Насантуяагийн Жаргалмаа

Дэлхийн томоохон гүрэн болох БНХАУ-ын  10 жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт Бээжин хотноо болж өндөрлөлөө. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин хоёр дахь арванд хэрэгжүүлэх гадаад бодлогын төлөвлөгөө, зорилтуудаа тодорхойлов. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засагт цар тахал, АНУ-ын хориг арга хэмжээ гэсэн томоохон сорилтууд  тулгарсан. Үүнээс үүдэн  “Бүс ба Зам”-ын санаачилгын хэд хэдэн төсөл  хэрэгжихэд хүндрэлтэй болоод байна. БНХАУ-ын зүгээс дэлхийн дэд бүтэц, эрчим хүчний хамгийн том санаачилгыг тасалдуулалгүй хамтран ажиллахыг уриалж байлаа. Мөн ирэх 10 жилд “Бүс ба зам” хэрхэн өргөжин хөгжих дүр зургийг тодорхойлсон чуулга уулзалт боллоо. 


БНХАУ-ын Төрийн байгууллагаас мэдээлснээр дээрх санаачилгын хүрээнд 150 гаруй улс, олон улсын 30 байгууллагатай 200 гаруй хамтын ажиллагааны гэрээг хамтран байгуулсан байна. “Бүс ба зам”-ын хамтарсан харилцан ойлголцлын санамж бичигт 150 гаруй орон нэгдэж орсон байна. Нэгдэж орсон орон бүрт санамж бичгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгадаггүй. Мөн санамж бичигт нэгдэж орсноор илүү эрх эдэлнэ гэсэн баталгаа байдаггүй. Тухайлбал, Италийн жишээг дурдаж болно.  Гэхдээ санамж бичигт нэгдэж орох нь дэлхийн томоохон эдийн засаг бүхий БНХАУ-тай итгэлцлийг бий болгох давуу талтай гэж үздэг. Энэ хэрээр дэлхийн удирдагчид чуулга уулзалтад ач холбогдол өгч байгаа нь БНХАУ-д санаачилгыг цааш үргэлжлүүлэхэд том дэмжлэг үзүүлж байгаагийн нэгэн илрэл юм. 2017 оны анхдугаар чуулга уулзалтад 29 орны Засгийн газрын тэргүүнүүд оролцсон. Үүний дараа 2019 онд 37 орны тэргүүнүүд оролцсон. Энэ удаагийн чуулга уулзалтад 23 орны төрийн тэргүүнүүд уригдсан байна.  Дээрх тоо өмнөх уулзалтаас багассан нь томоохон төслүүдэд санхүүгийн  асуудал тулгарч, улс орнуудын нэмэлтээр авах өрийн чадамж буурсантай холбоотойгоор зарим улс орон төдийлөн ач холбогдол өгөөгүй байх боломжтой. Түүнчлэн Хятадын зээл олголтын хэмжээ өмнөх жилүүдээс буурсаар байгаа юм. Олон асуудал тулгарч байгаа ч гурав дахь удаагийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөсөн юм. Энэ удаад хэд хэдэн онцлох зочид байсныг дурдах хэрэгтэй. 

 

Шинэ бүс нутаг, шинэ хамтралууд

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өмнөх хоёр уулзалтад оролцсон болохоор энэ удаагийн уулзалтыг алгасахыг хүсээгүй бололтой. Учир нь Олон улсын эрүүгийн шүүх түүнийг буруутай хэмээн үзсэнээс хойш түүний анхны гадаад дахь айлчлал болж буйгаараа онцлогтой. Хоёр орны харилцаа сайжирч  байгаа гэдгийг Путин, Ши Жиньпин нар тэргүүн эгнээнд зэрэгцэн зогссоноос харж болно. Мэдээж ОХУ-ыг дэмжих БНХАУ-ын бодлоготой санал зөрөлдөх орнууд байсан бололтой. Тодруулбал, БНЧУ, Грек, Италийн удирдагчид өмнөх хоёр чуулга уулзалтад оролцсон ч энэ удаа Бээжинд ирсэнгүй.  “Их-7”-гоос “Бүс ба Зам”-д нэгдсэн анхны орон Итали  энэ удаагийн уулзалтыг алгассан нь хамтын ажиллагаанаас гарахаар бэлтгэж байна гэх эргэлзээг төрүүлээд байна.  Мөн Европын холбооноос цор ганц Унгар улсын тэргүүн Виктор Орбан оролцлоо. Тэрбээр Ши Жиньпинтэй уулзахдаа “Унгар улс, Хятадын Европын холбоон дахь итгэлт анд, сайн түнш хэвээр байх болно” гэжээ. 


