Р.ОЮУН

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа.

-Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас шинэ апп нэвтрүүлсэн. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?

-Google family линк апп шиг олон нийтийн сүлжээний олон флатформ өөрийн апп-уудтай. Google family линк дээр хүүхдүүдээ бүртгээд хүүхдүүд фэйсбүүкийн төдөн хувийг тэдэн цагт, Youtube-ийг дээд тал нь төдөн минут үзнэ шүү. Энэ апп-ийг ийм хугацаанд хэрэглэнэ шүү гэдгийг нь контент хязгаарлалтаар эцэг эхчүүд зохицуулчихдаг. Бид Google-д албан ёсны хүсэлт тавиад Google family линкийг монгол хэл дээр орчуулаад Монгол Улсад хоёр сарын дотор бүрэн нутагшуулж хийх асуудлыг шийдвэрлээд хамтран ажиллаж байна. Салбар бүр өөрсдийн чиглэлээр ажиллаж байна.

-Төрөөс хэрэгжүүлж байгаа энэ ажлыг эцэг эхчүүд, хүүхэдтэй шууд харилцаж байгаа хүмүүст ойлгуулах, шийдвэрийн биелэлтийг хангахад яаж ажиллах вэ?

-Ком бичиг, үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяныг зохион байгуулж  бодлогын зөвлөмжийн хүрээнд аймаг, орон нутагт ажилласны дагуу бэлэн байдлын үнэлгээ гаргаад И-Монгол академи, Үндэсний дата төв, Төрийн цахим үйлчилгээний газраас үндэсний хэмжээнд цахим ур чадварыг дээшлүүлэх аянг зохион байгуулах гэж байна. Еkids, E-Mongolia, Google family линкийг хэрхэн хэрэглэх мэдээллийг E-Mongolia-гийн 1.6 сая хэрэглэгч рүү байнга апп явуулж байгаа. Дээрээс нь сургалт, зөвлөмжүүдийг өгч, контентуудыг бэлтгэж байна. Үүнийг илүү цар хүрээтэй болгоход онцгой анхаарна. Ямар ч гэсэн дэвшил гарч байна. Google family-ийг нутагшуулах гэж байна гээд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс хийх ажлуудыг хийгээд явж байна. Мэдээж бусад яам ч гэсэн Засгийн газрын түвшинд ч гэсэн хүүхэд хамгаалал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

-Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд төсөв ямар байгаа вэ?

-Төсвийн хувьд хүүхэд хамгаалалттай холбогдуулаад хүмүүс янз бүрээр шүүмжлэл өрнүүлж байх шиг байна. Манай яамны зүгээс Өргөн нэвтрүүлгийн хуулийг дагалдуулаад сан байгуулахаар их хурал хуульчилсан байдаг. Гурван жил хүлээгдээгүй сан одоо байгуулагдах юм байна. Үүнд хоёр тэрбум төгрөг тавьсан. Энэ мөнгө төгрөгийг хүн ажилд авах, систем хөгжүүлэх, элдэв зүйлд зарцуулахгүй. Ер нь өргөн нэвтрүүлгийн сан бол хүүхэд хамгаалалтай холбогдуулах, тоон бичиг, үсгийн ур чадварыг нэмэгдүүлэхэд зориулъя гэдэг утгаар нь нээлттэй контент шалгаруулаад энэ санг амилуулъя гэж бодож байна. Заавал өргөн телевизүүд биш арилжааны телевизүүд, контент үйлдвэрлэгч нар ч болж байна. Хуульдаа олон сан байдаг. Кино урлагийн сан, Соёлын сан. Энэ сангууд энэ жил хүүхэд хамгаалал руугаа гол анхаарлаа хандуулчихаажээ. Тэгвэл маш олон контент бэлтгэгдэнэ. Тэгэхгүй бол арилжааны, өргөн телевизүүд байна. Энэ чинь цаанаа ашиг орлого олох бололцоо байхгүй учраас хүүхдийн контент бэлтгэхээр зардлаа нөхөж чаддаггүй. Тиймээс тодорхой дэмжлэг үзүүлээчээ гэдэг. Бүгд нэг агуулга руу тал бүрээс дайрч орох нөхцөлийг бүрдүүлнэ.

Манай яамны хувьд мэдээж төсөв бага. Хамгийн бага төсөвтэй гурван яамны нэг. Байгаа хүрээндээ, төсвийнхөө хүрээнд шийднэ. Цахим хөгжлийн яам нэг ч шинэ систем хөгжүүлэхгүй. Тухайлбал, программ хангамж бүтээхгүй. Зөвхөн бодлогоо барина, албан даалгавраа гаргана. Төслийг удирдана, шаардлагаа тавина. Ингээд хувийн хэвшлээ дэмжсэн цагт тэдний санаачилга дор төр дэмжлэг үзүүлж, манай технологийн салбараас олон улсын хэмжээнд өрсөлдөх хэдэн компани төрөхөд бид дэмжлэг үзүүлж явах ёстой болохоос бус дэргэдээ IT-гийн төв байгуулагдсанаар бүх асуудал шийдэгдэх юм байхгүй. Тиймээс яам болон IT-гийн төв байгуулъя гэхэд манайх дэмжих боломжгүй гэдэг саналыг өгдөг.

Яагаад гэвэл сайн контент, программ бүтээж байгаа олон компани байна. Гол нь төр өөрөө барилгын компани дэргэдээ байгуулаад цэцэрлэгийн барилгыг өөрөө барьдаггүйтэй адилхан манай салбар ч гэсэн тендер худалдан авах ажиллагааг нээлттэй зарлаад гол нь ажлын даалгавар нь зөв, хүлээж авахдаа зөв байх ёстой. Комисс нь ажлаа хүлээж авах ёстой.

-Ажлын даалгавраа шалгах ч юм уу, технологийн салбарт өндөр мэдлэг, чадвартай залуучууд хувийн компаниудтай харилцана. Эдний боловсрол, ажлын чадварт нь цалингаа өгч чадах төсвийг батлуулж чадаж байна уу?

-Төрийн үйлчилгээний албан тушаал дээр тодорхой тооны нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг цалингийн итгэлцүүрээр өөрөөр тогтоогоод ажилд авах бололцоог цахим гарын үсэг хуулийг дагалдуулсан Төрийн албаны хуулиар Засгаас шийдвэрлэсэн. Одоо бол ТҮТ-ээр нэг яам, нэг агентлагт 2-3 нарийн мэргэжлийн дата аналистууд, программистууд, прожект менежерүүдийг 2-3 дахин өндөр цалингаар ажилд авах бололцоог бүрдүүлсэн. Яам болгонд 2-3 хүн бий. Энэ итгэлцүүрээр орсон хүмүүс өөрөө систем хөгжүүлээд суугаад байх биш хөгжүүлсэн системийг хүлээж авахдаа нэг хэлээр ярилцдаг өндөр хэмжээний боловсролтой цөөн тооны хүнийг яам, агентлагуудаар авах шийдвэрийг гаргасан учраас яам, агентлагуудад нэмэр болж байгаа. 

Эх сурвалж www.polit.mn