П.АМГАЛАН
МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг "Ковидоос хойш Нийслэл хотыг дэд бүтэцжүүлэх ажлын хөрөнгө мөнгөний асуудлууд зогссон байсан. Сая улсын төсөв хэлэлцэж байх үед орон нутагт орон сууц баривал татвараас хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлууд орж ирсэн. Харин өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулахтай холбоотой багц хуулийн төслийг анх удаа оруулж ирж байна. Үүнийг ажил явах эхлэл тавигдсан гэж харж байна. Учир нь гэр хороололд орон сууц барих ажлыг Сэлбэ дэд төвийг түшиглээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууц барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэх, нөгөө талаасаа орон сууц барих ААН-үүдийг гааль, НӨАТ-ын татвараас хөнгөлөх зэрэг таатай нөхцлүүдийг заасан заалтууд орж ирж байна. Тиймээс МАН-ын бүлэг агуулгын хувьд дэмжсэн. Харин татвартай холбоотой асуудалд нь хуулийн хүрээнд болгоомжтой хандах ёстой. Засгийн газар энэ асуудлаа шийднэ. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудлууд явж эхэлж байна. Мөн үнэлгээний асуудал дээр уг хуулийн төсөлд Х.Нямбаатар дарга төр оролцож АНН, иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж ажиллах цогц хууль эрх зүйн орчинтой оруулж ирсэн” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn