Д.ОТГОНБАЯР

 

БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тянжинь, Чүнчин гэсэн дөрвөн том хотыг хараат бус, тусгай захиргаат гэж тодотгодог. Монголын хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлчдийн цомхон баг өнгөрсөн долоо хоногт өмнөд хөршийн бие даасан статус бүхий дөрвөн хотын гурваар нь орж, тэгэхдээ Шанхай, Тянжинь хотын аялал жуулчлалын гудамжуудаар алхаж, их хоттой богино хугацаанд танилцах city tour-т нэгдэв. Томоохон хотуудаар аялах хүмүүсийн сонирхлыг дагаж гарч ирсэн аялал жуулчлалын харьцангуй шинэ чиглэл болох city tour-ын талаарх тодорхойлолтыг  1997 онд Хартмут Лезер газарзүйн ерөнхий толь бичигт оруулж ирсэн байдаг аж.  Хотын аялал жуулчлалын нэг салшгүй хэсэг нь хотын түүх, архитектурын дурсгалтай холбогддог.

 

Шанхай хотын европ гудамж

 

Вуканг харшийг үзэж, европ хэв маяг
бүхий гудамжаар алхах нь
Шанхайтай танилцуулах  
аяллын нэг хэсэг болдог.

Хэдэн арван хүн ганцхан барилга руу харж, зургийг нь авч, бас зургаа авахуулна. Хүмүүсийн нүдийг хужирлаж, зургийн фон болж байгаа харш нь найман давхар, хальт харвал хөлөг онгоц гэмээр, өрнө дахины архитектурын хэв маягийг хадгалсан шаргал суурь бүхий ухаа өнгийн барилга байх аж.  Нэрийг нь Вуканг харш /Wukang Mansion/ гэнэ.  Вуканг харшийг үзэж, Вукангийн гудамж замаар алхах нь БНХАУ-ын Шанхай хотын аялал жуулчлалын хөтөч бүрийн санал болгодог, хамгийн түгээмэл хүртээмжтэй аялал жуулчлалын “бүтээгдэхүүн”.

Вуканг харш Шанхай хотноо 20 дугаар зууны эхэн үед сүндэрлэсэн. Тодруулбал, бүрэн баригдаж дууссанаас нь тооцвол ирэх жил 100 нас хүрэх барилга. Шанхай хотын аяллын компанийн хөтөч Лайлагийн тайлбарласнаар бол,  уг барилга нь өрнө дахины тэр дундаа Францын сэргэн мандалтын үеийн архитектурын төлөөлөл болдог бөгөөд Унгарын нэрт архитектор Ласлогийн бүтээл аж.

Зуун жилийн өмнө эргээд очиж чадахгүй ч, зууны өмнө амьдарч байсан алдартай хүмүүсийн түүхийг өгүүлэх байшингуудын зарим нь өнөөдөр нээлттэй музей болсон бол зарим нь албан байгууллага, заримд нь бүр үе залгамжилсан эзэд нь амьдарч байдаг нь сонин. Гудамж дагуу байрлах байшингууд нь Чан Кайши-гийн эхнэр, түүнчлэн 1930-аад оны үеийн хятадын нэртэй хүмүүсийнх гэх мэтээр тус тусдаа түүх өгүүлнэ.

Нэлээд хэдэн жилийн өмнө энэ харшийн өмнө хоёр алдартай жүжигчин кино зураг авахуулсан нь цахим орчинд ихээхэн алдаршиж, улмаар Вуканг гудамж, Вуканг харшийг сонирхон ирэх зочдын тоог улам нэмэгдүүлжээ. Туг барьсан хөтөчийг дагаж яваа адилхан өнгийн малгай өмсөж жигдэрсэн гол төлөв ахимаг насныхан бүхий бүлэг бүлэг жуулчид, гар утсаараа завсар чөлөөгүй зураг авч, бичлэг хийх жуулчдын  үл тасрах урсгал нэг км гаруй үргэлжлэх Вукангийн гудамжинд city tour-т нэгдэгчдийн ерөнхий дүр зургийг илэрхийлнэ.

Үүн дээр нэмээд зуун жилийн өмнөх өрнийн архитектурын дурсгалт гудамж нь Тикток-руудын болон  түүнчлэн street photo сонирхогчдын хувьд Вуканг гудамж бол төгс тохирсон талбар гэж хэлж болмоор. Учир нь энэ гудамжаар явахад бараг л алхам тутам ямар нэгэн зураг авалттай таарна. Зураг авалтуудыг ихэнхдээ   хүчирхэг гэрэл зургийн аппарат хэрэгслээр өвч “зэвсэглэсэн”  баг гүйцэтгэж буйг анзаарахгүй өнгөрөх аргагүй.

Хуримаа хийж буй хосууд, үндэсний хувцасны сурталчилгааны зураг авахуулж байгаа намбалаг хатагтай нар, орчин үеийн хувцасны шинэ загварын трэндийг харуулсан дэгжин охид бүсгүйчүүд, зайрмаг, амттаны сурталчилгаа хийж байгаа бололтой хөгжилтэй охидын элдэв хөдөлгөөн бүхий зураг авалтууд энд тэндгүй.

