Базарбямбын НЯМСҮРЭН

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манай улс ажиглагч гишүүний статустайгаар 18 дахь намраа угтаж байна. 2001 онд хоёр хөршөөс гадна голдуу “станы” орнууд Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистаны оролцоотойгоор байгуулагдаж байсан ШХАБ өдгөө  Энэтхэг, Иран, Пакистанаар бүл нэмж нийт есөн гишүүнтэй, ирэх жилээс ажиглагч Беларусс 10 дахь гишүүн орон болохоор батламжлагдаад буй. Бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, гишүүн орнуудын хам­тын ажиллагааг бэхжүүлэх “албан” үүрэг­тэй ШХАБ-д манай улс 2004 онд ажиг­лагч гишүүнээр элссэн бөгөөд хам­гийн удаан энэ статусаа хадгалж буй.

 

“Монгол Улс ШХАБ-д элсэхэд яарахгүй”

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан Киргизийн нийслэл Бишкек хотноо өнгөрсөн долоо хоногт болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Манайхаар бол “Их тэнгэр” гэж хэлж болохуйц байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Алаг арц” цогцолбор дахь гоёмсог ордныг ШХАБ-ын хуралдаанд зориулан засчээ. Гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн тэргүүн нар тусгайлан бэлтгэсэн индрээс өөр өөрсдийн улсын байр сууриа илэрхийлэв.

Байгуулагдсанаасаа хойш 10 гишүүн оронтой болсон тус хамтралын хувьд өнгөрсөн есдүгээр сард болсон Төрийн тэргүүн нарын хуралдааны үр дүнд Египет, Саудын Араб, Катар, Кувейт, Мальдив, АНЭУ зэрэг улсад яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичгийг байгуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, ШХАБ нь газар зүйн хувьд зөвхөн Төв Азийг хамарсан бус Ойрхи Дорнод, Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудыг хамарсан олон улсын байгууллага болж өргөжөөд буй. Энэ талаас нь харвал ШХАБ-ын хувьд ололттой тал байгаа ч нөгөө талаар эдийн засгийн агуулгаар хөгжөөгүй, хамтын ажиллагаа идэхжиж эхэлсэн төслүүд бараг байхгүй зэрэгт гишүүн орны удирдагчид шүүмжлэлтэй хандаж байлаа. Тиймээс цаашид улс төр геополитикийн ээдрээтэй байгаа энэ нөхцөлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бодлогоо олон улсад бүрэн таниулах, гишүүн орнуудын боломж нөөцийг сурталчлах зэрэг өргөн агуулгаар ажиллахыг ч сануулж ярьж байв.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 22 жилд яриа хэлцлийн шатнаас ахиулаагүй, хамтын ажиллагаа эдийн засаг, худалдааны чиглэлээр бодит ахиц гараагүй, интеграцчлалд оролцоогүй гэсэн шүүмжлэлийн өнгө аястай үгс ч багагүй дуулдаж байлаа.

ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам 3,3 тэрбумд хүрсэн буюу буюу дэлхийн хүн амын 42 хувийг бүрдүүлж байна. Тэр хэрээр нийт эдийн засаг нь 45 их наяд ам.долларт хүрснийг Киргизийн Ерөнхий сайд Акылбек Жапаров хэлсэн үгэндээ онцлов.

ШХАБ-ын асуудалд манайхан хэзээнээсээ эсрэг тэсрэг байр суурьтай байсаар ирсэн. Зарим хэсэг нь ШХАБ-ын гишүүн орон болох цаг нь болсон хэмээн “хүсэмжилж” тэр байтугай 2018 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга ШХАБ-ын хувьд шат ахиж, гишүүн орон болох боломжтой тухай мэдэгдэл хийсэн нь хэсэгтээ л талцуулж байсныг санаж байна. Тэгвэл нөгөө талд ШХАБ-д орох нь гадаад бодлогын хувьд яарах асуудал биш гэдгийг сануулах судлаачид, улс төрчид ч олон. Ерөөсөө ШХАБ гэдэг үгийг сонссон даруйд л манайх элсэх нь үү гэсэн асуулт дагуулдаг нь хэзээнийх л дээ.

