Б.ДАМДИН
“...Удаан хүлээлгэсэн хүүхэд” гэдэг шиг АН удаж удаж албан ёсны даргатай болсон нь Лу.Гантөмөр юм. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард АН-ын даргаар сонгогдсон. Дээд шүүх хоёрдугаар сард албан ёсоор “...АН-ын дарга” гэж бүртгэсэн. Лу.Гантөмөр үүнээс хойш бүтэн 8-9 сарын хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа юм. Нэг үеэ бодвол нам нь бүтцийн байгууллага хийгээд албан тушаалаа ээлж дараалан сонгож, томилсоор л байна. Гэхдээ энэхүү сонгууль, томилгоо бүр нь АН-д шинэ эвдрэл учруулаад байх шиг байгаа юм. Яагаад гэхээр өнөөдөр Лу.Гантөмөрийн гурван талд УИХ-ын гишүүд, Х.Баттулга, С.Баярцогт нараар толгойлуулсан фракцууд шаардлага тавиад суучихсан.
Ядахад тэрбээр Улс төрийн зөвлөлөө С.Баярцогтод, орон нутгийн намын удирдлагуудын дийлэнхийг Х.Баттулга нарт алдчихсан. УИХ-ын гишүүд ч намын дарга болоход нь дэмжсэнийхээ хариуг авах гээд шахаад эхэлсэн. Ингэхээр мань эрийн хувьд “хөл, гар” муутай гэдэг нь илэрхий болчихоод байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тэрэлжид орон нутгийн намын дарга нарт тамгыг нь гардуулж өгөөд л маргаашаас нь “бослого” маягийн явдал эхэлж байна. Энэ нь Х.Баттулга талаас явж байх магадлал өндөртэй. “...С.Баярцогтыг огцруул, эсвэл өөрөө огцор” гээд байгаагаас тэгж харагдаж байгаа юм. Мөн удалгүй АН-ынхан “...Боловсролын зээлийн сан” гэж яриад эхэлж ч мэдэх аж. Тэгээд суулт, өлсгөлөн гээд явж өгөх талаар эх сурвалжууд мэдээлээд эхэлжээ.
Ер нь бол Лу.Гантөмөрийн хувьд маш хурдан хугацаанд генсекээр өөрийнхөө хүнийг тавьж, С.Баярцогтын албан тушаалыг өөрчлөх ч юм уу, ийм байдлаар нам доторх галаа унтрааж авах шаардлага үүсээд байна. Гэхдээ тэр эдгээрийг АН-ын дарга болсноосоо хойшх шиг аажуухан шийдэх боломжгүй. Цаг байхгүй. Өрнөж буй үйл явдлыг харахул түүнд ганц л сарын хугацаа үлджээ. Эс тэгвээс АН дахь улс төр “халуурна” гэсэн үг. “Халуурал” хамгийн түрүүнд түүнд л тусна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)