Доржийн ОЮУНЧИМЭГ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл,с ургуулиудын дэмжлэгийн багийн чадавхийг дээшлүүлж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготой уулзалт хэлэлцүүлэг өчигдөр Монгол-Япон төвийн хурлын их танхимд зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал /ХБХЭМБНХ/-ын комиссын мэргэжилтэн Ч.Ариунболор хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм. Энэ үеэр , Хүүхдийг ивээх сангийн Боловсролын хөтөлбөрийн ажилтан Т.Хантулга, ХБХЭМБНХ-ын Чингэлтэй дүүргийн салбар комиссын төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооны паралегал Ц.Уянга БЗД-ийн 127-р сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Ц.Энхтуяа нарын байр суурийг сонирхлоо.
Т.Хантулга: СУРГУУЛИЙН ДЭМЖЛЭГИЙН БАГИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
-“Хүүхдийг ивээх сан” ОУ-ын байгууллага 2021-2024 онд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь -2” төслийг зорилтот гурван дүүргийн 12 сургуулийн дунд боловсролын түвшинд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах сургуулийн багш нарыг чадавхижуулах. Мөн тэдгээр хүүхдийн эцэг, эх болон сургуулийн сурагчид болоод эцэг эхчүүд, олон нийтийн ойлголтыг өөрчлөх, хандлагыг эерэг болоход чиглэж ажилладаг. Түүнчлэн сургуулийн дэмжлэгийн багийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг зорилтод үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Өнөөдрийн уулзалтын тухайд төсөлд хамрагдсан зорилтот сургуулийн дэмжлэгийн баг болон дүүргийн ХБХЭМБНХ-ын салбар комиссын хамтын ажиллагаа, уялдаа холбоог дээшлүүлэх зорилготой.
БСШУЯ, ХНХЯ, ЭМЯ-ны сайд нарын хамтарсан тушаалын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, оношлох, эрт илрүүлэх, боловсролд тэгш хамруулан сургах гэх мэтчилэн дүрэм, журам, тушаал бий. Түүнийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгаа талаар талууд ярилцлаа. Ингэснээр ажлын уялдаа холбоотой ажилласнаар цаашид илүү сайжруулах арга замын талаар мөн хэлэлцсэн. Мэдээж амьдрал дээр тулгардаг олон асуудал бий. Тиймээс манай төсөл энэ хүрээний ажлыг үр дүнд хүргэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэдэг.
Ц.Уянга: ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлнэ гэдэг нь ангид суулгахыг хэлэхгүй. Харин тэр хүүхдийн оролцоог бүх талаар нь дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сургуулиас зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд тэгш хамруулахад анхаарах шаардлагатай. Үүнд сургуулийн дэмжлэгийн баг түлхүү ажиллах нь зүйтэй. Мөн дүүргүүдэд ХБХЭМБНХ-ын салбар комисс ажилладаг. Гэхдээ тэр бүр хүрэлцэхгүй байгааг хэлмээр байна. Учир нь дүүргийн салбар комисст хүүхэдтэй холбоотой асуудал гарлаа гэхэд давхар байдлаар ажилладаг комиссын гишүүд тэр бүр цуглараад байх боломжгүй. Нөгөөтэйгүүр аймаг, дүүрэг дээр Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл ажилладаг. Үүнийг нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулдаг. Гэтэл тухайн хэлтсийн дарга зөвлөлийн ажлаас гадна хариуцдаг ажлуудтай учир цалгардах хандлага ажиглагддаг. Тэгэхээр энэ асуудалд төр бодлогоор анхаарал хандуулж байгаа бол тогтмол ажиллагаатай ажлын байрыг бий болгох нь зүйтэй. Ингэснээр энэ асуудалд хамааралтай ажилладаг байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах ажиллах боломж бүрдэнэ.
Түүнээс гадна сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туршлага, орчин дутуу байгаа нь анзаарагддаг. Зарим сургууль дэмжлэгийн баг ажиллуулахын зэрэгцээ сургах арга зүй, орчноо бүрдүүлсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, ХБХЭМБНХ-ын салбар комисс хамтран сургуулиудад төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээндээ сайн туршлагыг бусад сургуулийнхаа багш, удирдлагуудтай хуваалцах уулзалтыг зохион байгуулсан нь ч үр дүнгээ өгч байгаа. Тэгэхээр сургуулийн дэмжлэгийн баг маш сайн ажиллаж чадвал үр дүн гарч байгааг онцлон хэлмээр байна. Ер нь сургуулийн удирдлага, багш нар манлайлан, үлгэрлэж ажиллах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйгээ олоход илүү дэмтэй юм билээ. Түүнээс гадна эцэг эхийн оролцоо, хандлага маш чухал. Анзаараад байхад нийгэмд Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл болон сургуульд дэмжлэгийн баг ажилладаг талаар мэдээлэл хомс байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг сайн түгээх хэрэгтэй юм. Учир нь ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гаргахад бодит байдлын үнэлгээ хийх шаардлагатай. Үүнд эцэг эхийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.
Ц.Энхтуяа: УНШУУЛЖ БИЧИЖ СУРАХ НЬ БОЛОВСРОЛД ХАМРАГДАЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БИШ
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харъяаллын дагуух хүүхдүүдээ 100 хувь хамруулдаг. Тухайлбал, манай сургуульд Эрүүл мэндийн байгууллага, салбар комиссоор оношлогдсон зургаан хүүхэд бий. Түүнээс гадна оношлогдоогүй 10 гаруй хүүхэд бий. Энд ямар асуудал тулгардаг вэ гэвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нэмэгдэл цалин авдаг. Гэтэл оношлогдоогүй хүүхэдтэй ажиллахад нэмэгдэл цалин олгогддоггүй. Харин энэ удаагийн уулзалтаар ХНХЯ-ны мэргэжилтэн бидэнд нэлээд сайн мэдээлэл өглөө.
Манай сургуулийн хувьд Японы Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчим” төсөл зургаа дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд танхим тохижуулахаас гадна орчныг бүрдүүлэх, багш нарыг чадавхижуулахад түлхүү анхаардаг. Тэгэхээр энгийн зарим сургуультай харьцуулахад бид хөгжлийн бэрхшээлтэй, онцлог зан араншинтай, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга барил, заах арга зүйн онцлогоо тодорхойлон ажиллаж байна.
Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдийг эрт оношлох нь чухал. Харин үүнийг эцэг, эхчүүд төдийлөн хүлээж авдаггүй. Учир нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт сурч байгаа хүүхэд харьцангуй ачаалал багатай. Ингээд сургуульд ороод ирэхээр ачааллаа дийлэхгүй болж ирэх нь бий. Эндээс л асуудал үүсдэг. Яагаад гэвэл, багш танай хүүхэд оюуны чадамж сул байна гэхээр хүлээж авдаггүй. Үүнээс улбаалан асуудал үүсдэг учраас багш нар эцэг, эхчүүдэд хүүхдийнх нь зан төлөв онцгой байгаа талаар хэлэхээс эмээдэг. Ингэснээр хүүхэд л хохирдог. Нэгдүгээр ангиасаа л хоцрогдолд орчихвол цаашид бүр л хүндэрчихдэг учраас эрт оношилж ганцаарчилсан хөтөлбөрт хамрагдах нь хүүхдийн ирээдүйд хэрэгтэй юм шүү дээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг уншуулж бичиж сурах нь боловсролд хамрагдаж байгаагийн илрэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй тухайн хүүхэд уншиж, бичиж сурахгүй байсан ч сургуулийн орчноос олон зүйлийг сурч боловсордог. Түүнчлэн хүүхэдтэй харилцахаас эхлээд бие даах чадварт суралцах, бусдыг хүндлэх, хамгаалах зэрэг олон дадал зуршилд суралцдаг. Түүнээс гадна зан төлвийн хэт онцлогтой хүүхдүүд гэж бий. Тэдгээр хүүхдүүдийг сургуулийн дэмжлэгийн багийнхантай ярилцан, эцэг эхчүүдтэй зөвлөлдөж хүүхдийн суралцах сонирхлыг нь дагуулан хүүхэд хөгжүүлэх дугуйланд хамруулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)