шашинтай байсан гэдэг. Анх бөөгийн ямар бүтээл хийж эхэлсэн бэ?     

-Анх бөөгийн шат хийхэд бүтэн өдрийг зарцуулж байсан. Тухайн бүтээл ур муутай болж билээ. Уйгагүй оролдсоор байгаад хийж сурсан.  Тиймээс аливааг хийж сурахад хичээл зүтгэл чухал нөлөөтэй. Үүнээс хүн мэдлэг, ур чадварыг олж авах жишээтэй. Бүх зүйл цаг хугацаатай байдаг юм билээ. Тэнгэрийн эдлэл хийгээд олон зүйлийг ойлгож авсан. Хүн мөнх амьдардаг, гагцхүү биеэ л сольдог. Хүн удмаа дагадаг, авьяасыг өвлөж төрнө. Төрөхдөө даалгавартай ирдэг.

-Та бөөгийн шүтээн урлахдаа захиалгын дагуу загвараа гаргадаг уу? 

-Эзэнд нь зориулж бүтээл урлана гэдэг цаанаасаа өөр энергитэй байдаг. Нэг бөө надад хандаж шүтээн хийлгэх захиалга өгсөн, тэр үед хийх санаагаа бодсон. Тэгээд өөрийн санаагаа бүтээл болгоод өгөхөд үйлчлүүлэгч их баярлаж сайхан бүтээл болсныг хэлж билээ. Захилга өгсөн хүндээ бүтээл минь таалагдана гэдэг сайхан. Хүмүүс намайг чадна гэж итгэдэг. Өмнө нь бүтээл хийлгэсэн хүмүүс дахин захиалга өгөх жишээтэй. Би шүтээний шонхор хийлээ гэхэд загвар дизайн нь тэнгэрт нисэж буй шонхор шувуунаас өөр байдаг. Учир нь би урлахдаа шүтээн шонхор ямар байх ёстойг бодож урладаг.  Шүтээн утгатай байх ёстой. Эзэндээ таалагдаад, өөр бусдад нийцэж байвал сайн бүтээл болсон гэсэн үг. Бүтээл тухайн урлаачийн оюун санаа, ур чадвараас цэцэглэж бусдад очихдоо үнэ цэнтэй байх хэрэгтэй.  Хүн цаг тутам хөгжих хэрэгтэй. Тиймээс би эрт үеийн бүтээл урлаач нарын бүтээлийг их сонирхдог. Мөн орчин үеийн бүтээлийг цахим орчноос үзнэ. Энэ бүгдээс сурч мэдэж явна даа.

-Сайн бүтээл ямар ч үед үнэ цэнтэй байдаг. Таны  хувьд сайн бүтээлд ямар шалгуур тавьдаг вэ?

- Би урлан дээрээ ихэнх цагаа өнгөрүүлж байна. Зарим үед нэг бүтээлтэйгээ олон цаг зууралдахгүй, өөр зүйл хийх жишээтэй. Нэг бүтээлийг удаан хугацаагаар харахаар засах зүйл нь харагддаггүй, нүдэнд дасал болох нь бий. Хэсэг өөр зүйл хийж байгаад харахаар засах зүйл нь харагддаг.

-Та төрөл бүрийн материал ашиглаж бүтээл туурвидаг юм билээ. Чулуугаар бүтээл хийхийн давуу тал юу вэ?

-Чулуугаар шүтээн хийдэг. Чулуу бүр өөрийн энергитэй. Харин аливаа нэг бүтээл хийхдээ олон жижиг зүсэхэд чулуу энергигүй болно. Үүнд онгодтой хүмүүс л энерги оруулдаг. Бүх төрлийн түүхий эдээр цутгамал хийх боломжтой. Нэг бүтээл хийлээ гэхэд  баримал ашиглаж ерөнхий загвараа гаргана. Дараа нь хатуу материал сийлж,  зууханд хийж хэв авдаг. Би нэг бүтээлээ дагнахгүйгээр төрөл бүрийн зүйлд өөрийгөө сорьж байна. Мөн барилга байшингийн загвар гаргаж байгаа. Аливаа бүтээлээ урлахдаа загвар дизайныг бодож гаргадаг. Үүнд захиалагчийн санааг нэмэх чухал.

-Санаандгүй байдлаар мэндэлсэн бүтээл гэж байдаг. Ийм тохиол цөөнгүй бий дээ? 

-Бүтээл хийж эхлээгүй байхдаа эгчтэй говьд явж байгаад нэг чулуу олсон. Хэвтэж буй тэмээий бөхтэй чулуу олсон. Толгой олчихвол тэмээ боллоо гэж бодож байсан. Дараа нь говиос тэмээний толгой,  ботгоны хэлбэртэй чулуу олсон. Үүнийг хүмүүс авах  гэж их сонирхоно. Тэгээд нэг бөө найз минь долоон саяар авч билээ.  Одоо таарах бүртээ тэр бүтээлийг сайшааж ярьдаг.

-Одоогоос зургаан жилийн өмнө тулганы үзэсгэлэн гаргаж байсан санагдаж байна. Дахин үзэсгэлэн гаргах уу?

 -Би 2017 онд Ерөнхийлөгчийн дархнуудын үзэсгэлэнд тулганууд хийж оролцсон. Энэ үзэсгэлэнгээ дахин гаргах бодол бий. Хамгийн сайн бүтээл хийдэг хүн бол Гангийн дархан. Би Гангийн дархан хүнтэй танилцаад өөрийн хийсэн тулгаа харуулаад зөвлөгөө авсан. Ингээд том жижиг долоон тулга хийгээд үзэсгэлэн гаргасан түүхтэй. Тулга бол Монголын гал голомт. Эрт үеийн урчуудын хийж байсан тулганы үзэсгэлэнг би үзсэн. Их ур хийц сайтай байдаг юм билээ.

-Аливааг урлахад багаж хэрэгсэл чухал. Багаж хэрэгсэл цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа нь ажиглагддаг?

- Дээр үеийн дархнууд багажаа өөрсдөө хийдэг байсан. Орчин үед бүтээл хийхэд бүх зүйл нь бэлэн болжээ. Тоног төхөөрөмж, материал гээд бүгд л бэлэн худалдаалж байна. Тиймээс бүтээлийг богино хугацаанд хийх боломж бүрдэж байгаа юм.

-Ингэхэд танд шавь бий юу? 

-Залуус шавь орохоор намайг зорьж ирдэг. Гэхдээ би өөрийгөө багшлах хэмжээний ур чадвартай болсон гэж боддоггүй. Өөрөө бүх зүйлээ мэддэг байж хүнд заана шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)