П.АМГАЛАН

 

Гүн бодлогоширол, бас эргэцүүлэл, төвлөрөл. Ийм олон мэдрэмж дунд ярилцлага маань эхлэв. Ярилцлагын зочны маань энэ олон мэдрэмжээс гайхалтай  бүтээлүүд төрсөн нь гарцаагүй. Ийм нэгэн ховор ярилцлагын зочин бол ОХУ-ын зохиолч, сэтгүүлч Шамиль Идиатуллин. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан Улаанбаатар дахь олон улсын “Номын ертөнц” үзэсгэлэнд ОХУ-аас хүрэлцэн ирсэн зочдын нэг. Энэ арга хэмжээний үеэр “Оросын утга зохиол дахь Татар монголчууд” лекцийг  тавьсан юм. 

 

-Та Монголд хэдэн удаа ирж байна вэ. Монголоос юу харж мэдрэхийг хүсдэг вэ?

-Би Монгол Улсад анх удаа ирж байна. Надад их сонирхолтой санагдлаа. Орос хэлэнд татар, сонгол гэсэн үг сайн зүйл илэрхийлдэггүй. Харин татар хүн миний хувьд өөр ойлголт.

Миний биелүүлэх ёстой мөрөөдлийн нэг нь Монголын их Алтайд очих. Үзэсгэлэнгийн нээлт хойшилсон учраас бид нийслэлтэй бага зэрэг танилцсан.  Богдын музей үзэхдээ 10-аад км алхаж очсон. Надад  их  таалагдсан.

-Та трилоги уншсан байх. Танд ямар сэтгэгдэл үлдэв?

-Түүхийн талаар их уншсан. Би дундад зууны түүхийг сонирхдог. Турк, Монголын ард түмний түүх сонирхол татдаг юм. Би ном бичихдээ үүнийг чухалчилдаг. Оросод ном бичихэд заавал орос хэл дээр байх ёстой гэсэн шаардлага байдаг. Орос бол олон үндэстний орон. Манай улсад 120 ястан амьдардаг. Оросууд Волга, Урал, Сибирьт ирэхээс өмнө татарууд улс орноо байгуулж, лалын шишинтай болсон байдаг. Бүгд Оросоор  ярьж ойлголцдог ч бид өөр өөр хэлтэй гэдгийг бас үгүйсгэх боломжгүй юм. Олон жижиг зүйлийг нэгтгэж нэг болгоно гэдэг сонирхолгүй. Василий Яны ном, 1930, 1940, 1950-аад оны  номд  олон салаа, баялаг үзэгдлийг большевикийн дарамт, марксист үзэл дор явцуу зарчимд багтаасан байдаг. Тиймээс надад В.Яны трилоги  тийм ч их таалагдаагүй. Харин Исай Калашниковын “Харгис зуун” трилоги илүү таалагдсан. Эртний Грекийн бүх хот Гомер манайх гэж маргалддагтай адил якут, буриадууд Чингис хааны төлөө их маргадаг.

-Нэгэн буриад зохиолчийн бичсэн  Чингис хааны тухай таван ботийг та мэдэх үү?

-Би уншаагүй. Гэхдээ Чингис хаан буриад, якут хүн. Ээж нь якут байсан гэж нотлох олон ном гарсан талаар сонссон. Агуу Чингис хаан манайх гэж нотлохын төлөө тэд их хичээж байгаа. Энэ их сонирхолтой үзэгдэл. Монгол, Монгол-Алтайн сэдэв бол XIX зууны төгсгөл үеэс эхлэлтэй. Трубецкий, Бартольд нар эрдэм шинжилгээний ажил хийж, Монголын эх сурвалж, хуучны хөшөө, хуучны захиа, хуучин монгол бичгийг судалсан. Нөгөө талаас шинжлэх ухааны эсрэг баримтууд их гарах болсон.

Москвад, Орос даяар хэвлүүлэхийн тулд хэвлэх газрынхан уншдаг. Тэгээд хэрэв  таалагдвал, редакторлаад хэвлэдэг. Одоо Орост том ном хийе гэвэл түүхэн байх ёстой гэсэн ойлголттой байгаа.

-Том ном гэдэг нь?

-Агуу бүтээл. Жинхэнэ уран зохиол бол орчин үеийн талаар биш. Дандаа болж өнгөрсөн явдлын талаар өгүүлдэг. Би өнгөрсөн үйл явдлын тухай өгүүлсэн хоёр бүтээлээрээ шагнал хүртсэн. Ер нь надаас өмнө бас дараа нь шагнал хүртсэн хүмүүс бүгд өнгөрсний талаар бичсэн байсан.  Жишээлбэл, дайн, 1930, 1940, 1950-аад оны үйл явдлыг өгүүлсэн байдаг. Ер нь 1970-1980-аад оны тухай ном бараг байхгүй. Тиймээс зохиол бүтээл туурвихдаа хамгийн гол нь сэдвээ хэр сонирхолтой вэ гэдгийг нотлох хэрэгтэй. Алдартай сериал, кино, номнууд өнгөрсөн цаг үеийн тухай өгүүлсэн байдаг.

-Таны намтартай танилцахад 14 ном хэвлүүлсэн байсан. Тэгэхээр ихэнх нь түүхэн ном уу?

-Үгүй ээ. Би 10 роман, хэдэн богино өгүүллэгийн цуглуулгатай. 10 романаас нэгд нь 1983 оны тухай өгүүлсэн. Уран зөгнөлт. Бусад нь одоо цагийн тухай.

-Таны нэг зохиол радио жүжиг болсон гэсэн байсан?

-Намайг радио жүжиг бичиж өгөөч гэж гуйсан. Миний нэг зохиолыг радио жүжиг болгон хувиргасан. Би хоёр дахь удаагаа радио культурагаар ажиллаж байна.

-Жирийн зохиолоос юугаараа ялгаатай вэ?

-Яруу найраглал хэсгийг нь хасдаг. Бид радио жүжиг сонсохдоо жүжигчдийн хоолойг ялгаж салгах хэрэгтэй дуу авиаг оруулна. Жишээлбэл, морь янцгаах, хаана болж байгааг ойлгох хэрэгтэй. Үнэндээ хэцүү л дээ. Гэхдээ би оролдож үзэж байна.

-Оросын театрт  өөр ямар  театрын урсгал орж ирж байна. Театрын  жүжгийн  утга агуулга, санаа ямар  чиглэл рүү явж байна вэ?

-Драматург их өөрчлөгдөж байгаа. Зохиолын хувьд 20, 50, 100 жилийн өмнөхөөс өөр болсон. Бид Толстой, Чехов, Достоевский, Пушкин, Гоголь, Шекспир, Маргогийн зохиол дээр өссөн. Гэхдээ одоо яг Достоевский шиг бичнэ гэвэл хүмүүс ойлгож хүлээж авахгүй. Островский шиг жүжгийн зохиол бичвэл бас хүлээж авахгүй. Хэл өөрчлөгдөж байна. Бүгд өөрчлөгдөж байна. Үүнийг хөгжим дээр жишээ дурдаж ярьвал илүү ойлгомжтой байх. Миний хүүхэд байхдаа сонсож байсан хөгжмийг манай аав ээж таашаадаггүй байсан. Харин аав ээжийн хүүхэд байхдаа сонсож байсан дуу нь сонирхолгүй, уйтгартай байсан. Одоо миний хүүхдүүдийн сонсож байгаа дуу тэс өөр. Зохиол үүнтэй л адил. Тийм огцом хөгжим шиг өөрчлөгдөөгүй ч одоо орчин цагийн хүмүүст өнгөрсөн зууны хэлээр бичиж ойлгуулах боломжгүй. Одоо жүжиг өөрөөр бичигдэж, өөрөөр тоглогдож, гэрэл нь хүртэл өөрөөр тусгагдах болсон.

-Цаг үеийн ялгаатай холбоотой байх?

-Тийм ээ. Шинэ цаг үед шинэ үйл явдал болж байна. Миний төрөлх хот өмнө нь Брежнев нэртэй байсан. Найман жилийн өмнөөс  хуучин Набережный Челны нэртэй болсон. Энэ талаар эсэргүүцэж шүлэг хүртэл гарч байсан. Набережный Челны гэж миний төрөлх хотод татар хэл дээр жүжиг тоглогддог юм. Шинэ найруулагч ирээд орчин үеийн шийдэл бүхий дөрвөн цагийн жүжиг дэглэсэн. Гэтэл үзэгчид хоёр хуваагдсан. Нэг хэсэгт нь их таалагдсан. Татар найруулгад шинэ уур амьсгал төрлөө гээд их дуртай байсан. Нөгөө хэсэг нь уламжлалт татар жүжгээ үзмээр байна. Бид ийм жүжиг үзмээргүй байна гэсэн. Нэг талаас дассан, сурсан зүйл сайхан. Нөгөө талаас шинэ зүйл үзэж, харахгүй бол бид байрандаа хөгцөрч үгүй болно.

-Өвөрмонголчуудтай холбоо тогтоохыг хүсэж байна уу. Ингэж асууж буй учир нь  тэд зохиолоо орос  хэл руу хөрвүүлэх  бодолтой байдагтай холбоотой юм л даа?

-Би бол сонирхогч. Надад ямар ч холбоо байхгүй. Павел Басинскийгийн хэлснээр орчуулгын институт гэж байдаг. Орос хэл рүү хөрвүүлэх бол сонирхож байгаа хүнийг олох хэрэгтэй. Манайд сүүлийн хоёр жилд л хятад зохиол руу анхаарлаа хандуулж эхэлж байна. Тиймээс ямар хэл дээр бичигдсэн байх нь хамаагүй. Гол нь сонирхох хүнээ л олох хэрэгтэй. Тэгэхгүйгээр зүгээр таалагдсан номоо орчуулаад хэвлүүлэх хэцүү. Ингэхийн тулд энэ номоор орлого ашиг олж болно гэдгийг нотлох хэрэгтэй. Танай, манай улсын иргэд ном бага уншдаг. Тэр тусмаа орчуулгын ном. Эсвэл хятадууд шиг бүх санхүүгийн зардлыг нь даах хэрэгтэй. Дан сэтгэл хөдлөлөөр энэ ажил урагшлах боломжгүй. Өөр нэг арга бий. Энэ нь Америк, Германд тухайн номыг таниулж орчуулах. Дараа нь англи хэлнээс орос руу хөрвүүлбэл хамаагүй хурдан. Одоо олон хятад зохиол англи хэлнээс хөрвүүлэгдэн гарч байна. 2000-аад оны үед хятад хэлнээс орос руу хөрвүүлсэн нэг л зохиол байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 211 (7196)