П.АМГАЛАН
Монгол Улсад орчин цагийн эм зүйн салбар үүссэний түүхэн 100 жилийн ой энэ сарын 27-нд тохиолоо. Үнэ цэн, ач холбогдол бүхий томоохон салбар үндэс сууриа тавьсан түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болов. Тус арга хэмжээнд салбарын үе үеийн төлөөлөл, нийслэл, орон нутагт ажиллаж буй эм зүйн салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.
Тус түүхэн цаг хугацааны хуудсыг сөхвөл, 1921 оны наймдугаар сарын 15-нд Жанжин Сүхбаатарын санаачилгаар эмнэлгийн хороо байгуулахаар болсон байдаг. Ингэснээр 1923 оны аравдугаар сарын 25-нд цэргийн эмнэлэг нээхэд иргэдэд үйлчлэх эмийн сан байгуулснаар Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн байгууллагын суурь тавигдсан аж. Одоогийн байдлаар Монгол Улсад 495 эм ханган нийлүүлэх байгууллага, 2595 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж буй.
Эм эмнэлгийн хэрэгсэл, шинэчлэх найруулах төслийг УИХ-ын чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ
Эм зүйн салбарын түүхэн 100 жилийн арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эм бол хүний эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлөх стратегийн онцгой бүтээгдэхүүн. Бусад салбартай харьцуулахад нарийн зохицуулалт шаардлагатай салбар.
Тиймээс төрөөс эмийн талаар баримтлах бодлого, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй нэг хэсэг болгон хууль эрхзүйн орчныг баталж хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж эрс сайжирсан хэдий ч зэрэгшилтийг өндөр идэвхтэй аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх асуудал тулгамдсан хэвээр байна. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор эм эмнэлгийн хэрэгсэл, шинэчлэх найруулах төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
“Эм зүйч мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг”
Танхимд эм зүйн салбарт зүрх сэтгэлээ зориулж, иргэдийн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа олон чадварлаг үе үеийн боловсон хүчин хүрэлцэн ирсэн байлаа. Энэ салбарын 41 жилийн түүхийг бичилцэж яваа нэгэн бол “Ази-Фарм” компанийн Чанарын албаны дарга С.Аюурбуниа. Тэрбээр “Би эм хангамжийн салбарт 41 дэх жилдээ ажиллаж байна. 1982 онд ОХУ-ын мэргэжлээрээ төгссөн. Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг бол яах аргагүй эм зүйн салбар. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжээд ажиллаж байна. Энэ бол манай салбарын түүхэн 100 жилийн ололт, дэвшилт бүхий ажлын нэг гэж хэлж болно. Хүний эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. Тиймээс бидний ажил хамгийн чухал бөгөөд хариуцлагатай байхыг шаарддагаараа онцлог. Би эм зүйч мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг. Эм хангамжийн салбар хувьчлагдахаас өмнө буюу 1990 оноос өмнө эмийн эргэлтийн сан байгуулсан аймгуудын ихэнх сумдаар явж ажиллаж байсан. “Ази-Фарм” компанид зургаа дахь жилдээ ажиллаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Фото: Эм зүйн салбар үүссэний 100 жил
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)