Монголд мэргэжлийн редакцууд хэрхэн ажилладаг, аж төрдөг бол. Тэд үзэгч, уншигчдын итгэлийг олж авах, тэр үнэ цэнийг алдахгүйн тулд яаж хичээж, “шатаж” бас унаж, босож явдгийг бага ч болов таниулахын тулд “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Редакцын буухиа” хамтарсан контент эхлүүлсэн билээ.

Өмнө нь та бүхэнд Эгүүр.мн сайтыг танилцуулсан бол энэ удаад “Шинэ өсөлт” сэтгүүлийн хамт олон, тэдний эрхэм зорилго, алсын харааг толилуулъя.

Сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлсэн. Тус сонин Монголд анх удаа эдийн засгийн албыг байгуулсан түүхтэй. Дараа нь “Монголын эдийн засаг” сэтгүүлд олон жил ажилласан И.Отгонжаргал хөдөө аж ахуйн чиглэлээр дагнасан хэвлэл байх ёстой гэж үзэн, 2019 онд  редакцаа байгуулжээ. Эдийн засгийн сэтгүүлч гэж олон жил цоллуулсан тэрээр одоо хөдөө аж ахуйн И.Отгонжаргал болсон.

 

“Олон хүн уншина, сайн хийх юмсан” гэж хичээсэн сэтгүүлийг хүн  уншиж байхыг харах хамгийн гоё.

 

-Хөдөө аж ахуйгаар төрөлжсөн хэвлэл мэдээллийн байгууллага бий болгож чадсан нь манай үнэ цэн юм. Би 2011-2017 оны гуравдугаар сар хүртэл Монголын эдийн засгийн брэнд сэтгүүл болсон “Mongolian Economу” сэтгүүлийг Бэхээтэйгээ хамт үүсгэн байгуулалцаад орлогч эрхлэгчээр нь долоон жил ажилласан. Монгол-англи  хэлээр тус сэтгүүлийг гаргахдаа өөрийн мэргэшсэн чиглэл болох хөдөө аж ахуйг бичнэ гэж бодсон ч  хэдхэн материал бичсэн.

Эдийн засагт уул уурхай, хөрөнгө оруулалт, технологи гээд олон салбар багтана. Бичих сэдэв ихтэй. Эдгээрийн ард хөдөө аж ахуй орхигдоод байсан. Иймд эдийн засгийн сэтгүүлээс гараад хөдөө аж ахуйн төрөлжсөн сэтгүүл гаргая гээд санаагаа салбарын цөөн хүнд хэлтэл их дэмжсэн. “Шинэ өсөлт” сэтгүүл ингэж мэндэлсэн юм.

2018 оны зургадугаар сараас санаагаа баяжуулж, бэлтгэл хангасаар 2019 оны зургадугаар сард анхны дугаараа гаргасан даа. Манай сэтгүүлийн  үнэ цэн хэвлэл мэдээллийнх салбарт төрөлжилт бий болгосонд байгаа юм. Бид “Шинэ өсөлт” сэтгүүлээс гадна www.agronews.mn цахим хуудас, “Шинэ малчин” сэтгүүл, www.agroshop.mn хүнс, хөдөө аж ахуйн цахим дэлгүүртэй болж, үйл ажиллагаагаа тэлсэн.

-Сэтгүүлээ яагаад “Шинэ өсөлт” гэж нэрлэсэн бэ?

-Нэрээ удаан бодсон. Хөдөө аж ахуйн сэтгүүл гаргах гэж байгаа ч илүү өргөн хүрээнд бодож, эдийн засгийн холбогдолтой нэр сонгосон.

Хөдөө аж ахуй бол манай эдийн засгийн тулгуур, тэргүүлэх том салбар. Аялал жуулчлал, уул уурхай, үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, эрчим хүч, зам тээвэр гээд бусад салбартай холбоотой. Монголын эдийн засаг өнөөдөр уул уурхай дээр тогтдог ч ирээдүйд хөдөө аж ахуйгаа сайн тордвол тогтвортой хөгжлийг бий болгох боломжтой.

 

Зарим хүн малчид баяжсан, сайхан амьдарч байна гэдэг. Гэтэл тийм биш.

 

Сэтгүүлээ эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийн төлөө гаргадаг. Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуй, эдийн засгийн цөөнгүй чуулганд зориулж тусгай дугаар хэвлэлээ. Сэтгүүлийн уламжлалт дугаараас гадна томоохон хурал чуулган, түүхэн ойд зориулж тусгай дугаар бэлтгэж гаргахыг "Монголын эдийн засаг” сэтгүүлд байхаасаа эрхлэн гаргасан юм.

Ер нь сэтгүүлд нэг сэдвийг гүнзгий хөндөх нь зохимжтой байдаг болохоор хурал чуулганд зориулж тусгай дугаар гаргадаг онцлогтой. Ер нь зохион байгуулж байгаа хуралдаа ач холбогдол өгдөг хүмүүс тусгай дугаар захиалж хийлгэдэг.

