Б.НАНДИН

Энэ бол дэлхийн шилдэг Харвардын их сургуулийн хамгийн хуучны барилга болох Massachusetts Hall юм. Harvard Hall нэртэй анхны барилга нь 1674 онд баригдсан ч харамсалтай нь 1760 оны үед түймэрт өртөн үгүй болсноор, суурин дээр нь одоогийн Massachusetts Hall-ыг барьсан байна. 


Харвардын их сургууль нь АНУ-ын Массачусетс мужийн хэд хэдэн хотод кампустай бөгөөд хамгийн эртний бөгөөд алдартай нь Бостон хотод байдаг юм. Харвардын их сургууль нь нийтдээ хичээлийн байр, дотуур байр, оффис, лаборатори нийлсэн 660 гаруй барилга байгууламжтай. Massachusetts Hall нь Харвардын их сургуулийн төдийгүй АНУ-ын үнэ цэнэтэй түүхэн барилгад тооцогддог. 1966 онд АНУ-ын түүхэн барилгуудын жагсаалтад албан ёсоор бүртгэж дархалжээ. Одоо ч энэхүү түүхэн барилгын эхний гурван давхарт сургуулийн удирдлагууд ажилласаар байдаг. Харин дөрөвдүгээр давхар нь шинэ оюутнуудын дотуур байрны зориулалтаар ашиглагддаг. Баригдсанаасаа хойш 280 гаруй жилийн түүхэнд хэд хэдэн удаа галд өртөж байсан бөгөөд тухай бүрт нь сэргээн засварласаар иржээ.


Дэлхийн шилдэг сургууль Харвард 300 шахам жилийн настай түүхэн барилгаа засч янзлан, тордсоор өдийг хүрч, түүгээрээ дэлхийд бахархдаг бол Монголын шилдэг сургуулиар тодроод байгаа МУИС-ийнхан хичээлийн байраа нураахаар хоног тоолон хүлээж сууна. 
1942 онд үүдээ нээсэн Монгол Улсын ууган их сургуулийн одоогийн байрыг 1943-1946 онд барьж дуусгасан гэдэг. Барилгын хувьд эрдэм номын өргөө гэдэг утгаар дэлгэсэн номын хэлбэртэй барилгын шийдэл гаргасан нь тухайн үеийн хот байгуулалтын цогц шийдэлтэй тун зохицож байсныг түүхийн хуудаснаа бичиж үлдээжээ. Харамсалтай нь, дээрээс нь харахад дэлгэсэн ном шиг харагдах энэ түүхэн барилга маань нэг "хавтас"-аа тасдуулах аюулд орчихоод байна. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Компьютер Технологийн сургууль байрлаж байсан хичээлийн гуравдугаар байрыг хашаалж, анги танхимыг нь хоосолж, зарим цонхыг нь хүртэл авч хаян нураахаар зэхэж буй. Уг нь МУИС-ийн төв байртай залгаа, салгахын аргагүй цогц бүтэцтэй энэхүү түүхэн барилга нь зөвхөн хотын төвийн гэлтгүй Улаанбаатар хотын өнгө төрхийг бүрдүүлэхэд  чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир мэдэх архитектор “Бага тойруу орчмын барилгууд нийлж нэг Ансамбль буюу чуулганы хэлбэртэй болдог. Үүнд МУИС-ийн байр ч тодорхой үүрэг гүйцэтгэдэг” хэмээн нүүр номын хуудаснаа дэлгэрэнгүй танилцуулсан байна билээ. Харамсалтай нь, Монгол Улсын ууган сургуулийн үе үеийн оюутан залуусын залуу цагийн дурсамж, Монголын боловсролын байгууллагын түүхийг өгүүлэх энэ гурван давхар байшин нурах өдрөө хүлээх сүүлчийн намар гэсэн шиг гунигтайхан дүнхийж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)