П.АМГАЛАН

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр батлан хамгаалахын салбарын ирэх жилийн төсвийн талаар салбарын сайд Г.Сайханбаяр  “2024 оны батлан хамгаалахын төсөв дээр хугацаат цэргийн албан хаагчид болон офицер, ахлагчдын хувцасны норм хангалт дээр Сангийн яам нэлээд анхаарсан. Сүүлийн жилүүдэд хувцасны хангалтын төсвийн хуваарилалт 25-30 хувьтай байсан бол ирэх онд 60 орчим хувь болгон нэмсэн. Хүнсний хангалтыг мөн 35 орчим хувийн нэмэгдэл төсөвтэйгөөр батлагдаж байгаа. Зэвсэглэл, техникийн шинэчлэлийн асуудал дээр Засгийн газар 2020 оноос нэлээд анхаарч жил бүхэн тодорхой санхүүжилтийг суулгаж ирсэн. Үүний үр дүнд Монгол Улс үндэсний зэвсэг, галт хэрэгслийн үйлдвэртэй болсон. Энэ жил сум, галт хэрэгслийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. Одоогоор үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн эхний татан авалтыг хийгээд байна. Ирэх жилээс дотоодынхоо хэрэгцээг хангах үйлдвэрлэлийг хийж эхэлнэ. Тоног төхөөрөмжийн шинэчлэл дээр ирэх жил 8.7, нийт 13 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn