ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Редакцын буухиа” хамтарсан контент эхлүүлж байна. Сэтгүүл зүйн үнэ цэн, сэтгүүлчдийн хөдөлмөрийг яг л байгаагаар нь харуулахыг зорьсон энэхүү контентын салхийг “Зууны мэдээ” сонин цахим мэдээллийн eguur.mn сайт хагалж буй юм. Сэтгүүлч сэтгүүлчээ сурвалжилж, бусдаасаа суралцах боломжийг нээж өгч буйгаараа “Редакцын буухиа” энэ цаг үед илүү ач холбогдолтой.
Монголд цахим мэдээллийн 300 гаруй сайттай. Шинэ тутам мэндэлж буй нь ч их. Ийм эрэлтээсээ давсан багтаж ядаж буй зах зээлд хэрхэн ялгарах, уншигчдад “юу” өгөх, ямар үнэ цэн бүтээж буйгаа харуулах сорилтын дунд медиа салбар “хөвж” байна.
Эрхлэгч Ж.Мядагбадам "Аливаа асуудлыг даван туулдаг, мэдээллийн их шуурганд хөл алдахгүй бат зогсдог. Байх болоод байхгүйн зовлон дундуур чиг шугам, ноён нуруутай цэмцийтэл туулаад гарах хэмжээний хаттай, ёс зүйтэй хүн бэлтгэх юмсан. Танил тал, эдийн засгийн нөлөөнд редакцаа “наачихдаггүй” л байх хэрэгтэй. Үүнээс бусад чадвар бол туршлагажихын хэрээр суух учраас санаа зовдоггүй. Өөрийнхөөрөө хийх эрх чөлөөг нь олгодог. Хэвлэлийн шинэ тутам зах зээл дээр үзэл санаа тээгч сэтгүүлч л ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Тэд ирээдүйд зөвхөн хэвлэл биш аль ч салбарт их зүйл бүтээж, их гоё өөрчлөлт авчирна” гэв.
Медиа салбарын нэг онцлог бол өдөржин үйл явдал дагаж мэдээлнэ. Харин орой нь амсхийхдээ маргаашийнхаа онцлох материалыг бэлтгэх боломж гардаг учраас аль болох 00:00 цагаас өмнө, бүр амжихгүй бол шөнийн 01-02:00 цагт ч редактор “шүүс”-ийг нь шахаж, өөр хоорондоо санал солилцсоор байдаг аж. “Маш хурдтай эргэлттэй үед одоохондоо ийм байдлаар ажиллахаас аргагүй. Сэтгүүлчид өдөр урсгал мэдээндээ дарагддаг, 50-70 мэдээ хамтран нийлүүлдэг. Үүнийхээ зэрэгцээ маргаашийн материалаа “хөөнө” гэдэг маш оновчтой менежмент шаарддаг. Иймд редакц дотроо анхан шатан дээр нь хяналтын уншлага хийх хүмүүсийнхээ тоог нэмжээ.
Ерөнхий редактор М.Тэнгис “Шинэ тутам олон сайт байгуулагдаж байхад ялгарна, өрсөлдөнө гээд медиа зах зээл рүү орно гэдэг эрхлэгчийн хувьд их том зориг байсан болов уу гэж боддог. Амжилтад хүрнэ гэж төсөөлөх эсэх нь ч тодорхойгүй нөхцөлд байсан үе. Гэтэл жилийн дотор уншигчдынхаа тоогоор хэдэн зуун сайтаас эхний 10 руу орж ирсэн. Эхэндээ “Eguur”-ээс ярьж байна гэхээр ямар сайт байдаг билээ гээд мэддэггүй, гайхдаг байсан бол одоо бараг хүн бүр “таньдаг”, эсрэгээрээ манайх руу ханддаг болсон. 4-5 жилийн хугацаанд ийм амжилтад хүрч танигдсан, уншигчдын итгэлийг олсон нь бид бусдаас ялгарсан, ондоо байсных гэж боддог" гэж байлаа.
Ардчилсан улсын нэг сайн тал нь хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн хэрээр дуртай болгон нь лайв хийж, нийгэмд танигдсан бүхэн сэтгүүлчийн дүрд “тоглож” олон нийтийн хандлагыг хааш нь ч хамаагүй эргүүлэх эрсдэл дунд зүг чигээ олох гэж тэмтчин буй энэ цаг үед редакц, сэтгүүлчид хэрхэн мэргэжлийн, ёс зүйтэй байх вэ гэдэг зөвхөн салбарын асуудал биш боллоо.
Эх сурвалж www.zms.mn