Баатарын НЯМСҮРЭН

Аз жаргал, баяр хөөр цалгиулж нэгэн насны хуримыг ёслол төгөлдөр хийдэг газар бол Гэрлэх ёслолын ордон. Товлосон өдөр хосуудын баярыг хуваалцах нь үгээр хэлэмгүй жаргалтай. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Гэрлэх ёслолын ордны ёслолын менежер, ёслол удирдагч Б.Амгаланг урилаа.

 

15 мянган хосын ёслол удирдагчаар ажиллажээ

Б.Амгалан 18 жилийн өмнө Гэрлэх ёслолын ордонд ажиллаж эхэлсэн байна. 16 жилд нь ёслолын удирдагчаар ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд гэрлэх ёслолын ордонд 47 мянган хос гал голомтоо бадраажээ. Үүнээс 15 мянган хосын ёслолын удирдагчаар нь ажилласан байна. Гэхдээ тэрбээр өмнө нь Гэрлэх ёслолын ордонтой хамтран ажиллаж байсан гэдэг. Тухайн үедээ тус байгууллагад орж ажиллахыг битүүхэндээ мөрөөддөг байж. Түүний энэ хүслийг тус байгууллагад ажилладаг байсан н.Отгонгэрэл эгч нь биелүүлж өгсөн юм билээ. Түүнд хандаж “Манай байгууллага ажилтан авна. Чиний ажиллах сонирхолтой байгааг  даргадаа хэлье” гэжээ. Байгууллагын удирдлагадаа “тоогдоно” гэдэг бахархам. Захирал нь түүнд гэр бүл сургалтын төвд аргазүйчээр ажиллах санал тавьсан байна. Багш мэргэжилтэй түүнд энэ ажил таалагджээ. Гэрлэх ёслолын ордны ажилтнууд ямар ч ажлыг хөрвөж хийхийг зааж, сургадаг онцлогтой аж.

 

Гэрлэх ёслолын удирдагч болсон түүх

Гэрлэх ёслолын ордонд ажиллаад хэсэг хугацаа өнгөрсний дараа удирдлага нь түүнд ёслолын удирдагч хэмээх хариуцлагатай ажлыг гүйцэтгэх шалгаруулалтад орох санал тавьжээ.  Б.Амгалан даргынхаа  саналыг хүлээн зөвшөөрөхдөө ихэд ач холбогдол өгч, урьдаас бэлдэж шалгуулсан байна. Дарга нь сайшааж “Удахгүй хурим удирдаарай” гэж хэлсэн гэдэг. Анхны үйлс бүхэн сэтгэлд тод дурсамж үлдээдэг. “Анхны бүхэн нандин. Тухайн үед их сандарч байсан. Би чадах болов уу гээд өөртөө эргэлзсэн. Мөн алдаж болохгүй гэж дотроо бодож билээ” хэмээн дурсамжаасаа хуваалцсан юм. Захирал нь түүнийг хажуугаас нь харахаар сандарна гэж бодоод хаалганы гаднаас сонссон гэдэг. Ингэж л анхны хуримаа амжилттай удирдаж чаджээ. Дарга нь түүнд сайн байсныг нь сайшааж, цаашид анхаарах зүйлийг нь зөвлөсөн байна. Үүнээс суралцаж хичээсээр өнөөдрийн туршлагатай удирдагч төрсөн нь энэ. Энэ талаар “Би энэ сайхан энергитэй газар ажиллаж байгаадаа ихэд баярладаг. Би азтай, хувь ерөөлтэй юм билээ. Хайр шингэсэн өргөөндөө бусдын жаргалтай мөчийг хуваалцах сайхан шүү” гэв.

 

Ажилдаа чин сэтгэлээсээ хандсаар 18 дахь жилтэйгээ золгожээ

Хосууд шатаар алхах үед хаалга онгойж, тэднийг угтахад залуу хосуудын харцнаас ирээдүйд сайхан амьдралыг бүтээх их хүсэл харагддаг аж. Б.Амгалан энэ мэдрэмжээс хосуудын цаашдын амьдрал аз жаргалаар бялхаж, гэрэл гэгээтэй байхыг сүсэглэн боддог тухайгаа бидэнд ярив. Энэ үед тэрбээр гэр бүлийн хуулийн дагуу асуулт тавьдаг. Харин хосууд ирсэн зочдынхоо өмнө “Бид сайн дурын үндсэн дээр гэр бүл болж байна” хэмээн итгэл дүүрэн хэлдэг гэнэ лээ. Тэрбээр үүнээс урам авч ажилдаа шамддаг аж. Түүнд ажил нь хэцүү санагдаж шантарч байсан удаа ховор. Хэдий ачаалалтай байсан ч эрч хүчтэйгээр ажлаа хийнэ. Орон нутагт хуримаа хийж буй хосууд гэрлэх ёслолын ордонд ёслолоо үйлдэж хурим болох газар руугаа хүлгийн жолоо залдаг. Энэ үед хосуудаа хүндлээд шөнө ч байсан хамаагүй дурсамжийг нь мөнхөлдөг гэж байлаа. Амралтын өдөр гэлтгүй хосуудаа хүндэлж товлосон өдөр нь ёслолыг нь хийдэг. Ингэж л ажилдаа чин сэтгэлээсээ  хандсаар иржээ. Түүний ажил зун, намрын сард ундарна. Ачаалал ихтэй үед байгууллагын ажилтнууд нь “ачаанаас нь үүрэлцдэг” байгаа. Хуримын үйл ажиллагаа 30-40 минут үргэлжилнэ. Үүн дээр зураг авахуулах хугацаа нэмэгдэнэ. Гэрлэх ёслолын ордон нь амьдралаа шинээр эхэлж буй хосуудын хуримыг тэмдэглэхээс гадна Алтан хурим, Очир эрдэнийн хурим  зохион байгуулдаг байна. Нийтлэлийн баатар Б.Амгалан олон жил ханилсан хүмүүсийн баярт мөчийг хуваалцах дуртай гэдгээ онцолж байлаа. Энэ  ёслолыг удирдахдаа хүний хайр мөнх гэдгийг мэдэрдэг тухайгаа инээмсэглэн ярив. Тиймээс энэ амьдралын давтагдашгүй баярыг үр хүүхдүүд нь аав ээждээ зориулж зохион байгуулдаг аж. Энэ л баярт ёслолыг хажуугаас нь харж буй залуус он удаан жил амьдрах хүсэл эрмэлзэл тээдэг  байна.

 

Эзэмшсэн мэргэжлээ ажилтайгаа хослуулдаг

Б.Амгалан нийслэлд төрж өссөн. Аав нь Завхан, ээж нь Өвөрхангай аймгийн гаралтай. Улаанбаатарт төрж өссөн унаган хотын охин тэрбээр нөхөр хүүгийн хамт амьдардаг. 1995 онд нөхөртэйгөө танилцаж гэр бүл болжээ. Харин 1997  онд удам залгах хүүгээ өлгийдөн авсан. Түүний ажлыг гэр бүл нь их ойлгож дэмжинэ. Энэ тухайгаа “Дулааны улиралд гэр бүлээрээ болон ах дүүсээрээ явахад би үлдэнэ. Ид ажлын үе болохоор тэр л дээ. Шөнө ёслолтой үед хань минь хүүд хандаж ээжийгээ эрт амраана шүү” гэдэг юм. Гэр бүлийнхэн минь гадуур хуримын чимэглэлтэй машин явж байхыг хараад “завгүй байгаа юм байна” гэж боддог гэсэн. Ингэж л ажил мэргэжлийг минь ойлгож хүндэлдэг гэр бүлтэй хүн шүү дээ би” хэмээн талархсан харцаар хайр гэрэлтүүлэн инээмсэглэн бидэнд хуучлав. Ажлын ачаалал багатай үедээ ээлжийн амралтаа авдаг ажээ. Тэрбээр 1994 онд Сувилагчийн дунд сургуулийг төгссөн. Харин 1999 онд Орхон их сургуульд англи хэлний багш, орчуулагч мэргэжлийг эзэмшсэн байна. Мэргэжлээрээ олон жил ажиллаагүй ч орхиогүй аж. Учир нь Монголд гадаад хосууд ирж хуримаа хийдэг. Энэ үед  англи, монгол хэлийг хослуулж хөтөлнө. Монгол Улсад гэрлэх ёслолын үйл ажиллагаагаа хийж байгаа учраас эх хэлээр хөтлөлт нь түлхүү явдаг байна.

 

Үргэлж суралцсаар яваа ёслол удирдагч

 

Хүн цаг үргэлж суралцдаг. “Би одоо залуусаас суралцаж байна. Залуу байхдаа олон жил ажилласан туршлагатай ажилчдаас суралцдаг байлаа. Одоо цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байгаа” гэсэн юм. Түүний ажилдаа баримталдаг зарчмыг асуухад “Хэлж буй үгээ баяраа тэмдэглэж буй хүмүүсийн сэтгэлд хүргэхийг хичээдэг. Хосуудын баярлаж буйг хараад өөрөө яг адилхан догдолдог” гэлээ. Хүний амьдралын хамгийн нандин мөчийн нэг бол хурим. Б.Амгаланд гэрлэж буй залуусыг хараад сэтгэл хөдлөлийг нь мэдэрч дагаж баясах үе цөөнгүй. “Дагаад нулимс гарах үе ч бий. Гэхдээ ажлаа хийж байгаа болохоор сэтгэл хөдлөлөө ил гаргахгүйг хичэээдэг. Ер нь эрчүүд их огшиж, нулимс унагаж байгаа харагддаг” гэсэн юм. Магадгүй тэдний сэтгэлд жаахан байсан аав ээжийн хүү эхнэртэй болж өрхийн тэргүүн, их хариуцлагыг үүрч, гэр бүлээ сайн авч явна гэж бодоод нулимс унагадаг биз ээ.

