(Утга зохиолын шүүмж)

Монголын яруу найргийн “Мөнгөн үеийнхэн”-ий дунд Хонгор нутгийн “Зурам” Хуягаа тодотголтой орж ирсэн, Бэсүд овогт Чогдонгийн Алтанхуягийг Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, малын зоотехникч мэргэжилтэй, яруу найрагч гэдгээр нь цөөнгүй хүн мэдэх билээ. Тэрээр эх хүний тухай үгээр урлаж, уншигч олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлснээс хойш эдүгээ гучаад жил болжээ. Түүний яруу найргийг Англи Австрийн суут философич Л. Виттгенштейн “Хэл хэлмэрийн тоглоом”-ын онолоор тайлан тайлбарлахыг хичээснээ уншигч олонтойгоо хуваалцаж байна. Л. Виттгенштейн  хэлэхдээ “ Үгийг хэрхэн хэрэглэхийг мэднэ гэдэг шатрын нүүдэл хийхийг мэдэхтэй адил”[1] гэсэн юм. Ингээд хамтдаа яруу найргийн үгэн нүүдлийг сонирхож,  “бод хүүг” хэрхэн сэлгэх уран  ухаанаас суралцан, мэдлэгийн тухай тайлан гаргацгаая.     

Ч. Алтанхуяг “ Ээжийдээ” (Цуврал шүлэг)

Орчлонд хүмүүн заяа түшүүлсэн бурхан минь

Олон шөнө нойроо хугасалж өсгөсөн ээжий минь

Алдахад минь аврах, асгарахад минь дүүргэх амьд бурхан минь

Аргал зэрэглэж, орчлонг бүлээцүүлсэн галын бурхан минь

Ээжий минь ээ

Дэлхий дүүрэн бурхад байлаа  ч

Дээлтэй ганцаас минь илүү нь үгүй

Орчлон дүүрэн мэргэд байлаа ч

Олдсон ганцаас минь ачтай нь үгүй

Сааль нэвчсэн энгэрээс нь илүү диваажин гэж үгүй

Санчиганд нь унасан цагаан хяруунаас илүү гоёл гэж үгүй

Ээжийдээ үнсүүлэхээс илүү шагнал гэж үгүй

Эргэж ирэхгүй буцахаас нь илүү хагацал гэж үгүй

Орчлонд хүмүүн заяа түшүүлсэн бурхан минь

Олон шөнө нойроо хугасалж өсгөсөн ээжий минь

Алдахад минь аврах, асгарахад минь дүүргэх амьд бурхан минь

Аргал зэрэглэж, орчлонг бүлээцүүлсэн галын бурхан минь

Ээжий минь ээ...

Шүлгийн эхний дөрвөн шадыг, шүлгийн төгсгөлд  давтан хашиж бөхөөс бөх суурьтай, утга төгөлдөр, уран яруу “Хөлөг”[2] бүтээжээ. Энэхүү хөлөг дээрээ зохиогчийн зүгээс ээжийгээ “ Хүмүүн заяа түшүүлсэн бурхан”, “Галын бурхан”, “Дээлтэй ганц”, “Амьд бурхан” гэх мэтээр нэрлэж сонгодог  “Тэмдэглэл” хийж эх хүний тухай хөлгийн талбар дээр өвөрмөц байрыг сонгосон байна. Уншигчийг “мэдэгч”-ийн байранд тавьж “Олон шөнө нойроо хугасалсан нь үнэн”, “Санчиганд нь унасан цагаан хяруунаас өөр гоёл үгүй нь гарцаагүй л үнэн”, “Ижийдээ үнсүүлэхээс өөр шагнал энэ ертөнцөд үгүй” хэмээн дуу нэгтэй зөвшөөрч, хүлээн авах буюу сөрж нүүдэл хийхгүйгээр бууж өгөхөд хүргэсэн байна. Виттгенштейн хэл хэлмэрийн онолоор тайлбарлахын тулд дискурсын өөр өөр хэлбэрийн үр нөлөөг анхааран авч үзсэн бөгөөд хэл хэлмэрийн тоглоомуудад байгаа “Хэллэг”-ийг тодотголоо. Хэллэгийн янз бүрийн ай нь тэдгээрийн шинж ба тухайлсан хэрэглээг тодорхойлсон яг л шатарт бод, хүү нэг бүрийн шинж болон нүүдлийг тодорхойлсон дүрэм байдагтай адил дүрмээр нэрлэгдэх ёстойг “Хэл хэлмэрийн тоглоом” гэх нэр томьёогоор авч ашиглалаа. Энэ тоглоомонд дараах гурван шинж бий. Үүнд:

