Б.Дамдин-Очир

 

Өнгөрсөн долоо хоногт болж дууссан “Монголын уул уурхайн долоо хоног-2023” арга хэмжээнд монголчуудын хуучны танил Фрийдланд ирж оролцов. Тэрбээр “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга юм. Фрийдланд арга хэмжээнийн үеэр“...Чингисийн удмаас үлдсэн дөрөв хүрэхгүй сая хүн өргөн уудам газар нутагт маш их байгалийн баялаг дээр амьдардаг. Зэсийн ордоороо дэлхийд толгой цохидог. Оюу толгой шиг 20 ордыг нээснээр дэлхийн зэсийн хэрэгцээг хангах боломжтой. Ингэснээр зэсийн том тоглогч болно” гэх зэргээр ярьсныг хэвлэл, олон нийт онцолсоор үлдлээ.


Ер нь бол Фрийдланд зөвхөн “Монголын уул уурхайн долоо хоног-2023”-т оролцох гэж ирээгүй бололтой. Яагаад гэвэл түүнийг Монгол төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнаад явуулжээ. “Алтангадас” одон бол Монголын төрөөс гадаадын иргэнд олгодог хамгийн дээд шагнал юм. Энэ одонгоор өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, сенатор асан Жон Маккейн нарыг шагнаж байжээ. ХаринФрийдландыг шагнасан шалтгаан нь “...Оюу толгой ордын нээлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулсныг үнэллээ” гэж албаны эх сурвалжид өгүүлсэн байна. Фрийдланд ч шагнуулсныхаа дараа “...Энэхүү шагналыг надад олгосон Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монголд Оюу толгойн зэс, алтны ордыг нээж, бүтээн байгуулалт өрнүүлсэн явдал маань бидний зүрх сэтгэлд үүрд онцгой байр суурь эзэлнэ” гэж ярьжээ.
Эндээс нэг зүйл ойлгогдохгүй байна. Уг нь Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гэрээг “...Ерөнхийдөө тун тааруу болсон” гэдэг ойлголт бидний тархинд суучихсан. Тиймээс одоо хэр нь боломж олдвол л “засах”-ыг оролддог. Мөн энэ гэрээг байгуулсан тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг хүмүүст Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох асуудал ч олон жилийн туршид яригдаж байна. Хууль хяналтын байгууллагаас хэрэг түвэг үүсгэж баривчлаад, яллаад, цагаатгаад юм юм л болж ирлээ. Тэгвэл сая Фрийдландад “Алтангадас” хүртээчихлээ. Тэгэхээр Оюу толгойн гэрээнүүд “онц” гэж дүгнэсэнтэй адилхан юм. Тэр утгаараа, өнөөг хүртэл муулуулсан Оюу толгойн гэрээг “цагаатгасан” явдал гэж ойлгож болох юм. Хэрвээ тийм бол хамгийн түрүүнд, Оюу толгойн гэрээнээс болоод баригдаж, хоригдож баларч явсан экс сайд нарыг цагаатгах хэрэгтэй болно. Энэ мэтийн олон “ажил” бий. Тиймээс “...Үүнийг юу гэж ойлгох вэ, үүнд хэн хариулт өгөх вэ” гэдэг чухал болж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)