Насантуяагийн Жаргалмаа

Сүүлийн жилүүдэд исламын шашинтай улсуудад хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Тухайлбал, Иран улсад Хэбаж өмсөхөөс татгалзсан олон мянган охид буруутгагдаж, хүчирхийлүүлсээр байгаа билээ. Эдгээрээс хамгийн эмгэнэлтэй нь залуу охид ниймийн хэв журам сахиулах ёсзүйн цагдаа нарын гарт амиа алдаж буй хэрэг билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Махса Амини гэх 22 настай охин амиа алдсан. Энэ хэрэг Ираны нийгмийг цочроож түүхэнд анх удаа иргэд, олон нийт шудрага ёсны төлөө олон хоног жагсаж байсан. Гэвч энэ сарын эхээр дахин 16 настай охин тус халдлагад өртөж хүндээр шархадсан хэрэг гарсан юм. Тодруулбал, аравдугаар сарын 3-ны өдөр 16 настай Армита Гераванд хоёр найзын хамтаар метронд суух үед ёсзүйн цагдаа түүнийг Хэжабаа өмсөхийг сануулсан байна. Үүнд эсэргүүцэл илэрхийлсэн охины биед халдаж тархинд нь хүнд гэмтэл учруулсан байна. Эмнэлэгт хүргэгдэх үедээ комд орж ойролцоогоор гурван долоо хоног эмчилгээ хийлгэсэн ч түүний тархи үхжиж 29-ний өдөр амьсгал хураажээ.

Өнгөрсөн онд болсон жагсаалаар охид эмэгтэйчүүд өөрсдийн эрхийг хамгаалахыг хүсэж байсан юм. Тэд уг жагсаал нь Хэжаб өмсөхийн эсрэг, шашинд тэрсэлсэн хэрэг бус эмэгтэйчүүдийн бие даасан хараат бус байдал, сонголт хийх эрхийн тухай асуудал гэдгийг илэрхийлж байсан юм. Харин Ираны парламент есдүгээр сард исламын шашны хувцаслалтыг зөрчсөн эмэгтэйчүүдийг 10 жилийн хорих ялаар шийтгэх заалттай хуулийг баталж хариу барьсан гэхэд хилсдэхгүй.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал дан ганц хувцаслалтаар дуусахгүй юм. Исламын шашинтай өөр нэг улс болох Афганистаны хамгийн хүчирхэгт тооцогдох исламист бүлэглэл Талибанчууд үсчин, гоо сайхны салонуудыг хааж, эмэгтэйчүүдийг орохыг хориглосон юм. Тэд тус газруудаар эмэгтэйчүүд үйлчлүүлэх нь ёсзүйд үл нийцнэ хэмээн үзсэн юм. Дэлхийн нэг хагаст эмэгтэйчүүд манлайлж, нийгмийн хөгжлийг түүчээлж байгаа бол нөгөө хагаст өөрсдийн юу өмсөхөө сонгох эрхгүйн улмаас амь насаараа хохирсоор байна. Хэдийгээр эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн эх оронд хүчирхийлүүлж эрхээ зөрчүүлсээр байгаа ч дэлхий дахин тэднийг сонсдог билээ. Үүнийг тодотгох нэг зүйл бол энэ оны Нобелийн энхтайвны шагналыг Ираны хүний эрхийн идэвхтэн Наргес Мохамидид олгож буй явдал юм. Өдгөө 51 настай Наргес одоогоор Тегеран хотын Эвин шоронд хоригдож байгаа юм. Нобелийн шагналын хороо түүнийг Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг зоригтой тэмцэж, нийгмийн шинэчлэлийн төлөө цуцалтгүй тэмцсэн гэдгийг онцолж байлаа.

Нобелийн энхтайвны шагналыг 2003 онд Иран улсын хүний эрхийн зүтгэлтэн Ширин Эбади хүртсэн байдаг. Наргес Мохамид нь Эбадигийн тэргүүлдэг Хүний эрхийг хамгаалагчдын төвийн дэд тэргүүний албыг хашдаг байсан юм. Гэвч түүний хүний эрхийн төлөөх, жендэрт суурилсан дарангуйллыг зогсоох тэмцлээс үүдэн эрх баригчид 13 удаа цагдан хорьж, таван удаа нийгмийн эсрэг суртал ухуулга түгээсэн хэмээн буруутгасан байна. Түүнчлэн нийт 31 жил шоронд хорих, 154 удаа ташуурдуулах ял ноогдуулсан байна. Тэрбээр тус шагналын эзнээр шалгарсан гэх мэдээллийг сонссоныхоо дараагаар “Нобелийн энхтайвны шагнал надад тэмцлийн замдаа илүү тэсвэр тэвчээртэй тууштай бөгөөд шийдэмгий байх урам зоригийг дүүргэж өглөө. Би ардчилал, эрх чөлөө, тэгш байдлын төлөөх тэмцлээ хэзээ ч зогсоохгүй” гэж хэлсэн юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба “Энэ шагнал бол Иран дахь эмэгтэйчүүдийн хэлмэгдүүлэлт, айлган сүрдүүлэлт болон тэдний эсрэг хүчирхийллийн төлөө хийсэн түүний тэмцлийн бодит үнэлгээ” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Ираны засгийн газар тус шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Тодруулбал, Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани “Нобелийн шагналын хороо удаа дараа хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй хүнд шагнал олгосон. Энэ бол хэт өрөөсгөл ойлголт, бид үүнийг улстөржсөн үйлдэл хэмээн үзэж байна” гэж төрийн хэвлэлээр мэдээллэсэн байна. Дэлхий нийтийн зайлшгүй хийх ёстой ялангуяа улс орны төрийн эрх баригчид ард түмнийг дотор нь хүүхэд эмэгтэй ЛГБТQ+ зэргээр үл ялгаварлан эрх тэгш амар амгалан нийгмийг цогцлоох, үүнд иргэн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)