Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганд 2024 оны төсөвтэй холбоотойгоор үг хэлсэн. Түүндээ өөрийнхөө тэргүүлж буй Засгийн газрын гурван жилийг товч тодорхойлсон байна.

Тэрбээр Засгийн газрынхаа гурван жилийг “Эхний жил, 2021 оны төсвийн жил цар тахлыг даван туулахад илүүтэй чиглэгдсэн билээ. Тухайн үед эдийн засгийн өсөлт -4.7 хувь болон агшиж, улсын төсөв 20 гаруй хувиар тасарч, 1992 оноос хойш тулгарсан эдийн засгийн хүндхэн сорилттой та бид хамтдаа тулсан. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь олон улсын дунджаас тав дахин бага байж, бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад 1.5 жилийн өмнө эдийн засгаа нээж чадсан нь 2021 оны төсвийн жил тавьсан зорилтдоо хүрсэн гэж дүгнэж болох юм.

Хоёр дахь жил, 2022 оны төсвийн жилд Монгол Улс цар тахлын хязгаарлалтыг бүрэн цуцалснаас хойш яг 10 хоногийн дараа ОХУ-Украины дайн эхэлсэн нь манай улсын хувьд цар тахал, дайн зэрэгцсэн хүндхэн сорилтыг авчирсан. Эдийн засаг 4.8 хувиар өсөж, Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, гүний уурхай ашиглалтад орж, шинэ дөрвөн төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Гурав дахь жил, 2023 оны төсвийн жил Монгол Улс олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелэж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар эерэг гарлаа. Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн байсан гэж үзэж болно” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)