Б.ТУУЛ

Хавар намрын трэнд хувцасны сонголтод яалтчгүй гар урлалын бүтээл, тэр дундаа том нэхээстэй дулаахан сүлжмэл цамц, олон өнгө бүхий урт кардиган цамц, хос малгай ороолт, цүнх бээлий гээд үйлдвэрийн хувцаснаас дутахгүй бүх төрлийн нэхсэн хувцаснууд моданд ороод байгааг хэлүүлэх юун. Мөн гадаад дотоодын томоохон загварын шоун дээр ч нэхмэл хувцас үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг, эрэлттэй загваруудын нэгд тооцогдсоор байгаа билээ. Иймд энэ удаа бид “Hand made” буландаа хоббигоо хөгжүүлэн нэхмэл хувцас урлаж буй Г.Болормаа бүсгүйг онцолж байна.

Тэрээр 2019 оноос өөрийнхөө хүсэл сонирхол, хоббиг хөгжүүлэхээр нэхмэл хувцас урлаж эхэлсэн байна. Өмнө нь тэрээр гэр бүлийнхээ хүрээнд нэхмэл хувцас урлаж, нөхөр хүүхдүүддээ цамц, малгай ороолт зэргийг урладаг байсан бол одоо түүний ойрын хүрээнийхэн, ах дүүс, найз нөхдөөс нь  хүйтэн сэрүүний улиралд өмсөх урт кардиган цамц, малгай ороолт, гэр бүлээрээ ижилсэн хос малгайтай цамц зэрэг захиалгын хүсэлт их ирдэг болжээ. Тэр хэрээр ч түүний нэхмэл хувцасны загвар, өнгө донж, нэхээс олон төрөл болж, утас нь улам бүр торгомсог, ганган чамин болжээ.

Мөн түүний охидоос нэхмэл урлалд ханцуй шамлан орж, гэр бүлээс нь бас дахин нэг бяцхан  урлангийн эзэн төрж байгааг тэрээр онцолсон юм. Түүний охин одоо дунд ангид суралцдаг ч аль хэдийн ээжтэйгээ эн зэрэгцэх өөрийн бүтээлтэй болоод амжжээ. Тухайлбал, үе тэнгийн охид, өсвөр насныхандаа зориулан утасны гэр, бяцхан гоёлын цүнх, өөрөөний чимэглэл зэрэг өөрийнхөө сонирхсон бүтээлийг урладаг гэж байв.  Ингээд түүний бүтээлүүдээс сонирхуулъя.  

Эх сурвалж: www.zms.mn