Сүрнээгийн УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Ээлжит зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Магваны Эрдэнэбатыг урилаа.

Түүнийг Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналтан, Утгын чимэг богино өгүүллэгийн наадмын тэргүүн, шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналын хоёр удаагийн эзэн гэдгээр нь уншигчид андахгүй.

 

ХҮНИЙ ӨСӨЖ УРГАЖ БУЙ ОЮУН ТАРХИ, БИЕ БЯЛДАРТАЙ ЦУГ ХАДААГДСАН ОРЧИН, ХҮМҮҮЖИЛ, ХҮМҮҮС МӨНХӨРЧ ҮЛДДЭГ

 

-Оюуны, хүчтэний өлгий нутаг хэмээн алдаршсан их алтайчууд нэгэн зууныг элээсэн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Хантайшир уулын хормойд ёстой л өнөр “бүл”-ээрээ цугларах шиг болсон. Өсөж төрсөн нутгийнхаа талаар дурсахад сайхан байх болов уу?

-Өсөж төрсөн нутаг усаа эцэг, эхийн гэр оронтой зүйрлэж боддог. Тиймдээ ч хувь хүн талаасаа их нутгархах дуртай. Хүний идээшиж хүн болж төрж өссөн өлгий бол нутаг шүү дээ. М.Эрдэнэбат хүн болж төлөвшиж хүний орчлонд амьдрахад нутаг усны агаар салхи, газар, шороо, тэнгэр, хүн ард нь  нөлөөлдөг. Энэ бүхэн хүнийг хүн болгодог. Тиймээс л хүн бүр нутагтаа хайртай, нутгаа санадаг юм болов уу.

Хүн мөнх биш. Хэзээ нэгэн цагт эцэг, эхээ алдана. Өөрөө эцэг, эх болоод ертөнцийн жамаар энэ хорвоогоос буцна. Хорвоогийн жамаар ойр дотны хүмүүсээс эхлээд хамаг бүхнээ алдахад нутаг ус л үлддэг. Бусад нь буцах нь үнэн. Тэгэхээр нутаг ус бол хүнийг энэ орчлонд тосч авсан өлгий. Хүн болж төрөөд анх харсан тэнгэр, уул нурууд ойлгож ухаарсан бүхэн байгаль орчлон дэлхийтэй хүнийг анх холбож өгдөг болохоор сэтгэл зүрхэнд мөнх байдаг. Надад ингэж л санагддаг.

Би малын их эмчийн гэрт төрсөн айлын ууган хүү. Аав маань Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Дэлгэр, Дарви суманд малын эмчээр ажилладаг байлаа. Ухаан орж сургууль соёлоор явж Улаанбаатарын хүн болтлоо харьцсан ойлгосон бүхэн минь Дэлгэр сумтай холбоотой. Одоо эргээд бодоход их сонин. Манайх намайг 17 настай байхад Дэлгэрээс нүүсэн. Таван нас хүртлээ юмсыг төдийлөн ойлгохгүй шүү дээ. Ингээд бодохоор ухаан орсон цагаасаа идэвхтэй 12 жилийг л Дэлгэр суманд өнгөрүүлсэн байж таарна. Гэтэл өнөөдөр 30 гаруй жил Улаанбаатарт амьдарсан хэрнээ Дэлгэрт өнгөрүүлсэн арав гаруй жил миний бүхэл бүтэн амьдралтай тэнцүү юм шиг, бүр түүнээс ч илүү жин дарахуйц байр суурь үнэ цэнтэй орон зайг эзэлдэг. Би гэдэг хүн амьдралынхаа 30 гаруй жилд хүн чулууны хонхор Ханбогдын хөндий хатан туулын хөвөөнд айл гэр болж үр хүүхдээ өсгөж байж нутаг усаа нандигнаж, овоглодог. Тэгэхээр төрж өссөн нутаг усанд ямар нэг ид шид байна уу. Яагаад тэгэж их үнэ цэнтэй санагддаг юм бол гэж хааяа бодно. Хүний бага нас, эцэг эхийнхээ дэргэд өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамж ариун нандин, тийм их үнэ цэнтэйгээр сэтгэлд хоногшдог юм байна л даа. Хүн хэдий өндөр насалсан ч хүүхэд ахуй цагаа үргэлж тод томруунаар санаж дурсаж байдаг. Хүний өсөж ургаж буй оюун тархи, бие бялдартай цуг хадаагдсан тэр орчин, хүмүүжил, хүмүүс насан туршид мөнхөрч үлддэг юм байна.