Харин манай Улсын Ерөнхий сайд өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ ШХАБ чигт хандуулж буй гадааад бодлогын чиг баримжаагаа товчхон бөгөөд тодорхой сонордуулж чадлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс идэвхтэй ажиглагчийн байр сууриа хэвээр хадгалж, ШХАБ-д элсэх эсэхэд яараагүй гэдгээ үгэндээ онцолж байлаа. Мөн тэрбээр, “Алсын хараа 2050” хэтийн бодлогоо танилцуулж, олон тулгуурт, нээлттэй, гуравдагч хөршийн гадаад бодлогоо цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ ШХАБ-ын индэр дээрээс дуулгалаа.

 

Хөршүүдтэйгээ стратегийн асуудлуудаа хэлэлцэв

 

ШХАБ-ын гишүүн орны Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хөршийн болон Узбекистаны  Засгийн газрын тэргүүн нартай тусгайлан уулзсан юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустинтай Киргизийн нийслэлд уулзсан нь нэг талаар сайн хөршийн “хувь” яриа өрнүүлэх таатайхан завшаан болов.

Монгол хэлээр “Сайн байна уу” хэмээн тун цэвэрхэн мэндчилэн Ерөнхий сайдыг угтан авсан ОХУ-ын Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр ч олон жилийн түүхтэй сайн хөршийн харилцаагаа эрхэмлэдгээ онцлон дурдаж байлаа. 

Монгол Орос хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн агуулгаар баяжуулах сонирхолтой байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов. Өөрөөр хэлбэл, хоёр орны худалдааны тэнцлийг бодитоор хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тавив. Мэдээж үүн дээр цаг үеийн гол сэдэв болоод буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дурдаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын үйл ажиллагаатай уялдуулах боломжтой болохыг онцлон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ын хуралдаантай зэрэгцэн хойд хөршийн Засгийн газрын тэргүүнтэй биечлэн уулзаж, нүүр хагарсанаар ОХУ-тай харилцах харилцаанд илүү нээлттэй, хурдтай ажиллах томоохон үүд хаалга нээгдсэн гэж ойлгож болохоор үр дүнтэй уулзалт болов.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Чянтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөв дэх удаагаа уулзсан нь Бишкек хотноо тохиосон нь энэ. Хамгийн сүүлд буюу одоогоос дөрвөн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөршид айлчлах үеэрээ Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх зарчмын тохиролцоонд хүрч байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ажилласны дүнд тодорхой ахиц гарсныг хоёр Ерөнхий сайд ШХАБ-ын үеэр уулзахдаа ч онцлон тэмдэглэв. Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Хятадын бүх талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа Ли Чян Ерөнхий сайд хэлж байлаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудал амжилттай урагшилж байгааг тэмдэглээд, цаашид байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх”, “Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын тулгамдаад байгаа түгжрэлийг асуудлыг эрс бууруулахад чухал хувь нэмэр оруулах метро байгуулах тухайд анх удаа харилцан ярилцсан байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам идэвхтэй хөгжин бодит үр ашгаа ард түмэнд хүртээж байгааг тэмдэглэн, хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын үр дүнтэй яриа, хэлцэл цөөнгүй удаа болж, Хятад, Монголын хамтын ажиллагаанд Монгол Улс чухал ач холбогдол өгч байгаад талархаж буйгаа илэрхийлэн, Монголын талаас санал болгосон асуудлуудыг дэмжихээ илэрхийлж, хилийн боомтуудын холболтыг урагшлуулах, ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Ийнхүү  ШХАБ-ын хурлыг зорьсон Ерөнхий сайд хоёр хөрштэйгөө хийн хоолой, боомтын асуудал, эрчим хүч зэрэг стратегийн салбарын томоохон асуудлуудаа урагшлуулах талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн, томоохон уулзалтууд хийсэн нь энэ удаагийн  ШХАБ-аас олж авсан хамгийн том үр дүн байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)