Н.Жаргалмаа

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан өчигдөр, өнөөдөр хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Мөн энэхүү хуралдааны хүрээнд “Монгол-Чехийн бизнес форум” МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна. Үүнд БНЧУ-ын барилгын зураг төсөл, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, өмгөөллийн фирм, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр зуучлал, тээвэр, логистик, зээлийн даатгал, зөвлөгөө үйлчилгээ, зэрэг салбарын 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож байна.

Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Чех улсын Үйлдвэр худалдааны яамны тэргүүн захирал Мариан Пиеха нар даргалан зохион байгуулав. Талууд хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлж, эдийн засгийн харилцааг идвэхжүүлэх олон асуудлуудыг хэлэлцсэн байна. Тухайлбал, худалдаа, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хоёр улсын агаарын тээврийг нэмэгдүүлж шууд нислэг үйлдэх боломжыг хангах зэрэг өргөн асуудлаар ярилцаж, хуралдааны дүн бүхий прокотолд харилцан гарын үсэг зурж баталгаажууллаа. Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, химийн болон нефтийн үйлдвэрлэлд чехийн дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэх, өвлийн спортын ордон байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохирцжээ. 

Эх сурвалж:www.zms.mn