-Төрж өссөн нутаг ус ид шидтэй юм байна гэж хэллээ. Таныг уншигчдад таниулсан уран бүтээлийн нэг бол яах аргагүй “Хөлгүй цэнхэр нуур”. Энэ бүтээлийн “эзэн” нь Дэлгэр сумын залгаа шахам оршдог одоогийн Тайгам нуур шүү дээ. Ингээд харвал нээрэн л Дэлгэр сум хэмээх буйдхан суурин оюун ухааны шидтэй юм уу гэмээр маш олон эрдэмтэн мэргэд, их зохиолч төрүүлсэн байдаг?

-Манай сумын хажууханд цэнхэртэж байх жижигхэн нуурын эргэн тойрныг бодож дүрсэлж бичсэн “Хөлгүй цэнхэр нуур” бол миний уран бүтээлийн түүчээ. Анх 1995 онд “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэгээ бичиж хэвлүүлсэн нь уншигч, уран зохиол сонирхогчдод тоогдох эхлэлийг тавьсан.

Уран зохиолын тухай ойлголт янз бүр л дээ. Гэхдээ нэг л зүйлийг ойлгож байна. Ер нь бол уран бүтээлч хүнд хамгийн ойр байдаг, сонсдог, ойлгодог зүйл бол нутаг ус. Зохиолч хүн юу бичдэг вэ гэвэл мэддэг зүйлээ л бичнэ. Тэгэхээр хамгийн сайн мэддэг зүйл нь нутаг ус, төрөлх орчин байдаг. Тиймээс уран бүтээлчид нутаг амьтай байдаг юм болов уу гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгож ухаарч байна. Мөн зохиолч хүн сонин сайхан зүйлийн тухай бичих ёстой.  Ингээд харвал харин хамгийн сайн мэдэх зүйлээ тултал бичиж чадах юм бол сайн зохиол болно. Тэр нь эргээд амжилт олохын үндэс болдог. Сүүлд Хятадын Үй хуа зохиолч ирэхдээ ч яг энэ санааг хэлж байна лээ. Харин тэр дотор уран зохиолын мөн чанарууд шингэдэг. Зарим хүн яагаад бичээд бичээд сайн болохгүй, амжилт олохгүй байна гэвэл мэдэхгүй зүйлийнхээ тухай мэдэмхийрч бичээд байгаа хэрэг.

Дэлгэр сумаар овоглодог эрдэмтэн мэргэд зохиолчид олон бий. Шинэ үеийн уран зохиолоор л гэхэд Үүл нүүж цахилгаан бадарсан тал, Үер бууж сүрийг үзүүлсэн газар дууны шүлгийг бичсэн Пунцаг Дэлгэрийн гаралтай. Мөн Намбарын Пүрэв, Н.Нагаанбуу, Н.Хүрэлбаатар, Г.Зуунай, Б.Цогзаяабаатар, Төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн Хайдавын Чилаажав гээд цааш хөвөрнө. Х.Чилаажавын “Эх орон” дууны мөр бадаг бүхэнд “Би Дэлгэрээс гаралтай” гэсэн үг бий. Энэ дууны үгийг 1990-ээд оны үед бичсэн л дээ. Тэр үед бидний хэдэн зохиолчид Дэлгэрийн талаар нааш цааш давхихдаа мөн ч олон бүтээл төрүүлсэн дээ. Аргагүй Засагт ханы үүд Дэлгэр нутаг их уужимхан. Баруун талаараа уултай, зүүнээрээ говьтой элсэрхэг, дундаа зассан ширээ шиг тэнүүн талтай. Замын хүмүүс бол 150 гаруй км цэлийсэн талаар давхихад туулж барамгүй л гэдэг юм.

Хүүхэд байхад их насны морьд 25 км газраас уралдахад нэг ширхэг гуу жалга тааралдахгүй. Тэв тэгшхэн тал бий. Хаана хүрээд дуусах нь мэдэгдэхгүй цэлийсэн өргөн талд уулын морь сүр цохьдог юм гэсэн. Алсдаа жаахан өгсүүр. Салхины өөдөөс учраас уралдааны моринд тохиромжтой гэж ярьдаг. Бага нас маань энэ тал хөндийд хурдан морины нуруун дээр л өнгөрсөн дөө.

-Нэг зүйлийг сонирхмоор санагдлаа. “Хөлгүй цэнхэр нуур” шиг 10  өгүүллэг бичихэд Монголд нэртэй, 100-г бичихэд дэлхийд том зохиолч болно гэж Балбар хэлсэн гэдгийг та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Тэр л сор болсон 10 өгүүллэгээ бичсэн үү?

-Сорчлоод үзвэл арван өгүүллэг бий. Гавьяат цол хүртчихээд өөрийгөө жаахан голох сэтгэл төрсөн юм. Тэгээд эргээд бодлоо. Кино, телевизийн жүжгийн зохиол, баримтат кино, ном гээд ухаад байвал тоо нэлээн нэмэгдэх бололтой. Харин яг уран бүтээл талаасаа цэгнээд, сорчлоод үзэхэд 11 өгүүллэг байна лээ. Энэ хэдийгээ дотор хүн маань тоосон хэрэг.

 

НОМОНД ӨӨРИЙН ГЭСЭН АМТ, ҮНЭР, АЗ ЖАРГАЛ БИЙ

 

 -Зохиолчийн хөдөлмөр, мэдрэмжийн талаар асуумаар байна. Мөн зохиолч болгоны бичлэгийн онцлог, түүнд заяах авьяас харилцан адилгүй байх л даа? 

-Энэ хорвоо дээр хувирч өөрчлөгдөөгүй нэг л зүйл байгааг анзаарсан. Тэр бол уран зохиол. Орчин үед бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Ганцхан уран зохиолыг нуршуу, зузаан байна. Уран зохиол ийм, тийм байх ёсгүй, эсвэл товч тодорхой байх ёстой гэсэн шаардлагыг өнөөг хүртэл хэн ч тавьж чадаагүй. Уран зохиолын энэ хандлагыг хүн төрөлхтөн эвдээгүй. Ямар ч судлаач, шүүмжлэгч гарч ирлээ гээд өөрчлөөгүй. Өнөөдөр, маргааш, ирээдүйд ч ийм байна. Тиймээс жинхэнэ уран зохиолын тухай ойлголт, уран зохиолд хандах хандлага хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Хоёрдугаарт, роман чинь зузаан, уйтгартай байна гэж нэг ч зохиолчийг хэн ч шүүмжлээгүй. Харин тэр дотор “ус” байна гэж хэлэх өөр хэрэг. Дэлхийн сонгодог болоод ямар ч зохиолчийг “Таны зохиол сайн. Гэхдээ нуршуу байна” гэж ер хэлээгүй. Сонгодог зохиол сонгодгоороо л байгаа.

 Зохиолчдын ихэнх нь амьд сэрүүндээ хөдөлмөрөө үнэлүүлсэн байдаг. Хожим хойно гавьяаг нь алдаршуулсан нь ч бий. Гэхдээ сайн уран бүтээлч  бол тухайн цаг хугацаандаа оюун санааны манлайлагч, нөлөөлөгч байдаг. Үеийн үед зохиолчид элит байж ирсэн. 

