Б.ГАРЬД

 

Хоттой холбоотой хэргүүд АТГ дээр овоорч байгаа бололтой. Уржигдар л гэхэд 2009 оноос хойшх автобусны шууд худалдан авалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухайгаа Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Эндээс нэг харамсалтай “мэдээ” сонсогдсон. Юу гэхээр, Засгийн газар, Хотын захиргаа 2009 оноос хойшх удаад дараа автобус худалдаж авахдаа шууд гэрээгээр авчихдаг байжээ. Мөн хотын иргэд 2009 оноос хойш нэг ч шинэ автобус “унаагүй” байгаа юм. Ногоон автобусаар эхэлсэн автобусны худалдан авалттай холбоотой хулгай ингээд өнгө өнгөөр нэмэгдээд явчихаж байх шиг байна. Бас 2009 оноос хотыг удирдсан дарга нар автобусны хэргээр шалгуулах нь тодорхой боллоо.

Түүнээс гадна, хоттой холбоотой олон хэргийг АТГ-ынхан шалгаад эхэлчихсэн. Газар олголт, дулаан цахилгааны эх үүсвэр, хот төлөвлөлт гээд эхэлнэ. Харамсмаар нь улсын хүн амын талаас дээш хувь амьдардаг хотын эдгээр гол асуудлын араас авлига, албан тушаалын хэргүүд илэрч байна. Хотын хөгжлийн “түгжрээ” нь энэ аж.

Тиймээс АТГ-аас дээр дурдсан асуудлаар Хотын дарга, бусад удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг дуудаж мэдүүлэг аваад эхэлжээ. Тухайлбал,  Хотын дарга асан М.Энхболд газар олголт, бусад асуудлаар АТГ-т дуудагдаж очоод мэдүүлэг өгчээ. Ийм байдлаар “хотын хэргүүд”-ийг мөрдөн шалгах ажиллагаа цааш үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)