Д.ЦЭРЭННАДМИД

 

 

Эрлийн үзүүрт энэ хүнтэй уулзлаа

 

Драмын театр хавиар явахад өндөрдүү зэгзгэр биедээ зохицсон жавхаалаг алхаатай нэгэн нөхөр заримдаа юмаа гээчихээд эрж яваа юм шиг нэг бол асар их бодолд дарагдсан мэт алхах дүр зургийг илтгэн тааралдах нь цөөн биш г. Харин миний хувьд түүнтэй урьд нь нүүр тулан уулзаж үг хэл болж яваагүй ч тайз дэлгэцийн уран бүтээлд олон удаа харсан болохоор өө нөгөө драмын театрынхны хэлдгээр “Сахал Пүүжий” буюу жүжигчин Ж.Пүрэвдорж байна гэж түвэггүйхэн төсөөлдөг юм. Жаахан шүүмжлэлтэйхэн хандах юм бол энэ урт сахал, үс өөрт нь дараатай байдаг болов уу гэсэн санаа төрдөг байв. Гэхдээ тэр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй нэгэн юм.

Саявтардаа, эгэл монгол гэхээр нэгнийг хайж явах зуур түүний өвөрмөц дүр санаанд тодров. Тэгээд уулзахыг санал болгов тэрэнд. Гэтэл эхлээд тун цааргалангүй байлаа. Зөндөө учирласны дараа “За яахав” уулзах уу даа гэж ам нээсэн юм. Уулзлаа. Ятгаж үзлээ. Хүн амьд явна гэдэг амьдрал дунд бужигнаж явахыг хэлдэг. Амттанг хүртэхдээ ч гашууныг нь мэдэхийг хүсдэг шүү дээ гэж эхлээд тэгээд би сурвалжлагч гээд болсон, болоогүй олон асуултаар булж болгоосон болгоогоогүй олон хариулт өөрөөс чинь сонсох гээгүй юмаа. Зүгээр л сайхан хөөрөлдөе гэснээр түүний чухам хэн бэ гэдэг нь мэдрэгдэж байлаа. Би ч эрлээ олов гэж баярлав.

Тэрбээр “Би чинь сонин хүн шүү дээ” гэж байна лээ. Юу нь сонин бэ гэж лавшруулан үг сонсохыг хичээвэл

-Би бусад шиг өөрийгөө дөвийлгөж ярих тун дургүй. Хэвлэлийнхэн ярилцлага авъя л гэдэг юм. Бараг зугатаана. Тэр фэйсбүүк энэ тэр байхгүй. Мөнгө хөрөнгө хураах, хуримтлуулах бодол огт үгүй. Хазгай гишгэх, худлаа хэлэхийг цээрлэдэг. Хэн нэгэн намайг сайнаар хэллээ гээд сагсайдаггүй, муу хэлэхэд урвайдаггүй л хүн дээ. Ер нь Пүрэвдорж өөрөөрөө л байх нь зөв гэдэг бодолтой нэгэн сонин биз дээ хө гэж байх юм.

Энэ үгнээс нь үүдээд Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж нэг удаа “Амьдралд зөв хүн гэж бий. Тэр тусмаа жүжигчин хүн зөв байх учиртай. Энэ Пүрэвдорж хэдийгээр жүжигчний хувьд сургуульд сураагүй ч зөв замаар явж ирсэн хүн. Юм сурах, мэдэхийн төлөө хичээдэг нь мэдрэгддэг. Өөрөө зөв хүн учир орчин тойрондоо зөв уур амьсгалыг түгээж явдаг. Хийсч хөөрөөд цээжээ дэлдэнэ гэж байхгүй. Аливааг амьдралын сорилт дундаас шүүн авч чаддаг, монгол ухаантай, монгол үнэртэй жүжигчин юм шүү” гэж үнэлснийг уншсанаа санав. Бас өөр нэг найруулагч “Ж.Пүрэвдорж бол оноож өгсөн дүрийг хэзээ ч голж байгаагүй. Сонгодог хийгээд үндэсний түүхэн, орчин үеийн аль ч жүжигт оролцохдоо монгол ухаан, амьдралын ажиглалт, ой тогтоолт дээрээ үндэслэн боловсруулж дүрээ өөрийн болгож чаддаг хүн” гэж тодорхойлсон.

Ер нь жүжигчин хүний ерөнхий онцлогийг хэлэх юм бол тэр хүн өөрөө өөртэйгөө ажиллахыг хэлдэг гэж болох байх. Энэ ойлголт дээр бид хоёрын санаа аяга, ам хоёр шиг нийлж байлаа л даа. Сайхан дурсамжууд гэдэг бол амьд судар шүү дээ гэсэн үгэнд нь бас олзуурхав. Түүний жүжигчний замд хөтөлсөн бяцхан дурсамжийг нь сонирхуулъя.

Залуу Ж.Пүрэвдорж мал зүйч мэргэжилтэй болчихоод Завханы Шилүүстэйд мал аж ахуйн бригадад мэргэжлээрээ ахархан ажиллаж байгаад удсангүй сумандаа албан хаагч болж байсан нь намтрынх нь эхлэл. Багаасаа дуу хөгжимд авьяаслаг нэгэн сайн дурын урансайханч байв. Бүх ард түмний урлагийн наадамд дуугаар оролцоод алт, мөнгөн медаль хүртэж байсан юм гэдэг. Гэтэл 1980-аад оны эхэнд аймаг нь театртай болох үед орон нутгийн төр, захиргааны шийдвэрээр төвд татаж, дуучин гэдэг үнэмлэх атгуулчихсан байх юм. Урлагийн зам нь ингэж эхэлжээ.

 

Урлагт зүтгэсэн 42 жил

 

И.Цоодолын “Наран гиймэл Улиастай” жүжгийн цэргийн дүрд тоглосон нь анхны дүр байж. Түүнээсээ хойш “Батлан даалт”, “Танд ямар хамаа байна” жүжиг болон “Учиртай гурван толгой” алдарт дуурийн Балганд хүртэл дуулж байсан гэнэ. Нэг удаа Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан Үндэсний театрын наадам Ховд аймагт болж. Тэнд Завханы театрынхан “Алтан үст охин” дуулалт болон “Шаналгаа” гэдэг драмын жүжгээр оролцсон байдаг. Тэр бүхэнд Ж.Пүрэвдорж гол дүрд нь тоглосон, дуулсан байх юм. Тэр наадмын дүнгийн хурал дээр шүүгчээр ажилласан найруулагч Г.Доржсамбуу “Бид жүжигчин шалгаруулах гэж ирээгүй ээ. Гэхдээ Ховдоос Д.Найдан, Баянхонгороос Ж.Дорлигжав, Завханаас Ж.Пүрэвдорж нарыг УДЭТ-т урилгаар ажиллуулахаар болсноо мэдэгдье” гэлээ.

Ж.Пүрэвдоржийн хувьд жаахан балмагдах ч шиг “Би тэр том театрт чинь барах болов уу” гэхэд. Г.Доржсамбуу шуудхан “Чамайг гуйх ёстой юм уу” гэсэн үгээр амыг нь тагласан гэдэг. Ингээд л эрдмийн их театрын жүжигчин болсон доо. Тэр нь надад тохиолдсон мартагдашгүй хувь заяа байлаа гэж нөхөр дурссан юм. Жүжигчин Ж.Пүрэвдорж 40 гаруй жилийн хугацаанд юу хийж бүтээсэн юм бол гэвэл 100 шахам жүжгийн гол болон туслах дүр, 50 гаруй дэлгэцийн бүтээлд оролцон тоглосон гэсэн хувийн статистик түүнд байх юм билээ. Нэгэнтээ найруулагч Н.Ганхуяг “Улаанбаатарт ирүүлэхээр улсын том театрт уригдсан чинь оносон уу” гэхэд Ж.Пүрэвдорж “онолгүй яахав. Тэгээгүйсэн бол би өдийд Улиастайн гудамжинд лааз, чулуу өшиглөөд явж байх байсан ч байж магадгүй” гэж хариулсан байдаг. Улсын эрдмийн их театр гэдэг өндөр босготой урлагийн ариун сүмд уригдаж ирнэ гэж урьд нь ер бодоогүй. Энэ чинь хэн хүнд олдох хувь заяа биш гэсэн гэгээхэн дурсамжаа бас хэлдэг.

Тэгээд л Ж.Пүрэвдорж “Академик” гэх тодотголтой том театрын нэр төрийг гутаачихгүй юмсан гэж чадлынхаа хэрээр зүтгэж, түүнийг анх театрт ирэх үед Монголын урлагийн алтан үе гэгддэг Н.Цэвэгмэд, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Н.Сувд, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гэсэн аваргууд байсан тухай ярьдаг. Тэр үгэнд нь баярлахын учир бас байна л даа. Юунд нь баярладаг юм бэ гэвэл одоо байгаа болон байхгүй олон сайхан хүнтэй уулзуулах шиг болсон. Ж.Пүрэвдорж хэн нэгний тухай дурсан ярихдаа нүд нь улам очдож тэр хүнийхээ сайн, муу талыг шударгаар өгүүлэх нь бусдаас өвөрмөц.

Ер нь бол урлагийн ариун сүмд хавирга сүврэгээ нийлүүлэх мэт ханьсаж явсан нөхдийнхөө тухай хүн бүр тэгж илэн далангүй ярьдаггүй дээ. Олонх нь бүхнийг цагааруулж магтана. Үзэгчдийн мэдэхээр “Их замын эхэнд” киноны “Хөх  чоно” хэмээх дүрээрээ алдаршсан С.Дамдин агсны тухай дурсахдаа түүнтэй сайхан нөхөрлөж явлаа. Хувийн болоод хувьсгалын амьдралдаа алдаж, онож явсан ч эгэлгүй нэгэн ард байлаа шүү дээ. Тэр театрынхан эхэн үедээ “Мангар Дамдин” л гэцгээдэг байв. Би харин тэр нэрийг нь “Баавай Дамдин” гэж өөрчилж байлаа гэж дурсав.

За тэгээд Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж, Б.Баатар гэх аугаа найруулагчдаасаа ихийг сурч мэдсэн гэж хэлнэ лээ. Тайз, дэлгэцэд түүний бүтээсэн дүр олон гэдэгт түмэн үзэгчид нь хэлүүлтгүй андахгүй биз ээ. Гэхдээ заримыг нь тодруулж хэлэхгүй бол алдас болно гэж бодлоо. Манай драмын театр У.Шекспирийн алдартай сонгодог таван жүжгийг тайзан дээрээ амьдруулсан гэдгээрээ Азидаа толгой цохьдог бол тэр бүхэнд Ж.Пүрэвдоржийн бүтээл хамаарч байдаг аж. Яагаад гэвэл “Макбет”-ын Ментил, Ричард Ван-гийн Ретклиср, Кларенс, “Ромьео Жуллето”-гийн Петрод Ж.Пүрэвдорж тун гаргуун жүжиглэсэн байдаг. Цаашилбал А.П. Чеховын “хурим” жүжгийн гэрч нөхөр, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн зар мэдээч, Н.В.Гоголын “Амьгүй албат” жүжгийн Сэлбээн, “Далан худалч” жүжгийн Галдан гээд явж өгнө.

Тэр бүх үндэс угсаа, гарал үүсэл, ажил мэргэжил нас хүйсийн ялгаатай дүрүүдэд жүжиглэхдээ Ж.Пүрэвдорж гэсэн тамга дарсан мэт байдаг тухай түүнтэй мөр зэрэгцэн тайзнаа хөдөлмөрлөж ирсэн нөхөд нь ярьдаг юм билээ.

Хаан түүх гэж С.Жаргалсайханы гурвалсан ангитай жүжигт түүний хэрхэн тоглосон тухайд урлаг судлаач Дү.Мягмарсүрэн жүжигчин Ж.Пүрэвдорж эзэндээ үнэнч, шударга Нүүнж гэдэг сайдын дүрийг тун үнэмшилтэй бүтээсэн гээд үнэн шударгын төлөө тэмцэхдээ өөрийн амиар хүүгийнхээ амийг аварч буй дүр төрхийг тун сайхан гаргасан гэсэн бий.

Сүүлийн үеийн дүрүүдээс нь бас нэгийг онцолбол Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульс жүжгийн төрийн “Их зайран”-д тун гарамгай жүжиглэснийг үзсэн бүхэн бахдан ярих юм билээ. За тийм ээ. Бичигч би тэр жүжгийг харсаан. Хүн улсын их хааны өргөөнд Түмэн Шаньюй тэргүүтнүүд морилон найрлаж байхуйд Их зайран –Гурван Замбуу тивд гарын минь хумс гадага дэгээ болтол амь цогийг сахиж ариун төрийг гэрэлтүүлсэн би. Булаг алаг нүдээрээ буурлын нутгаа ширтэж харгай улаан гараараа хайрхан тэнгэрийг түшсэнсэн. Энэ бүх үйлс маань их улсаа мандуулах гэж зорьсных. Хүн улсаа мандуул гэж хөх тэнгэр бидэнд зарлигдсан. Гэтэл цэнгэл найр хавтгайрч, урт хэл хүзүү ороож байна бус уу хэмээн хилэнтэйхэн хэлээд луу толгойтой могойн арьсаар бүрсэн зургаадай таягаараа ордны шалыг дэлдэхэд найрлагсад бүгд нам жим болдог.

Түүний сүртэй өмсгөл сэлт, ааг аястайхан ширүүхэн үгс хэн бүхнийг бодолд автуулж байсан юм. Нээрээ л их зайрангийн айлдвараас ургуулан бодохуйд өнөөгийн Монголд ч бусармаг, худлаа хуурмаг явдал ихэсч найр наадам олширсноор архидалт газар авснаар улс орон маань хөгжлийн байх түвшиндээ хүрч чадахгүй байгаа юм бишүү ч гэж бодогдсоноо нуугаад яахав.

Киноны тухайд Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” киноны Дамбаас эхлээд “Үхэж үл болно”-ын Дайр үсэн, “Богд хаан”-ы Үглэн черби, “Босго тотго”-ын Оспан гээд л тоочих болно. Тэр бүхнийг үлдээлгүй хэлнэ гэвэл цаг зав, сонины зай талбай ч багадах янзтай юм билээ

Басхүү “Царцаа Намжил” дуурийн Эрлэг номун хаан, “Анна Каренина” жүжгийн Хамба лам болоод цөөнгүй кино жүжигт бөө талын сонирхолтой дүрүүд Ж.Пүрэвдоржийн чухам ямар жүжигчин бэ гэдгийг барин тавин “хэлээд” өгдөг юм шүү дээ.

Жүжигчин Ж.Пүрэвдоржийн ихээхэн эрэл хайгуул хийж өөртэйгөө уйгагүй ажилласан Софоклын “Эдип хаан” жүжгийн Лай хааны хоньчны дүр бол аль ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх дүр юм гэдгийг урлаг судлаачид бичсэн бий л дээ.

Хоньчин юуг гаргасан юм бэ? гэвэл Эдип хааны нууцыг хэзээ ч хэлэхгүй байх санаа агуулж ирсэн тэр хөөрхий эр эцэст нь аймшигтай үйл үнэнийг задалж үхэн үхэтлээ настай хүний төрх байдал, харц, дуу хоолойных нь өнгө үзэгчдийн сэтгэлд бүрэн хүрч чаддаг юм.

Ер нь бол Ж.Пүрэвдорж алив жүжигт гол, туслах дүр гэж ялгаатай хандалгүй эн тэнцүү жүжиглэдэг онцлоготой.  Өөрийнх нь ярианд ч тэр нь ил байдаг юм. Тэрбээр жүжиг, киноны олны хэсэгт юм уу хэн нэг туслах дүрийг гол дүрийн хэмжээнд авч үзэж мөн чанарыг нь төгс гаргахыг хичээн хөдөлмөрлөдөг учир тэр дүрүүд нь уг жүжигтээ үнэт чулуун шигтгээ лугаа гялалзаж байдаг гэж Б.Баатар найруулагч хэлсэн байх юм билээ.

 

Гол дүр туслах дүрийн хүчээр л амилдаг

 

Энэ үгийг Ж.Пүрэвдорж хэлнэ лээ. Үүнээс үүдээд жүжиг, кинонд заавал байдаг туслах дүрийн тухай бид нэлээн тогтож ярилцсан юм.

Түүний ярианд түшиглэн хэлэхэд жүжигт аль нэг дүр аваад тоглоно, жүжиглэнэ гэдэг чинь зүгээр нэг үг чээжлээд тайзанд гардаг юм биш.

Тэр дүрийнхээ үеийн түүхийг үзнэ харна, судална. Эрдэмтэн мэргэдтэй уулзаж зөвлөгөөг сонсоно. Нэг томоохон жүжигт тоглоно гэдэг нэг дээд сургууль төгсөхтэй ижил гэх.

Ж.Пүрэвдорж эрхмийн үгээр бол нэг дүр бүтээхийн тулд эрдмийн зэрэг горилох десертац бичихтэй адилхан хөдөлмөрлөбөл сайн дүр гарна гэнэ.

Ер нь үүнээс болж театрыг чинь эрдмийн гэх тодотголтой болгосон байлгүй дээ гэж байх юм. Пүрэвдоржийн үг ярианаас энэ мэтээр нэг тосон ухаан мэдрэгдээд байх юм. Үүнийг монгол философи үнэртдэг ч гэж хэлж болохнээ дээ.

Бичигч миний нэг хайж явдаг зүйл бол хэнтэй ч уулзсан тэндээс хүний мөн чанар гэдгийг л чухалчилдаг л даа.

Би цаг үеийн гэрч нь гэж тэр хэлнэлээ. За тиймээ. Би ч энэ цаг үеийн энэ Монгол орны энэ монгол амьдралын нэг хэсэг нь түүхийн гэрч нь яахын аргагүй мөн. Урлаг гэдэг бол байхгүйгээр байхыг цогцлоох, байгаагаараа байхгүйг бүтээхийг хэлдэг юм байна л даа.

Ж.Пүрэвдоржийн бүтээсэн дүрүүдийн дийлэнх нь туслах дүр юм. Тэр дүр бүрийг бүтээхдээ жинхэнэ тултал нь хийх юмсан, үзэгч түмний оюун санаанд нэмэртэй санаа гаргахсан гэдгийг эрхэмлэдэг мань хүний урлагийн амьдралын чиг шугам нь юм л даа. 

Нээрээ л туслах дүртэй байж гэмээнэ гол дүрийг тодосгож өгнө гэдэг жүжгийн урлагийн гол философи нь болж таарах нь. Энгийн жишээ авъя л даа.

Гэр барья гэж бодъё. Тооныг нь гол дүр гэж бодвол хана, уньгүй бол /туслах дүрүүд/ гэр босох уу. Үгүй шүү дээ. Адилтгал гэдэг бол арга ядарсан юм биш гүн ухааны хувьд нэг эд эс нь байдаг даа.

Тэгвэл хөргийн эзэн Ж.Пүрэвдорж маань гол дүрд тоглохсон гэж шунаад байдаггүй тийм ч байсаар ирсэн. Энэ тухайгаа тэрбээр илэрхийлэхдээ –Миний хувьд жүжгийн олны хэсэг, туслах дүрд их ач холбогдол өгдөг. Жүжиг ганц гол дүрээс бүтдэггүй. Туслах дүргүй бол гол дүр амьгүй гэсэн үг.

Гол дүр туслах дүрүүдтэйгээ хамт байж тайз бүтэн болдог. Жүжгийн үйл явдал бүрэн амилна гэж байналээ.

Ер нь Ж.Пүрэвдорж гэдэг жүжигчин их бясалгагч талын хүн юм. Аль нэг дүрийг аваад тэр талын ном судар уншина. Яаж жүжиглэхэв гэдэг дээрээ их ухаан зарна. Тиймээс түүний бүтээсэн дүрүүд сайн болдог аж.

Зарим нэгэн жижиг дүр гэж ярих нь бий. Энэ буруу хэллэг. Утгын хувд алдаа бололтой юм билээ. Харин туслах дүр гэдэг туйлын оновчтой нэр ажээ. Ж.Пүрэвдоржоос ”Өөрөө багштай юу гэхэд” шуудхан надад багш гэж байхгүй. Харин эргэн тойрныхон хамт ажиллагсад маань багш гэсэн юм.

Олон сайхан хүнтэй тайзнаа амьдарсаан гэж хэлнэлээ. Тэднээсээ үлгэр авах сурах юм их л байсан болов уу.

Энэ сэдэв хөндөгдөхтэй зэрэг алтан дурсамжуудаа хөврүүлнэ. Театр гэдэг хагас цэргийн зохион байгуулалттай байх ёстой газар учир жүжигчдээс ёс зүй /этика/ шаарддаг. Их Г.Гомбосүрэн гуайг хэн нэгнийг загнаж байхыг харсан хүн байдаггүй гэдэг. Өөрийг нь хүн бүхэн хүндэтгэдэг болохоор бусдыг хүндэтгэдэг ёс зүй түүнд байж.

Ж.Пүрэвдоржийг Гомбосүрэн гуай нэрээр нь дууддаггүй. Зөвхөн хархүү л гэх.

Ричард ван жүжигт тоглож байхдаа нэг удаа Ж.Пүрэвдорж алдаа гаргаж л дээ. Хамтрагч жүжигчин нь байхдаа хүний толгой таслаад түүнд авчирч өгөхдөө эрүүн талыг нь өөдөөс нь харуулж биш магнай талаар нь өгчихөж. Тоглолт болоод л өнгөрч. Хэд хоногийн хойно Г.Гомбосүрэн гуай “Хөөе хархүү чи тийм алдаа гаргасан аа мэдсэн үү" гэж байж.

"Хөх чоно" хэмээх нэрээр алдаршсан С.Дамдин гуай бол жинхэнэ өгөгдөлтэй жүжигчин гэх. Голдуу дүрээ өөрийн байж байгаагаараа амилуулдаг гэдэг.

Тэр “Их замын эхэнд” киноны “Хөх чоно”-д пробгүйгээр тоглохдоо ч яг л өөрийнхөөрөө байж чадсан. Найруулагч нь ингэ тэг, хувцас хунараа зас, морь мал унахдаа ийм бай гэж бараг хэлээгүй юм билээ. Гайхалтай чадвар энэ.

Бас нэг ямар ч дүрийг бүтээхдээ өөрийнхөөрөө байдаг хүн бол З.Пүрвээ. Үзэгч түмэн “муухай” Пүрвээ гэхээр алддаггүй дээ. Бас л өөрийн гэсэн этиктэй хүн .

“Гажиг” Гармаагаар алдаршсан Ч.Алтан-Өлзий байна. Тэр саравчтай малгайнаас бараг салах дургүй нэгэн байсан. Харин тайзны хажуугаар өнгөрөхдөө  малгайгаа заавал авна. Энэ алтан тайзаа хүндэтгэж байгаа нь тэр.

Ийнхүү Ж.Пүрэвдорж бид хоёр нийгмийн үе бүхэн дундуур туучин туучин театр гэдэг их айлын амьдрал, олон сайхан хүний тухай ярилцлаа. Бахархан дурслаа. Үргэлжлүүлэн яриад байвал дуусашгүй юм даа. Амьд домгууд алтан үеийг бүтээдэг байх нь.

 

х  х  х

 

Ж.Пүрэвдорж эхлээд өөрийгөө сонин хүн гэж хэлсэн. Энэ нь яриан дунд яг ийм хүн байна гэж батлагдаад байналээ.

Жүжигчний хувьд гавъяат цолтой болоогүй ч Соёлын тэргүүний ажилтнаас эхлээд Сүхбаатарын одонгоор шагнагдсан хүн. Гэтэл тэр бүх шагналаа ямар ч баяр наадам, урлагийн баяр боллоо ч зүүдэггүй. Энэ нь тэр төрийн хайр шагналыг чамласандаа биш мундгуудтай зиндаархсан мэт санагдана. Бас онгирсон ч хэрэг болох байх гээд л. Эгэл даруухан хүний л дүр зураг.

Ийм сонин ааш араншинтай нэгэн юм. Пүрэвдоржид элдэв хов жив, муухай мэдээ хэлээд бүр нэмэргүй. Чихнийхээ хажуугаар өнгөрүүлнэ. Аа харин энгийн сайхан яриа өрнүүлж театр, урлагийн тухай ярих юм бол ярина аа. Бүр их ярина.

Тэр бүхнийг сонсохуйд ийм л эгэл даруухан хүний торгон мэдрэмж, хичээл зүтгэлээр, хийсэн бүтээлээр нь эх орны хөгжил тэр дотроо урлагийн зам мөр ариусан тодорч, улмаар цэцэглэн хөгжиж байдаг болов уу.

Ж.Пүрэвдорж сайхан охин, хүү хоёртой. Харин аль нь ч урлагийн замаар явсангүй. Охин Саранчимэгээ урлагийн хүн болно гэхэд дэмжээгүй гэнэлээ. Тэгээд өөр талын мэргэжилтэй болсон ч дуулна. Шүлэг бичнэ. Ая зохионо. Одоо Пүрэвдорж охиноо урлагийн өгөгдөл байж дээ гэж боддог тухайгаа ярьсан л байналээ.

Хүү Б.Отгонбаатар нь сэтгүүлч, олон улс судлалын мэргэжилтэйг дурдаад л өнгөрнө лээ.

Тэр жүжигчний мэргэжлийг хэн ч төгс эзэмшихгүй ээ. Би 40 гаруй жил суралцаад л явж байна. Төгсөх болоогүй л санагддаг гэсэн юм.

Ж.Пүрэвдорж өөрийгөө аз жаргалтай хүн гэж ярьдаг юм билээ. За тиймээ эгэлхэн нэгэн эрд амьдралын сайн сайхныг урлагийн тайз л бэлэглэсэн. Тэгээд ч тэр гэр бүл, найз нөхөд, үзэгч түмэндээ хайртай явж бусдад туйлын хүндэтгэлтэй ханддаг болсон биз. Өрөөл бусдыг хүндэтгэнэ гэдэг өөртөө хүндлэл авчирдаг юм шүү хэмээн хэлсэн үгийнх нь утга учир ердөө алдартай найруулагч Б.Мөнхдоржийн зөв хүн гэсэн үнэлгээнд яг л тохирч байна аа даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)