Тусгай дугаар гаргахдаа "бидний хийсэн зүйлийг нэг дор олон хүн уншина, сайн хийх юмсан” гэж их хичээж, маш няхуур ажиллахыг чухалчилдаг. Тэгж хичээсэн сэтгүүлийг маань олон хүн уншиж байхыг харах хамгийн гоё. Өнгөрсөн дөрвөн жилд хөдөө аж ахуй, эдийн засаг, эмэгтэйчүүд, асрахуйн эдийн засаг гээд олон сэдвээр "Шинэ өсөлт" сэтгүүлийн тусгай дугаар гаргасан.

Үндсэн сэтгүүлдээ бид хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, газар тариалан, мал эмнэлэг, бэлчээрийн менежмент, мал аж  ахуй, эрчимжсэн аж ахуй, шинэ техник технологийн талаар бичдэг.  Гэхдээ тухайн цаг үеийн сэдвээ ч хөндөнө.

-“Шинэ малчин” сэтгүүлийг гаргах санаа яаж төрсөн бэ?

-Малчдад зориулсан сэтгүүлээ улирал тутамд гаргана. Бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хадлан тэжээл бэлтгэх, тэжээлийн таримлууд тариалах шаардлага үүслээ. Малчид сурч хөгжих маш их эрмэлзэлтэй ч тэдэнд зориулсан контент цөөн.     

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн өмнө шинэ сорилтууд тулгарч, өнөөдрийг хүртэл явж ирсэн уламжлалт мал аж ахуйн арга барил, технологио орчин цагтай нийцүүлж, өөрөөр эрхлэх шаардлага үүссэн.

Өмнөх шиг малыг бэлчээрт  нь даатгаад орхидог, малаа тэжээж, арчилж тордож мэддэггүй, хаа дуртай газраа оторлож нүүдэллэдэг аргаас татгалзах цаг ирлээ. Мал аж ахуйг илүү хариуцлагатайгаар, бизнесийн утгаар нь  эрхлэх шаардлагатай. Малчдад мэдэх, сурах, судлах, шинэ арга, туршлага олж мэдэх эрэлт үүссэн.

Үүнд “Шинэ малчин” сэтгүүл чухал үүрэг гүйцэтгэнэ.

Зарим хүн малчид баяжсан, сайхан амьдарч байна гэдэг. Гэтэл тийм биш. Мянгат малчид, хурдан морьтой хүмүүс л өндөр орлоготой. 200 хүртэл тооны, цөөн малтай малчдын амьдрал сайнгүй байна. Иймд ялангуяа залуусын зарим нь арга буюу аймгийн төв эсвэл хот бараадан, ажилгүйчүүдийн эгнээнд орж байна.    

Малчид хязгаартай бэлчээрт чанартай, эдийн засгийн үр өгөөжтэй мал маллах шаардлага бий болсон. Үүний тулд бэлчээрээ хамгаалах, малын ашиг шимийг нь нэмэх, хадлан тэжээл авах, өвөлжөө хаваржааны газартаа тэжээлийн таримал тарих, малынхаа чанарыг сайжруулах, энэ чиглэлд дотоод, гадаадын туршлага судлах шаардлага бий.

Мэргэжлийн хүмүүсийн туршлага, мэдлэг, шинжлэх ухааны ололтыг практикт туршсан шинэ арга зүй, мэдлэг мэдээллийг унших ёстой. Бид хөдөө аж ахуйн мэдээллээр дагнасан ч бүтээгдэхүүнээ дахин төрөлжүүлж, “Шинэ малчин” сэтгүүлийг дөнгөж эхлүүлж байна. 

Хөдөө аж ахуйг  түлхүү бичдэг “Шинэ өсөлт” сэтгүүлийг дөрвөн жил гаргаж, agronews.mn сайтыг эрхэлж, хөдөө аж ахуйгаар амьсгалахдаа малчид ямар мэдээлэл хүсэж, юу үзэж сонирхож байна, сэтгүүл гаргавал унших уу гэдгийг судалж, ажигласан.

Байгальд хамгийн ойр ажилладаг малчдаа байгалиа хамгаалах,  бэлчээрийнхээ өвс ургамлыг мэддэг, бэлчээрээ нөхөн сэргээдэг, хариуцлагатай малчдыг бий болгох ёстой. Малын ашиг шимээ нэмэгдүүлэхэд зөвхөн цэвэр хээлтүүлэгч өндөр үнээр худалдаж авч тавиад л малын чанар сайжирчихгүй.

 

Цар тахлаас хойш хөдөө аж ахуйн салбар моодонд орж байна.

 

Иймд манайх "Шинэ малчин" сэтгүүлийн бодлогоо малчдад энэ салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн үг, зөвлөгөөг хүргэж,  мал аж ахуйн салбарын хөгжлийг шинжлэх ухаанч болгоход бодлогоо чиглүүлнэ.

