Б.ЖАВХЛАН
“Эрдэнэс тавантолгой" ХК Хөрөнгийн биржээр дамжуулан "Эрдэнэс тавантолгойн бонд"-ыг нээлттэй арилжсан. Энэ бондын дөрөвдүгээр транчийн нэг бүр нь 100 мянган төгрөгийн 766 мянга182 ширхэг бондыг эргэн дуудах буюу худалдан авах шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргажээ. Тус бондын арилжааг зогсоох зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн энэ сарын 25-ны өдрийн 150 тоот албан шаардлагын дагуу "Эрдэнэс тавантолгой Бонд"-ын дөрөвдүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг түр зогсоолоо хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээлсэн билээ.
“ЭТТ” ХК-д онцгой дэглэм тогтоосон жилийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин, орлогыг 3.5 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.
Иймд энэ орлогоор өндөр хүүтэй бондыг худалдан авч, хүүгийн зардлаа бууруулж байна. Мөн тус компани УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, нүүрсээ үнэ өсгөн зардаг байдлыг хэвшүүлжээ. Онцгой дэглэмийн хугацаанд 50 гаруй удаагийн биржийн арилжаагаар 7.2 сая тонн нүүрс борлуулж 396 сая ам.долларын орлого олжээ.
Эх сурвалж:www.zms.mn