Гэрлэх ёслол нь удамдаа шинэ айл болж нэмэгдэж буйн илэрхийлэл. Бусдад хүлээн зөвшөөрөгдөж албан ёсоор гэр бүл болж буйг хуримаар зарладаг жаягтай. Монгол түмэн үеэс үед өвлөгдөж ирсэн “өвөрмөц” уламжлалын эзэд. Түүний нэг нь үндэсний хувцас билээ. Б.Амгалан ёслол удирдах өдрөө үсээ сайхан боож, үндэсний хувцсаараа “гангардаг”. Гадуур явах үед нь гэрлэх ёслолоо батлуулж байсан хосууд таараад түүнийг ихэд хүндэлж, мэндэлдэг байгаа. Тэд өнөр айл болсноо дуулгаж, хуримаа эргэн дурсдаг гэнэ. Мөн өмнө нь хуримаа хийгээд дүү, ах нарынхаа хуримаар дахин уулзалдах ч тохиолдол бий. Хуримаа хийж буй хосууд хаана зогсох, ямар зүйлс үйлдэх талаар зөвлөгөө авна. Ингээд уламжлалт зан үйлийн хуримын үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэлдэг. Тэгээд төрийн ёслолын танхимдаа бөгжөө солилцож, батламжаа гардана. Дараа нь ёслолын танхимд орж бэр галаа бадрааж ардын урлагийн хөгжим эгшиглэж, ерөөл магтаал үргэлжилдэг ажээ.

 

Хайр агуу болохыг мэдэрсэн ёслол

Гэрлэх ёслолын ордон 1974 онд анх шаваа тавиад хоёр жилийн дараа үүдээ нээжээ. Энэ ордныг ОХУ-аас Монголд бэлэг болгон барьж өгсөн бөгөөд 47 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үедээ эгшиглэх хөгжим, хосын зүүх гоёлыг цаанаас нь зааж өгсөн чиглэлтэй. Алдах эрхгүй ажилладаг хөдөлмөр түүнийх. Заримдаа цахилгаан тасрах үе тохиоход хэлэх үгээ чангаар хүмүүст хүргэж байсан удаа ч түүнд бий. Гэрлэх ёслолын ордонд удирдсан хурим бүртээ хайртай гэнэ. Түүний сэтгэлд тодоор үлдсэн хурим гэвэл нөхөр нь тэргэнцэртэй хос хуримаа хийжээ. Энэ үед эхнэрээр нь ихэд бахархсан гэдэг.  Мөн эхнэр нөхөр хоёул тэрэг, таягтай хос гэрлэж байсан аж. Энэ үед цахилгаан шатаар дээшээ өгсөхийг зөвлөсөн байна. Гэтэл шатаар алхаж гарна гэж таягаа тулаад гарсан гэдэг. Эдгээр түүхүүд сэтгэлд нь дурсамж болон үлджээ. Эндээс хайр гэж ямар агуу болохыг мэдэрсэн тухайгаа Б.Амгалан ярьсан юм. Сүүлд намрын дунд сарын шинийн 10-ны билигт сайн өдөр  Ардын жүжигчин, Төрийн соёрхолт П.Цэрэндавга, Д.Мэндбаяр нар 50 жил ханилж Алтан хуримаа тэмдэглэсэн байна. Энэ баярт үйл явдал түүнд сайхан санагдсан гэдгийг хуваалцав.

Бүх зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. Хуримын ёслолын үед явах аяыг үргэлж нэг янзаар байлгадаггүй. Тухайн цаг үеийн дууг нь эгшиглүүлдэг байна. Хойч үеийнхээ залууст өөрийн мэддэг, чаддаг бүхнээ заана гэдгээ тэрбээр хуучлав. Мөн орон нутагт буй гэрлэх ёслолын ордны удирдагчид Б.Амгалангаас заавар зөвлөгөө авах нь бий. Тэрбээр мэддэг бүхнээ харамгүй хэлж, зааж зөвлөдөг гэнэ. Хэдэн сарын өмнө Сонгинохайрхан дүүрэг Гэрлэх ёслолын ордонтой болж анхны хосын хурим болоход уригдан очиж баталж, байгууллагаараа үйл ажиллагааг нь зохион байгуулжээ.  Аймаг, дүүргийн  гэрлэх ёслолын ордныг дэмжиж ажиллахыг хичээдэг гэдгээ ч хэлсэн юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)