“Зууны мэдээ” сонины “Би номынхоо тухай булан”-д О.Батнайрамдал Ховдоос Харвард руу номынхоо тухай бичиж байна.
ХААШАА?
Нүүдэлчин монголчууд бидний хувьд эрт дээр үеэс өдийг хүртэл өөрсдөөсөө асууж ирсэн хамгийн чухал асуулт бол “хаашаа?”. Жилийн дөрвөн улиралд цаг үргэлж нүүдэллэн аж төрж ирсэн ард түмэн. Юу, яаж, хэн, хэзээ гэдгээс илүү хаашаа нүүх вэ гэдэг асуулт л манай өвөг дээдсийн тархинд хамгийн түрүүнд бууж иржээ. Энэ ганц асуултад л хэрхэн хариулахаас бидний цаашдын хувь заяа бүрэн хамааралтай байв.
Хүн бүрийн л амьдрал А - Б цэг хүртэл, тэгээд В цэг рүү чиглэсэн нүүдэл л байдаг хойно. Харин миний хувьд нүүдлээ хамгийн товчхон дүгнэвэл Ховдоос Харвард руу байсан юм. Энэ л үгсээр би өөрийн түүхийг томьёолон, басхүү зориг гарган бичсэн намтарчилсан номоо нэрлэсэн билээ.
Миний номоос хэн юу авч үлдэхийг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ хаанаас хаа хүрэх гээд явж байгаа, таны амьдралын нүүдэлд бага ч болов тус нэмэр болж, зорьсондоо хүрэх итгэлийг, зогсолтгүй урагшлах эрч хүчээ нэмэхэд хэрэгтэй байж чадвал чин хүсэл минь биелэнэ. Ингээд таны урт холын аян замд зурвасхан ч гэсэн хань болох болов уу гэж найдан, номынхоо бяцхан боловч хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгийг буюу намайг АНУ-д сургуулиа төгсөөд, төгсөлтийн баяр дээр ээж маань Монголоос ганцаархнаа хүрээд ирсэн хэзээ ч мартагдашгүй, бахархам сайхан нэгэн дурсамжит түүхийг халуун дотноор хуваалцахыг хүслээ.
АМЕРИКИЙН ВИЗНЭЭС ҮНЭТЭЙ 10 ХУУДАС ЦААС
Дөрвөн жил нүд ирмэх зуур өнгөрч сургуулиа амжилттай төгсөх цаг хаяанд ирлээ. Ангийн хүүхдүүд бүгд л хөөр баяртай, төгсөлтийн арга хэмжээнд ар гэрийнхнээ урьж байлаа. Би ч гэсэн ээж, аавыгаа урихаар шийдлээ.Учир нь энэ бол зөвхөн миний баяр биш. Надад итгэл хүлээлгэж, найдвартай ард минь зогсож, бүх талаар тусалж дэмжиж ирсэн гэр бүлийн минь ч тэмдэглэлт өдөр болохоор тэр. Харамсалтай нь, аав тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаас болж хол замд явахыг түвдээгүй учир, ээж ирэхээр болов. Америк явах хоёр хүний зардлаас болж аав минь цааргалсан тал бий байх.
Ээж ирэхээр болсон ч хол газар явж үзээгүй, хэл мэдэхгүй, настай хүн цор ганцаараа дэлхийг тойрох тул хөтөч хэрэгтэй болов. Хүн олдлоо ч зардал мөнгийг нь гаргаж чадахааргүй. Тиймээс ээждээ шаардлагатай бүх зүйлийг тайлбарлаж бичсэн арван хуудас зөвлөмжийг шивээд илгээлээ. Түүнийг ээж хэвлүүлж аваад л хүү рүүгээ нисэх боллоо. Хүүгээ гэсэн эхийн сэтгэлээс л тийм их зүрх зориг зөвхөн гарч чадах биз.
Миний илгээсэн удирдамж замд тохиолдож болох бүх зүйлийг жагсааж тоочсон, түүнийгээ англи, монгол хэл дээр орчуулж бичсэн арван хуудас л байсан юм. Ядаж байхад ээжийн ирэх зам нь олон дахин дамжих, том том терминалуудаар хөндлөн гулд явах нь толгой эргэм. Үүнийг ээж огт мэдэхгүй. Ховддоо насаараа амьдарсан хөдөөгийн эгэл жирийн эмэгтэй.
Гэвч эх хүний зөн тус болсон уу, замдаа төөрч будилалгүй хүү дээрээ яваад ирлээ. Өөрөөр хэлбэл, хүү дээрээ очих жинхэнэ тасалбар нь америкийн виз биш, онгоцны тийз ч биш зөвхөн тэр арван хуудас цаас гэж сэтгэлдээ зөнгөөрөө мэдэрсэн учраас. Тэр цаас л ээжид минь хань болж, хүү нь гараас нь атган хөтлөөд, араасаа дагуулаад алхаад явж байгаа мэт, тэр цаасаа нээн харах үед би өөдөөс нь харан инээмсэглээд өөртэй нь ярилцаж буй мэт сайхан мэдрэмжийг аван урамшиж, хүү дээрээ очих гэж яарсан сэтгэлээ барьж ядан, харийн нутгаар хөндлөн гулд явахдаа өчүүхэн ч айж эмээх, сандарч тэвдэх зүйлгүй, аян замдаа саадгүй сайн явж чадсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 212 (7197)