Б.ГАРЬД
Дэлхийн аяллын хөтөч Lonely Planet-ийн мэргэжилтнүүд “Best in Travel-2024”-ийг зарлажээ. Түүндээ зочлоход тохиромжтой шилдэг 10 бүс нутаг, улс, хотуудыг нэрлэсэн байна.
Эндээс “...Аялахад, зочлоход хамгийн тохиромжтой улсууд”-ын нэгдүгээрт Монголыг нэрлэсэн байна. Энэ жагсаалтын эхний аравт Монгол, Энэтхэг, Гэгээн Люсиа, Мексик, Марокко, Чили, Бенин, Узбекистан, Пакистан, Хорватыг бичжээ.
Ингэхдээ Монголын талаар “...Энэ бол Төв Азийн байгаль, ан амьтдаар дүүрэн далайд гарцгүй улс юм. Уулархаг байрлалаараа дэлхийн хамгийн өндөр орны нэг. Нийслэл Улаанбаатар хот нь орчин үеийн амьдралыг Монголын уламжлалт соёлтой хослуулсан газар” гэж онцолсон байна. Хамгийн гол нь уг “үнэлгээ” ирэх 2024 оны аялал жуулчлалд онцгой нөлөө үзүүлэх нь тодорхой болж байна.
Ер нь бол “...Засгийн газрын аялал жуулчлалын бодлого, гадаад сурталчилгаа цөмөрчихөв үү, яав” гэмээр болж байна. Яагаад гэхээр өнгөрсөн зун Солонгосын жуулчид эрс нэмэгдэхэд л бидний ачаалал юу боллоо доо. Тэгвэл Lonely Planet-ийн “Best in Travel-2024”-ийг өнгөлснөөр ирэх жил түүнээс хамаагүй ихсэхээр болчихож байгаа юм. Ямартай ч дэлхийд гэж дөвийх үү, олон улсад гэж даруухан хэлэх үү, Монголын сурталчилгаа овоо явжээ. Энэ сайн. Гэхдээ бид түүнд бэлэн үү. Хариулт нь их хэцүү. Жуулчид ирэх нь сайхан ч хүлээж авах бидэнд хүндрэлтэй талууд олон бий. Байнга яригддаг "00" хийгээд үйлчилгээний соёлын талаар яриад яахав, бүгд мэднэ.
Харин аялал жуулчлал гэхээр л боддог, сэтгэдэг “тойрог”-оосоо гарч сэтгэх хэрэгтэй болж байна.
Үнэндээ монголчууд бид сүртэй сүртэй эртний түүх л ярьдаг. Түүнийгээ нотлоод харуулчих үзмэр, дурсгал цөөтэй. Байгалийн гайхамшгууд бий. Гэхдээ тэд нь “байгалиараа” л байдаг. Жуулчдад үзүүлж харуулах зориулалтаар хөгжүүлээгүй. Хяргас нуур, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо , Тэрхийн цагаан нуур, Дэлүүн болдог, Ёлын ам, Элсэн тасархай өөр юу байдаг юм, хөгжүүлээд ажиллавал Монголын тал нутгаар уртааш нь нэг, хөндлөн нэг давхихад овоо юм үзүүлнэ. Овоохон ч доллар авч үлдэнэ. Гэхдээ юу үзүүлж, ямар таашаал өгч жуулчдаас үнэ хөлс авах вэ гэдэг хамгийн чухал нь юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон “Улаанбаатарын үдэш” Олон улсын яруу найрагчдын чөлөөт уншлага, уулзалтад Израилын яруу найрагч, дэлхийн алдартай архитекторч Хайм Дотан ирж оролцлоо. Аялал ярьж байснаа яагаад энэ хүн рүү хазайчихав аа гэдэг учиртай. Тэрбээр Хятадын алдарт Жанжиажэ шилэн гүүрийн “зохиосон” архитекторч юм. Буйдхан, хүн хар бага явдаг байсан Гранд хавцлыг холбосон Жанжиажэ шилэн гүүр нь өдгөө дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт шилэн ёроолтой гүүрээр зарлагдсан. Тэнд очоод ч дугаарлаж байж үзэж сонирхдог. Захиалга авахдаа “...Та тэвчээртэй хүлээгээрэй” гэдэг анхааруулгатай гэхээр ямар сонирхолтой, эрэлттэй нь ойлгомжтой. Аялал сонирхдог хүн бүрийн мэддэг, очихыг хүсдэг газрын нэг болсон. Хамгийн гол нь Гранд хавцал дагаж ядруухан амьдардаг байсан нутгийнхан, тэнд шинээр очиж суусан хүмүүс өдгөө Хятадын хамгийн хангалуун амьдралтай хүмүүс болсон. Тэгэхээр бид адаглаад л Чулуутын хавцалдаа иймэрхүү гүүр хийж болно. Иймэрхүү гэж байгаа юм шүү.
Нэг үгээр хэлбэл, манай архитекторууд Улаанбаатарын хэдэн барилгаас гарч ажлаа хийх хэрэгтэй юм. Аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын компаниуд ч “толгойгоо ажиллуулах” шаардлагатай. Энэ нь өнгөрсөн зун солонгосчуудыг ирэхэд тодорхой л харагдсан. Бодохоор зүйлүүд үлдээсэн л дээ. Аяллын хөтчүүдийг хэн дуртай нь хийдэг бус “нэвтэрхий толь”-уудыг бэлдэх хэрэгтэй гэдэг нь мэдрэгдсэн. Ингэхдээ аймаг, сум, үзмэр бүр дээр байршуулж, очсон зочдод зөвхөн тэр хөтөч үйлчилдэг зохион байгуулалт хэрэгтэй нь харагдсан. Тэгэхгүй бол Улаанбаатараас аяллаа гадарладаг ч түүхээ мэдэхгүй нөхдүүд баахан жуулчин чирээд нэртэй зартай бүх газраар явдаг. Жуулчид нь сонирхолтой, хамгийн гол нь үнэн бодит мэдээлэл авдаг гэдэг нь маш эргэлзээтэй. Захаасаа ийм л асуудал бий. За тэгээд дэлхийгээр нэг “...2024 онд зочлох ёстой улсуудыг Монгол тэргүүллээ “гээд зарлагдчихлаа. Хэдүүлээ яана даа?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)