-Таны зохиол бүтээлүүд “Утгын чимэг”, “Алтан Өд” гээд богино өгүүллэгийн наадамд тэргүүн байранд олон “давхисан”. Бичлэгийн онцлогтой холбоотой юу?

-Би ер нь богино бичих гээд байдаг талтай. Эргээд бодоход 1990-ээд оны сүүлээр их урт бичиж эхэлсэн. Гэтэл тоочоод байгаа юм шиг санагдаад богино бичдэг болсон байх. Бичлэгийн богино хэлбэр залхуу хүний арга заль, онцлог ч байж мэднэ. Ер нь жаахан залхуу нөхөр л дөө. Одоо бол эсрэгээрээ нуршуу, урт бичих гээд байдаг болсон байна.

-Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед зохиолч, яруу найрагчдын уран бүтээл, нэр хүнд муудаж, шүүмжлүүлж байна. Яруу тансаг утга найруулал алга, бараг хүн болгон ном бичдэг боллоо гэх хандлага түгээмэл ажиглагдаж байна. Хөндлөнгөөс харахад юу бодогддог бол?

-Цаг үе нь их сонин таарч байна. Техник технологи, дэлгэцийн эрин үе голлож байна. Ялангуяа, монголчууд онцгой өөнтөгч ард түмэн. Цөөхүүлээ хэрнээ эв түнжин муутай. Өнгөц харвал дэлхийг үзэж таньсан юм шиг мөртлөө улс орны хөгжил тааруу байна.

Хүмүүс урд өмнөхтэй харьцуулашгүйгээр амин хувиа хичээсэн, нэгнээ хайрлаж, хүлцэж чадахаа больж. Тэрүүхэн зуур зам дээр хоёр талаасаа гарч ирээд барьцалдаад авах жишээтэй. Нийтээрээ бухимдалтай байгаагийн нэг хэлбэр л дээ. Нийгэм ийм бохир байгаа үед уран зохиол битгий хэл юу ч байсан бүхлээрээ шүүмжлэлд өртөнө. Ямар нэг аргаар эсэргүүцэх, шүүмжлэх л сэтгэлгээ бат бөх сууж. Ерөнхийдөө нийгэм бохирдсон байна. Нэгнээ зарчимтай шүүмжлэх, шударга үг хэлж ч чадахаа болилоо. Сайн сайхан зүйл сонсох чих ч алга. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг үг санаанд бууж байна. Сайныг харах билгийн нүд, муу муухайг харах сохор нь ч алга.

Уншдаг хүн цөөрч, бичдэг нь их болжээ гэж шүүмжилж байгаатай санал нийлнэ. Энэ намрын номын худалдаагаар жаахан алхлаа. Нэлээдгүй сонирхож харлаа. Эцэст нь эргээд “Газар шороо”, “Тунгалаг тамир” “Анна Каренина”-г уншмаар санагдсан. Юу гэвэл, уран зохиол айхтар хөгжиж дэвшээд, гоц гойд урагшилсан зүйл анзаарагдсангүй. Тэглээ гээд бүхэлдээ муу муухай байгаа юм биш. Уншууртай сайн романууд хэвлэгдэж л байна. Орчуулгын сайхан бүтээлүүд ч гарсаар байна. Дэлхий нийт урагшилж байгаа учраас бид хүссэн хүсээгүй дагаж ахисаар байх болно.