Мөн цар тахлаас хойш хөдөө аж ахуйн салбар моодонд орж байна гэж болно. Өрхөөс эхлээд том корпорацууд хүнсний ногоо, эрчимжсэн мал аж ахуйг түвшин түвшиндээ сонирхон, хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн. Уул уурхай, барилгын салбарт амжилтад хүрсэн аж ахуйн нэгжүүд бизнесээ хөдөө аж ахуйд тэлэх сонирхолтой болжээ. АПУ, MCS гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүд ч энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, охин компаниа байгуулж байна.

Газар тариалан, эрчимжсэн мал ахуй эрхэлдэг компаниуд хорших, энэ салбарт дижиталчлал нэвтэрч, газар тариаланд дроныг өргөн ашиглаж эхэлсэн гээд бидний бичих, хөндөх шинэ сэдвүүд өдөр бүр нэмэгдсээр байна. Хөдөө аж ахуйн сэтгүүлчид учраас бид хотод суух нь ховор. Голдуу л хөдөө ажиллана. Аль болох газар дээрээс нь сурвалжлахыг илүүд үздэг.           

Хамгийн сүүлд гэхэд сая манай баг Завхан аймагт болсон Монгол Улсын шинэхэн Хөдөлмөрийн баатар Л.Лхаасүрэнгийн нэрэмжит "Хөдөө аж ахуй-Шинэ зуунд" мал аж ахуйн форумд оролцоод, тэндээсээ "Шинэ Малчин" сэтгүүлийн тусгай дугаар гаргахаар Дархан-Уул аймагт гурав хоног ажиллаад ирлээ.

-Өнөө үед хүмүүс нийтлэл, ярилцлага гэх мэт урт материал унших нь улам багасаад байх шиг.

-Нийгмээрээ унших дургүй, олон нийтийн сүлжээн дэх баталгаагүй мэдээлэлд хөтлөгдөж байна л даа. Хөдөө ч адил. Гэхдээ сэтгүүлч, мэргэжлийн редакцууд сайн контент хийвэл хүмүүс унших нь гарцаагүй. Цаасан буюу уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцогддог сонин, сэтгүүл унших дуртай хүмүүс байсаар байна. Сэтгүүл гаргахад бидэнд тулгардаг хамгийн том асуудал нь хэвлэлтийн зардлын өсөлт. Гэсэн ч нэгэнт хүрд эргэсэн учраас мөлхөөд ч болов сэтгүүлээ тасралтгүй гаргадаг. Сэтгүүл захиалагчийн гарт цагтаа очих нь л чухал.   

-Таны 2024 оны төлөвлөгөө?

-“Шинэ өсөлт” сэтгүүлийн агуулгыг  хөдөө аж ахуйгаас гадна эдийн засаг, бизнесийн тал руу нь өргөтгөж, уншигчдынхаа хүрээг тэлнэ. Яагаад  ингэж байна гэхээр манай редакц agronews.mn, "Шинэ малчин” сэтгүүл гээд хөдөө аж ахуйн төрөлжсөн хэвлэлтэй болсон учраас "Шинэ өсөлт"-өөр илүү өргөн мэдээлэл хүргэхийг зорьж байна. Мөн сэтгүүлүүдэн цахимд байршуулахаар төлөвлөж байна. Аgronews.mn сайтаа шинэчилж хөгжүүлнэ. Эх орны эрүүл чанартай, гарал үүсэл нь баталгаажсан бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, хэрэглэгчийн боловсрол олгох цахим дэлгүүрээ идэвхжүүлнэ дээ. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид эрүүл, органик  хүнс үйлдвэрлэсэн гэдгээ баталгаажуулж, их зүйл хийж байна. Тэднийг дэмжих нь энэ салбарын сэтгүүлчдийн үүрэг.

Мөн энэ дэлгүүрийн маань орлого манай редакцын санхүүжилтэд болон сэтгүүлчдийн маань цалинд дэм тус болох ёстой. Хөдөө аж ахуйн чиглэлийн манайхаас гадна өөр хоёр сэтгүүл, "Малчин" телевиз гэж бий. Харин манайх сэтгүүл, сайт, цахим дэлгүүртэй буюу цогц гэдгээрээ онцлог. Анх ингэж төлөвлөөгүй ч нэмэгдсээр гурван тусдаа, бүтээгдэхүүнтэй болчихлоо. Одоо илүү сайжруулж, чанаржуулж, тогтворжуулах нь чухал. Мөн сэтгүүлчдээ нэмэх, шинэ хэрэгцээ шаардлагад нийцэж ажиллах ур чадвартай залуу сэтгүүлчдээр багаа өргөжүүлнэ. Зөвхөн хэвлэмэл биш, цахимаар мэдээллүүдээ өгөх чиглэлд ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: www.gogo.mn

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Сэтгүүлч Б.Чимэг

Холбоотой нийтлэл: Редакцын буухиа: Хөдөө аж ахуйн салбараар дагнасан “Шинэ өсөлтийнхөн”

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)