Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

2022 оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийгээд явсан.  Тэд Монгол Улсад хүний эрх хэд хэдэн салбарт ноцтой  зөрчигдөж байна гэж дүгнэсэн билээ.  Тухайлбал,  шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь  хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн.  Мөн хүний үгээ хэлэх,  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах тохиолдол нэмэгдэж байна гэж дүгнэсэн байдаг.   Энэхүү дүгнэлтээс хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дахин  хангалтгүй хэмээн үнэлэв.   Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.  Хуулийн төслүүдтэй холбоотой талуудын байр суурийг хүргэж байна.

 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Шүүхийн хяналтгүйгээр цагдан хорьдог зөрчлийг арилгана

-НҮБ-ын дур зоргоор баривчлахын эсрэг олон улсын шинжээчид  Монгол Улсад ирж ажиллаад Монгол Улсад шүүхээс гадуурх баривчилгаа 98-99 хувьтай байна гэсэн ноцтой дүгнэлт гаргасан.  Энэ нь Монгол Улс  хүний эрхийн зөрчилтэй юм байна  гэдэг ойлголтыг олон улсад өгч байна.  Тиймээс хүний эрхийн энэ  асуудалд нухацтай хандах ёстой.  Бид өнгөрсөн хугацаанд НҮБ-аас өгч байгаа зөвлөмж үнэхээр үнэн бодит байна уу гэдэг дээр  судалгаа хийсэн. Судалгаагаар  үүнд хэд хэдэн хууль зүйн асуудлууд нөлөөлж байна гэж үзсэн.   Нэгдүгээрт, шүүхийн  зөвшөөрөлгүйгээр хийгддэг хойшлуулашгүй баривчилгаа манай улсын  Эрүүгийн процессын хуулиар 48 цаг байгаа.  Энэ хугацаанд саатуулагдаж байгаа тохиолдол шүүхээр орж хянагдахгүй байна. 20 гаруй хувь  дээр  шүүх дээр ордог,  бусдыг нь суллачихдаг.  Тиймээс хойшлуулашгүй ажиллагаа буюу хүний эрхэд  шүүхийн хяналтгүйгээр халдаж баривчилдаг, цагдан хорьдог асуудалтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүхэлд нь цогц өөрчлөлтийг хийх гэж байна. Мөн одоо гэмт хэргээс  оргон зайлж болзошгүй,  дахин гэмт хэрэг хийж  магадгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьж байна. Энэ бол субъектив үндэслэл гэж үзэж байгаа.  Энэ хуульд байгаа субъектив үндэслэлүүдийг объектив үндэслэл болгох ажлыг шинэ  про­цессын хуулийн өөрчлөлтөөр хийнэ. Мөн цагдан хорих байранд  гүй­цэт­­гэх ажил хийхийг  хязгаарлаж байна.

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров: Хорих үндэслэл болгосон баримтаа өмгөөлөгчид танилцуулдаггүй

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн дийлэнх заалттай үзэл баримтлалынх нь хувьд санал нэг байгаа.  Тухайлбал, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг хязгаарлах, энэ ажиллагааг хөндлөнгийн хяналтад оруулах асуудал зайлшгүй шаардлагатай байна. Нийт баривчилгааны 98-99 хувь нь шүүхийн хяналтгүй хэрэгжиж байна нь НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд тусгагдсан. Гол нь ингэж баривчлагдсан хүмүүсийн бараг тал хувь нь шүүхийн хяналтаар орж, баривчилсан нь үндэслэлгүй байсан нь тогтоогдож суллагдсан байдаг. Энэ нь баривчилгааг дур зоргоороо хууль зөрчиж л явуулаад байсныг илтгэх нэг үзүүлэлт. Одоогийн өөрчлөлтөөр баривчлах үндэслэлүүдийг нь нарийвчилж, хуульд тодорхой тусгаж байгаа учраас процессыг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын дур зорго, субъектив хандлагыг тодорхой хэмжээгээр хязгаарлах боломжтой гэж харж байгаа.  Баривчлахаас гадна цагдан хорих асуудал хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг ажиллагаа. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хүнийг шууд хорьдог. Тэр нь шүүгч прокурорын үзэмж, таамаг байдлаар хэрэгждэг, дээрх үндэслэлийг нотлох баримтыг мэтгэлцэгч тал, өмгөөлөгчид танилцуулдаггүй. Хэт ерөнхий байсан үндэслэлийг нарийвчилж, шалгуур тавьж өгсөн. Найман жилээс дээш хугацаагаар хорих ялтай хэрэгт холбогдсон л бол шууд шалгуургүйгээр хорих боломжтой байсныг тодорхой нөхцөл үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлэхээр тусгасан нь хүний эрхийг баталгаатай хангахад чиглэсэн нааштай өөрчлөлт гэж харж байна.

 

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд: Хуулийн өөрчлөлтөөр хүний эрх, эрх чөлөөний баталгаа хангагдана

- НҮБ-ын дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид манай улсад  долоо хоног ажиллаад дүгнэлтээ урдчилсан байдлаар танилцуулаад явсан. Дүгнэлтэд  98-99 хувь шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж байна гэж үзсэн.  Мөн шинжээчид хорих ангиудын нөхцөл байдал, хүний эрхтэй холбоотой олон асуудлыг хөндөж тавьсан.  ХЭҮК дээрх дүгнэлтүүд дээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд мөн дүн шинжилгээ хийсэн.  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлдээ сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа, цагдан хорих гэсэн асуудлыг бүлэг болгож, нийтдээ 16 зөвлөмжийг өгсөн.  Энэ 16 зөвлөмж бүгдээрээ ХЗДХЯ-наас боловсруулсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүдэд тусгагдаж байгаа.   Энэхүү хуулийн өөрчлөлтүүд яригдаж байгаа хэмжээндээ батлагдах ёстой.  Ингэж байж Монгол Улсад хүний эрх эрх чөлөөний баталгаа хангагдана гэж үзэж байна. Манай байгууллагын төлөөлөл Женев хотноо болсон НҮБ-ын хүний эрхийн хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн.  Зөрчил дутагдлаа арилгах тухай процессыг тайлбарласан.  Монгол Улс сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих асуудлыг хуулийн хүрээнд өөрчлөхөд хүчин чармайлт гаргаж байгаа гэдгээ хэлсэн. Мөн Шүүх байгуулах тухай хууль дээр таслан сэргийлэх арга хэмжээ авдаг шүүхийг дагасан байдлаар  байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.  Ингэснээр шүүхээр хэлэлцэхгүйгээр амралтын өдөр, шөнө оройн цагаар баривчилгаа явуулдаг байдлыг таслан зогсооно гэж үзэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 212 (7197)