Уран зохиол, зохиогчийн хөдөлмөр их нарийн нууцлаг. Унших тусам шинэ санаа урган гарч ирдэг. Сайн зохиолыг нэг уншихад үйл явдалд хөтлөгдөнө. Хоёр уншихад яруу сайханд нь автана. Гурав дахь удаагаа гүйлгээд харахад дүрүүдийнх нь дотор орж, элдэв чамин шигтгээг нь ойлгох жишээтэй. Номыг унших тусам нүд нээгддэг гайхалтай, ид шидтэй ертөнц. Залуу үе, хүүхдүүд ном уншихгүй байна гэдэг зовлон бараг айл бүрт яригдаж байна. Номонд өөрийн гэсэн амт, үнэр, аз жаргал байдаг. Тэр аз жаргалыг мэдэрсэн бол хэн ч бай номонд дурлах нь гарцаагүй. Харин гар, утас интернэтэд ухаанаа уралдуулж буй энэ цаг үед яаж номонд дуртай болгох вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Энэ зөвхөн монголчуудын биш дэлхий нийт хүн төрөлхтний асуудал болсон. Харин номын амтанд нэг орсон бол гар утаснаас ч илүү татах увидастай. Ном уншихаар хүн тайвширдаг, тачигнатал инээх, хүнгэнэтэл санаа алдах таашаалыг мэдрүүлнэ. Гэвч энэ их номын “үйлдвэрлэл” дундаас хэрхэн сонголтоо хийх вэ гэдэг ухаан шаардах ажил болж байна. Ажил, амьдралын хэмнэлтэй холбоотойгоор хэрэгтэй, хэрэггүй ном унших цаг зав боломж ч алга. Тиймээс ямар ном унших вэ гэдэг сонголт хамгийн чухал болж байна.

Уран зохиол авьяас, хөдөлмөр, ухаанаас бий болдог. Авьяас бол бурхны бэлэг. Харин хэчнээн мэдлэг боловсролтой байгаад ухаан зарахгүй бол сайн бүтээл төрөхгүй. Хэдийгээр хүн болгонд бичиж туурвих эрх нь байгаа ч авьяасгүй бол харамсалтай л хэрэг. “Нэртэй зохиолч болтлоо мөн ч их бичлээ дээ. Авьяасгүйгээ мэдэх хүртлээ мөн ч их бичих байх даа” гэсэн Японы зохиолчийн үг байдаг даа. Сүүлдээ хүн бүхэн болсон болоогүй ном зохиол бичээд байхаар авьяастай хүмүүс нь залхаж байж ч мэднэ.

 

ӨНӨӨГИЙН НИЙГМИЙГ ХАРААД УРАН БҮТЭЭЛ ТУУРВИХ СЭТГЭГДЭЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА

 

-Болж бүтэхгүй байгаа нийгмийг өөрчлөхөд соён гэгээрүүлэх ажил чухал. Тиймдээ ч уран бүтээлээрээ дамжуулж нийгмийн онцлогийг харуулах, шүүмжлэх нь элбэг байдаг. Таны зохиолыг нь бичсэн “Сарны нулимс” кино ч тухайн нийгмийн эмзэг сэдвийг хөндсөн. Тэгвэл одоогийн нийгмийг харвал уншигчдад юу ойлгуулмаар, уран бүтээлээрээ дамжуулж ямар санаа хэлмээр санагддаг вэ? 

-Дан ганц урлаг уран сайхан, зохиол бүтээлээр дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэхгүй л дээ. Тэгэж ч чадахгүй. Олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ нийгмийн эмзэг, хөндүүр сэдвийг уран бүтээлдээ тусгаж олон нийтэд ойлгуулах сэдэл санаачилга уран бүтээлч хүн болгонд төрдөг байх. Гагцхүү тухайн уран бүтээлээс нийгмээ, өөрсдийгөө таньж ойлгох эсэх нь үзэгч уншигчдын асуудал.