  1. Тоглоомын дүрмүүд өөрийнхөө легитимацийг өөртөө агуулдаггүй. Харин тоглогчдын хоорондын илт ба илт биш зөвшилцөлийн обьект мөн. Зохиогч, уншигч хоёрыг тоглогч гэж үзвэл илт зөвшилцөлд хүрч байна. Зохиогч тоглоомын дүрмийг өөрөө зохиогоогүй учир, уншигчийг хүлээн зөвшөөртөл бичиж байгаа нь өөрөө гайхамшиг бөгөөд  дээрх онолоор бол “дүрэм” юм.
  2. Хэрэв дүрэм байхгүй бол тоглоом байхгүй. Түүгээр үл барам нэг дүрмийн ялимгүй өөрчлөлт тоглоомын уг чанарыг бүхэлд нь өөрчилж ч болно. Энэхүү шүлэг нь гэгээн өнгөтэй, сайхан үгсээр нүүж байгаад “Эргэж ирэхгүй буцах” тухай нэгэн өөр өнгөөр нүүж, уншигчийг хэсэгхэн хугацаанд бодолд автуулан ертөнцийн хатуу болоод үнэний тухай эргэцүүлэхэд хүргэж байна. Гэсэн хэдий ч уншигч “Зөвшөөрөх” байрнаасаа хөдлөөгүй, зохиогчийг сөрж нүүгээгүй юм.
  3. Хэллэг нэг бүрийг тоглоом дах нүүдэл гэж бодох ёстой. “Дээлтэй ганц”, “ Аргал зэрэглэсэн ээж”, “ Сааль нэвчсэн энгэр” гэх мэт хэллэг нь яах аргагүй монгол ахуй, монгол ээжийг санагдуулна. Шинэ үг хэллэг, утгыг бодож олох нь уншигчид их баяр хөөр төрүүлж байдаг бөгөөд хэлэхүйн түвшинд ийм л зүйл хэлийг хөгжүүлж байдаг билээ. “Ижийдээ очихоос өөр шагнал үгүй” гэх хэллэг энэхүү шүлгээс үүдээд, эдүгээ хүн бүрийн амнаас гарах ердийн хэллэг болтлоо хөгжин хэлийг баяжуулсаар байна.  Тэр нэг л тодорхой замаар нүүгээд байна. Зөвхөн хожихын төлөө л тоглодог гэсэн үг биш. Нүүхдээ бодож олох, зохиож туурвихуйн таашаал эдлэх гэж “өрж” болно. Тэр нүүх нүүхдээ давхар утга илтгэн, үлэмж санаа бүтээсээр нүүж байна. ”Алдахад минь аврах, асгарахад минь дүүргэх амьд бурхан” гэхээс өөрөөр ижийгээ яаж магтах билээ? Түүний уран “Нүүдэл”-ээс хэл хэлмэрийн тоглоомын уян сүлжээн дах бүтээлч чанарыг илтгэж байдаг монгол ахуй, уламжлалт соёлыг ч харж, мэдлэг бүтээж болох юм.

                                                                                                   154-р сургуулийн МХУЗ -багш Т. Шижиртуяа

                                                                                                                               Утас: 91146976.

 

[1] Аlice Ambrose ( Ed).”Witgenstein’s Lectures-Cambridge 1932-1935” Prometheus Books: 2001. P.3.

[2] Хөлөг- Шатар, мягман, жирэг, бух зэрэг тоглоомыг өрж наадах хүснэг зураг  бүхий тавиур. Я. Цэвэл (1966) “Монгол хэлний товч тайлбар толь” Улаанбаатар хот. Улсын хэвлэх үйлдвэр. 709-р тал.