Б.АЛТАНГЭРЭЛ
Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шашны сургуулийн дотуур байранд “Манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалт явуулахад урьдчилсан байдлаар IV ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий дөрвөн хүүхэд бага ангийн нэр бүхий найман хүүхдийг зодож эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
БСШУ, спортын сайдын 2018 оны А/239 дүгээр тушаалаар “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам” болон бусад эрх зүйн актаар тухайн сургуулийн удирдлага, багш, дотуур байрны багш хүүхдийн аюулгүй байдлыг хангах шууд үүрэгтэй байдаг тул энэхүү үүргээ хэрэгжүүлэх, сургуулийн дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: www.zms.mn