“Сарны нулимс” киноны зохиолыг тухайн үед Солонгос явж ирээд бичсэн. Тэнд сар шахам амьдрахдаа нэг зүйлийг олж харсан юм. Хүний нутагт ажиллаж амьдрахдаа их олон сайхан залуу гэр бүл салж сарниж байгааг ойлгосон. Тиймээс энэ хөндүүрээ уран бүтээлээрээ харуулахыг зорьж эх орондоо буцаж ирэнгүүтээ эхний 7-8 ангийг нь бичсэн. Улмаар үргэлжлүүлж бичээч гэсэн санал тавьснаар 16 ангитай болсон.

Нийгэм хүмүүсийг бүтээдэг. Тиймээс уран зохиол, кино урлаг гээд салбар болгон энэ нийгмийн тусгал. Бүгд ялгаагүй энэ нийгмийн бүтээгдэхүүн. Таны асуусан одоогийн нийгмийг хараад юу бичих вэ гэдэгт тийм сайхан хариулт хэлж чадахгүй нь. Өнөөгийн нийгэм ийм байна, тийм байна гээд зохиол бичээд байхаар ч сэтгэгдэл төрөхгүй байна. Монгол хүн монгол биш болж байгаа шилжилтийн үеийг давж байна даа гэж харамсаж, сэтгэл дундуур явдаг. Хүүхэд байхдаа, залуу насандаа хардаг байсан Монгол хүнийг өнөөдөр танихаа больсон. Залуу үеэ, хүүхдүүдээ танихгүй байна. Гудамжинд огт таньж мэдэхгүй хүмүүсээс гарах хэмжээний араншинг ойр дотны хүнээсээ олж харах хэмжээнд хүрлээ. Нийгэм ингэж л танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна.

  -Таны "Хөрөг" өгүүллэг  Азербайжан хэлээр гарахад Азербайжаны утга зохиол шүүмжлэгч Мехман Гараханоглю зохиолч М.Эрдэнэбатын “Хөрөг” богино өгүүллэлийн энгийн мөртлөө “нууцлаг” сэдэв, авсаархан бүтэц зохион байгуулалт анхаарлыг минь  татлаа. Гэхдээ хүний ой санамж, цагийн зүүний эсрэг байдаг гэдэгтэй санал нийлэхгүй. Өөрсдийгөө гадны нүдээр харах боломж олголоо гэж шүүмж бичсэн байсан. Шүүмж судлалд уран зохиолд ямар ач холбогдолтой, хэрхэн хөгжих ёстой вэ?

-Шүүмж судлал зайлшгүй байх хэрэгтэй. Ингэж байж уран зохиол хөгждөг зүй тогтолтой. Гэтэл манай улсад хүн амын тоо, нийгмийн онцлогоос шалтгаалаад шүүмж судлал хөгжихөд хүндрэлтэй байх шиг санагддаг. Монголчууд цөөхүүлээ мөртлөө талаас илүү нь Улаанбаатарт амьдарч байна. Ихэнх нь нэгнээ таньж мэддэг. Ийм нөхцөлд шүүмж судлал жинхэнэ утгаараа хөгжихөд төвөгтэй.

Нэг талаас шүүмж судлал хөгжөөгүй. Нөгөө талд хүлээж авах сэтгэл зүй дутмагаас гадна нийгэм нь хүлээж авах хэмжээний эрүүл, таатай орчин бүрдээгүй байна. Шүүмжлэл хүлээж авах нь битгий хэл алт, гуулийг ч ялгахаа больтлоо өнгө мөнгөнд сохорч байна. Ялангуяа, одоогийн нийгэм цаг үеийн онцлог нөхцөлд өөрийнхөө талаар бичсэн үнэн бөгөөд хатуу үгийг сонсох хүн цөөрсөн. Уран бүтээлчдэд тийм зориг байхгүй. Мэргэжлийн шүүмж судлал бичих хүн ч алга. Талхыг хар, шар арьстай, хот, хөдөөгийн ямар ч хүн идсэн амт нь нэг л хэвээрээ. Амттай, үгүйг шууд хэлж болно. Гаднаас нь хараад сайхан муухайг нь хэлэх боломжтой. Харин уран зохиол бол хийсвэр. Чамд таалагдлаа гэхэд надад таалагдахгүй байж болно. Тэр олон хүний зарим нь таатай хүлээж авна. Үлдсэн нь шүүмжилнэ. Энэ мэтээр үргэлж зөрчилдөөн үүсгэж байдаг. Зохиолчид цөөхүүлээ. Өдөр тутам уулзаж нөхөрлөж байдаг учраас хүмүүс тэр бүр шүүмж судлал руу орохгүй байх шиг. Шүүмж судлал зөв голдрилоороо явах юм бол хөгжлийн уртасгагч хүч болдог.

-Таны амьдралын бас нэг онцлог цаг үе телевиз, радиогийн салбартай холбогддог. Тэр дундаа телевизийн жүжгийн бүтээлийг таслаагүй гэдэг юм билээ?

-Сургуулиа төгсөөд л радио, телевизийн салбарт ажилласан. Тэр дундаа телевизийн салбарт ажил, амьдралаа зориулсан гэж хэлж болно доо. Тийм ч учраас телевиз, радиогийн салбарт уран зохиолтойгоо хамжаад өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулсан гэж боддог. Уран бүтээл хийсэн гэвэл гарцаагүй энэ салбартай л холбоотой. 

Телевиз үүсч хөгжөөд 60-аад жил болоход студийн жүжгийн уламжлал байсан юм билээ. Төрийн шагналт Д.Норов ах нэлээн хугацаанд телевизийн жүжиг хийсэн. Энэ буухиаг үргэлжлүүлэх завшаан надад тохиосон. Ямар ч байсан ажиллах хугацаандаа дэлгэцийн бүтээлийг тасалдуулаагүй. Харин сүүлд нэг их сайн хийгдэхгүй байх шиг байна. Янз бүрийн л учир шалтгаантай. Боломж бололцоо ч тааруу байх шиг. Телевизийн уран бүтээл хийхэд үеийн үед уламжлагдаж ирсэн “алтан” зарчим, өндөр үүрэг хариуцлага бий. Тэр болгоныг дагаж мөрдөхөөс эхлээд хүндрэл гардаг юм уу гэж бодсон. Уржнан Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож баримтат кино хийхээр боллоо. Программын даргын албаны хувьд энэ хариуцлагатай ажлыг итгэж найдаад даалгаад өгөх хүн олдоогүй. Үнэнийг хэлэхэд тэр хэмжээний даацтай уран бүтээлч ховордож дээ гэх бодол төрсөн. Уг нь баримтат кино бол телевизийн бүтээлийн хамгийн сайхан төрөл шүү дээ. 

-Сүүлийн жилүүдэд хэр олзтой байв. Дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллах шиг боллоо.  Өврийн дэвтэрт үлдсэн, тэндээс өдлөөд нийтийнх болсон гээд аль аль нь цөөнгүй биз?

-Телевизийн жүжиг, кино, бүрэн хэмжээний кино арваад бий. Олон ангит кино хоёр байх жишээтэй. Ном 4-5 бий. Одоо харин хэд хэдэн номоо зэрэг хэвлүүлэх санаатай эмхэтгэж байна. Сүүлийн хэдэн жил номын ажилд шамдаагүй учраас уншигчдад хүргэх шаардлагатай зохиол бүтээл нэлээн “овоорсон” байна. Зарим нэгийг нь цэгцлэх, дутуу хүрэлгүй орхисон бүхнээ засч сайжруулж байна.

Одоо эмхэтгэж байгаа номонд орсон бүтээлүүдийн ихэнх нь уншигчдад хүрч байгаагүй, шинэ бүтээл бий. Тэр дунд 1999 онд бичиж байгаад орхисон туужаа дуусгалаа. Уран бүтээлийн олз арвин байна аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 212 (7197)