Р.ОЮУН

УИХ дахь АН-ын бүлэг Ковид-19 цар тахлын үед Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд нээлттэй ярилцаж, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэ оны зургадугаар сард Ковид-19 ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргасан. Энэ хүсэлтийг нь хүлээн авч Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Ковид-19 ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээр ахлуулан байгуулав. Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд оруулсан боловч байнгын хорооны ирц бүрдээгүйгээс шинжээч томилуулах асуудал шийдвэрлэгдээгүй. Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23, 24-нд зохион байгуулах товтой ч шинжээч ажиллуулах хугацаагүй болсон тул сонсголын товыг хойшлуулах хүсэлтийг байнгын хороонд гаргав.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нарыг томилжээ. УИХ-ын гишүүдээс Б.Баттөмөр өмнө нь УИХА-аас байгуулсан цар тахлын үеийн төсвийн хяналтын түр хороог ахалж байсан. Тус дэд хороо Ковид-19-ийн үеийн төсвийн хяналтын хүрээнд тодорхой үр дүнд хүрээгүй, тусгай хяналтын сонсгол зохион байгуулалгүй татан буугдсан байна. 

2023 оны долдугаар сарын 7-ноос хойш УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газар болон УИХ-ын харьяа байгууллагуудад 18 асуулга тавьсан байна. Эдгээр асуултад тодорхой хариу ирүүлээгүй тул холбогдох сайд нарт хандсан мэдээлэл гаргаж ирүүлэх хугацаатай албан бичиг илгээсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. 

Эх сурвалж www.polit.mn