Түүнчлэн энэ гудамж нь Итали, Франц гэх мэт европын орнуудын хоолны газруудтайгаараа бас жуулчдын сонирхлыг татдаг гэнэ.

 

“Юү” цэцэрлэгт хүрээлэн

 

Тэнгэр баганадсан өндөр барилгуудаараа, 26 сая хүн амын тоогоороо, дэлхийн эдийн засаг бизнесийн төв цэг болж байгаа гэдгээрээ Шанхай хотын амьдралын хэмнэлийн хурд нь товчхондоо бол өлмий дээрээ гүйхээс өөр аргагүй яармаар сэтгэгдэл төрүүлнэ. Их хотын энэ  яаруу хэмнэлийг мартаж болох газар бол тус хотын аяллын хөтөлбөрт багтдаг “Юү” цэцэрлэгт хүрээлэн.  Үүх түүх яривал 400 гаруй жилийн өмнөх үед хамаарна. Шанхай хотноо бидэнд аяллын хөтөч орчуулагчаар ажилласан, тус хотод ажиллаж амьдардаг цөөхөн өвөрмонголчуудын нэг болох Цацралтын тайлбарласнаар “Юү” цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг бичдэг  ханз нь аз жаргалын цэцэрлэг гэдэг утгыг илэрхийлдэг байна. Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн нэрэндээ таарсан тайван амгалан. Ийш тасалбар аваад орсон хүн Мин гүрний үеийн нэгэн чинээлэг түшмэлийн хувийн өмч байсан энэ харш, цэцэрлэгээс хятадын сонгодог архитектур, арслангийн голдуу баримлууд, өвөрмөц сийлбэрүүдийг үзэж, усан сан, гүүр, нуман хаалга  гээд хаана ч хүссэнээрээ зургаа татуулах боломжтой.  Эсвэл зүгээр л нэг газар нь тухлан суугаад амар амгаланг мэдэрч, тархиа амрааж болмоор.  Мод, ургамал, цэцэгсийн тухайд товчхондоо бол “цэцэрлэгийн архитектур”-ын уран сайхны хэв маяг нь онцгой.  Жижигхэн хиймэл цөөрмийн ус руу унаж байгаа навчсыг шүүрдэж авч байгааг эхлээд загасчлаад байгаа юм уу гэж андуурах жишээтэй. Цэцэрлэгт хүрээлэнгээс гарангуут хөл хөдөлгөөн ихтэй зах угтаж авна.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам өсөх үнэ цэн

Хятадын уламжлалт архитектурын дурсгал болох "Юү" цэцэрлэгт хүрээлэн дэх өвөрмөц сийлбэр.

Түүх, дурсамж өгүүлэх хуучин барилгуудын үнэ цэн цаг хугацаа өнгөрөх тусам өсдөгийг Шанхай хоттой танилцах city tour-ийн хөтөлбөрөөс харж болно. Колончлолын үеийн Шанхайн бэлгэдэл болсон янз бүрийн архитектурын хэв маягийн олон арван барилга байгууламжтай Бунд, тансаг зэрэглэлийн брэндээс эхлээд үндэсний өв уламжлалыг хадгалсан дэлгүүрүүд болон уламжлалт хоолны газруудаараа алдартай Нанжингийн зам хэмээх хөл хөдөлгөөн ихтэй гудамж, Хотын бурхны сүм зэргийг энд дурдаж болно.

Шанхай хотын европ гудамжнаа өдгөө  олны сонирхлыг татаж буй энэ Вуканг харш нь  унгар архитекторын бүтээл гэдэг тайлбарыг сонсоод манай улсын урлаг соёлын ууган ордон болох “Бөмбөгөр ногоон” театрын зураг төслийг  1920-иод онд мажар инженер Иосеф Гелета гаргасан гэдэг түүхэн баримт санаанд буув. Хэрвээ “Бөмбөгөр ногоон”  театр шатаагүй бол, бас түүнээс хойших түүхэн барилгуудаа шууд нураалгүй хадгалж чадвал алсдаа хотын түүх, барилга архитектур дурсгал гэдэг талаасаа хотын аяллын брэнд бүтээгдэхүүн болох боломж байна даа гэдэг бодол төрж явав. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын барилга байшингуудын түүх шинэхэн. Өрнө дахины хэв маягийн барилгууд эрчимтэй баригдаж эхэлсэн нь өнгөрсөн зууны 40-өөд онтой холбогддог. Гэтэл  сүүлийн хоёр долоо хоногт Монгол Улсын их сургуулийн 1940-өөд онд баригдсан дэлгэсэн ном хэлбэртэй барилгын нэгэн хавтсыг тасдах гээд хашаалчихсан байгаа тухай ярьж бичиж байгаа нь харамсалтай. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 213 (7198)