Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа “Монголын сайхан бүсгүй-2023” тэмцээний Сувд эрдэнийн өргөмжлөл, титмийн эзэн Р.Хуланг онцоллоо. Тэрбээр олон улсын харилцааны мэргэжилтэй.

 

-Та “Монголын сайхан бүсгүй-2023” тэмцээнд анх удаа өрсөлдсөн. Шагнал гардсан мөчөө эргээд дурсахгүй юу?

-“Монголын сайхан бүсгүй-2023” тэмцээнд оролцож Сувд эрдэнэ өргөмжлөл, титмийн эзэн болсондоо  баяртай байна. Шагнал авах мөчид тайзан дээр зогсож байхдаа гэр бүл минь хамгийн түрүүнд бодогдсон. Аавынхаа нэрийг дуурсгаж шагнал хүртэх сайхан санагдсан. Шагналаа аваад аав ээж рүүгээ харахад намайг хайрласан харцаар ширтэж байсан. Сайхан гэр бүлд хүмүүн заяаг олж мэндлээд, тэмцээнд оролцсон нь үгээр илэрхийлэмгүй нандин мэдрэмж юм билээ. Дуудах нэрийг аав ээж өгдөг, дуурсах алдрыг хүн өөрөө олно. Тиймээс цаашид өөрийгөө шинэ зүйлд сорьж хөгжүүлэхийг  хичээнэ. 

-Тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан нь лавтай?

-Ихийг сурч мэдсэн, өөрийгөө сорьсон тэмцээн боллоо. Тэмцээний хагас шигшээд 13 бүсгүй өрсөлдсөн. Ер нь бүжигчин охидууд байсан. Би ч мөн ялгаагүй багаасаа бүжиглэсэн. Хэрхэн биеэ авч явах, үнэ цэнтэй эмэгтэй байх гээд олон зүйлийг ойлгож авсан. Тиймдээ ч эмэгтэй хүнд байх ёстой дотоод, гадаад гоо үзэсгэлэнг мэдэж авсан.

-Эргээд бодоход хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Оролцогч охид нэгнийгээ өрсөлдөгч гэж хараагүй. Өөрийгөө ялан дийлж, тэмцээнээ  амжилттай өндөрлүүлэхийг илүүд үзсэн. Оролцогчид бүгд жигд сайн байсан. Тэргүүн байр эзэлсэн бүжигчин Б.Болор үлгэр дууриал авч, суралцмаар охин бий.

-Тэгвэл тус тэмцээнд өөрийгөө сорихыг хүссэн байх. Зорилгоо биелүүлж чадсан уу?

-Би тэмцээний талаар мэдээлэлгүй байлаа. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын н.Алтанцэцэг багш яриад “Монголын сайхан бүсгүй тэмцээнд аймгаа төлөөлөөд оролцох боломжтой юу” гэж асуусан. Өөрийгөө сориод үзье гэж бодсон минь энэ. Миний зорилго түрүүлэх, шагнал авах байгаагүй. Амжилт гаргахад аав ээж, хамаатнууд минь их дэмжиж тусалсан. Энэ эрхэм хүмүүсийнхээ ачаар шагнал хүртлээ.

-“Монголын сайхан бүсгүй-2023” тэмцээн ямар шалгуурууд тавьсан бэ?

-Биеийнхээ аль нэг хэсэгт шивээс, сорвигүй байх. Мөн 165-аас дээш өндөртөй, Англи хэлтэй байх шалгуур тавьж байлаа. Гадаад хэлний мэдлэг, авьяас, биеэ авч яваа байдал, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар, гадаад төрх, гэр бүлийн байдлыг харсан. Бид тэмцээний явцад хүмүүнлэгийн ажил хийсэн, шторк бэлдсэн. “Авьяаслаг мисс, “Оюунлаг мисс” “Хүмүүнлэг мисс”-ийг тодруулсан. Үүний шалгуур нь эссэ бичих, хүмүүнлэгийн ажил хийх гээд дөрвөн үе шаттайгаар явагдсан. Даалгавруудаа сайн гүйцэтгэхийг хичээсэн. Би тэмцээнд оролцохдоо өөртөө их итгэлтэй байж, зоригжуулсан.

-Хүн өөрийгөө шинэ зүйлд сориход бэрхшээлтэй тулгардаг. Өөрчлөлт амаргүй байсан болов уу?

-Би тэмцээнд оролцохын тулд фитнессийн Хүрэлбаатар багшид шавь орохоор очсон. Тэгэхэд “Тэмцээнд орох хугацаа ойрхон юм байна. Өөрөө сайн хичээгээрэй” гэж хэлсэн. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийж, хоолны дэглэм барих амаргүй байсан. Гэхдээ бэлтгэлээсээ кайф авдаг. Эргээд бодоход шантрах зүйл байгаагүй. Ядарсан хүнд үетэй тулсан. Энэ үед ээж минь их урам өгч, зоригжуулсан учраас давж гарсан. Сайхан тэмцээнд оролцож түүх бүтээсэндээ сэтгэл хангалуун байгаа. Мөн өөрийгөө ялан дийлсэндээ баяртай байна. Би өмнө нь ямар нэгэн загварын агентлагт явж байгаагүй. Дунд сургуулийн сурагч байхдаа “Сурагч мисс” тэмцээнд оролцоод “Фото модель” шагнал хүртэж байсан. Магадгүй эмэгтэй хүн бүрийн дотор миссийн тэмцээнд оролцох нууцхан хүсэл байдаг байх. Энэ сайхан мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна.

-Фитнессээр хичээллэхэд үр дүн удаан хугацаанд гардаг гэдэг?

-Зуны амралттай холбоотойгоор бага зэрэг жин нэмсэн. Тиймээс жингээ хасаж, биеэ чангалахын тулд фитнессийг сонгож хичээллэсэн. Нойр, хоол, дасгал хөдөлгөөнөө  багшийн зөвлөснөөр гүйцэтгэж байсан болохоор богино хугацаанд сайн үр дүн гарсан. Би 21 хоногийн хугацаанд дөрвөн килограмм, бэлхүүсний тойргоосоо долоон см хасаж чадсан.

-Эмэгтэй хүний тухай олон үнэлэмж бий. Таны бодлоор сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх бол?

-Эмэгтэй хүн олон нийтийн газар биеэ зөв авч явж, харилцааны соёлтой байх хэрэгтэй. Мөн бусдыг сонсдог байх нь зөв. Тиймээс цаг тутам суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байх. Өөрийн түүхээ гэгээлгээр бүтээх нь чухал. Хатан ухаантай, сайн ээж болох ёстой гэдгийг багш нарын сургалтаас мэдэж авсан. Мөн олон ажлыг зэрэг амжуулах, ирээдүйд санхүүгийн эрх чөлөөтэй болох гэх зэргээр тоочвол дэндүү их. Эмэгтэй хүн үнэхээр агуу юм билээ. Сайн хань, сайн ээж ямар байхыг их ойлгож авлаа. Эдгээрээ цаашид амьдралдаа хэрэгжүүлээд явна.

-Хэн нэгнээс суралцах амжилтад эерэг нөлөөтэй. Үлгэр дууриал авдаг олны танил бий юу?

-Тэмцээний үеэр жүжигчин Г.Отгонцэцэг эгч сургалт орсон. Түүний байгаа байдлыг нь харахад сайхан инээмсэглэлтэй, биеэ зөв авч явдаг, олон ажил зэрэг амжуулдаг эмэгтэй. Түүнээс сурах зүйл их байлаа. Бидэнд анх Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцож байх үедээ дуулж байсан дуугаа дуулж өгсөн. Хоолойг нь сонсоод бахархах мэдрэмж төрсөн. Хүчтэй дайчин эмэгтэй юм билээ. Энэ бүхнийг ажиглаж суралцсан.

-Үеийн залуусаа хэрхэн дүгнэж байна. Давуу болон сул тал нь юу бол?

-Би завгүй байх дуртай. Завтай үед хүмүүс цагаа үр ашиггүй зүйлд зарцуулж буй нь ажиглагддаг. Манай Z үеийнхэн биеэ даасан байдаг. Оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд мөнгө олоод байгаа нь сайшаалтай. Гэхдээ олсон мөнгөө зөв зүйлд зарцуулахгүй байгаа нь ажиглагддаг. Тиймээс санхүүгийн мэдлэгтэй байж, хуримтлал үүсгээрэй гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 213 (7198)