“Бүс ба Зам” Ази тивийг хуурай болон усан замаар амжилттай холбож эхлээд байгаа ч баруун Европт нэвтэрч чадахгүй хэвээр байна. Энэ жилийн чуулга уулзалтад Европын удирдагчид оролцоогүй. Энэ нь тэднийг БНХАУ-д төдийлөн итгэлцэлд хүрээгүйг харуулж байна хэмээн олон улсын ажиглагчид үзжээ. Дэлхийн өмнөд бүсийн ирц хамаагүй өндөр байсан нь ирэх  жилүүдэд анхаарал хаана илүү төвлөрөх вэ гэдгийг харуулж байна. 2019 оны хоёр дахь уулзалтыг алгассан Пакистан, Индонези, Шри Ланкийн удирдагчид Бээжинд ирсэн юм. Энэ нь наймдугаар сард Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин сайн “лоббидсон” нь амжилттай хэрэгжсэнийг дэлхий нийт харж байна гэж болно.
Тодруулбал, Ойрхи Дорнод, Африк тивийн орнууд “Бүс ба Зам” нааштай хандах болсон юм. Ингэснээр Хятад улс үл итгэгсдийн эсрэг шинэ хамтралуудыг бий болгож байна. БНХАУ-ын холбогдох албанаас “Бүс ба Зам”-ын үнэ цэнийг олон улсад сайн ойлгуулж, таниулах зорилготой “Цагаан ном”-ыг анх гаргаж байсан. Тус номонд “Хятад улс олон улсын хамтын ажиллагааг нээлттэй байлгаж, хамтдаа хөгжихэд “Бүс ба Зам”-ыг онцлон анхаарч, голлон загвар болгон хөгжүүлнэ” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, олон улсын хамтын ажиллагааны санаачилга нь Хятадын гадаад бодлогын үзэл баримтлалын гол багана юм. 

 

Хоёр дахь арван

 

Хятад улс “Бүс ба Зам”-ыг зогсоохгүй ч ирэх арван жил тийм ч амархан байхгүй бололтой. Хятадын банкууд дэд бүтцэд хөрөнгө оруулах ялангуяа, хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулна гэдэг амаргүй гэдэгт санал нэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн шинжээчид эдийн засгийн энэ цаг үед мега төслүүдийг санхүүжүүлэхийн эсрэг байна. Одоогоор “Бүс ба Зам”-ын төслүүдийн гуравны нэг нь хэвийн үйл ажиллагаатай. Тиймээс банкууд санхүүжилтэд илүүтэй өндөр босгыг бий болгох магадлалтай. “Бүс ба Зам”-ын тайланд дурдсанчлан ирэх жилүүдэд эрсдэл багатай, илүү зардал багатай зорилтот төслөөс бүрдэх юм. Энэ жилийн чуулга уулзалтаас үзэхэд төмөр зам, нисэх буудал нь мега төслүүдээс илүүтэй ногоон хөгжил, дижиталчлал, цахим худалдаа руу чиглэж байна. Эдгээр шинэ технологийн шилжилт нь бизнес эрхлэгчдэд давуу талыг бий болгож, дэлхийн хэмжээнд Хятадыг сурталчлах боломжтой юм. 
АНУ-Хятадын өрсөлдөөн үргэлжилсээр байгаа энэ цаг үед ”Бүс ба Зам”-ыг голлон анхаарах нь мэдээжийн хэрэг билээ. Иймд мега төслүүдийг чухал хэрэгсэл болгон ашиглах боломжтой. Дэлхийн өмнөд хэсэгт баттай байр суурь эзэлж, найдвартай түншлэлүүдийг бий болгоход олон улсын хамтын ажиллагааны ханшийн том санаачилга болох “Бүс ба Зам”-ын төслүүд нэн шаардлагатай. БНХАУ-ын “Цагаан ном”-д тусгасан үзэл баримтлалууд дэлхийн өмнөд хэсэг болон хөгжиж буй орнуудад хандсан байдаг. Тухайлбал, “Эдийн засгийн даяаршилд цөөн хэдэн орон ноёрхож, үр өгөөж нь бүгдэд ижил тэгш хүртдэггүй. Хөгжиж буй олон улс эдийн засгийн даяаршлаас бага ашиг хүртэж, бие даан хөгжих чадавхгүй болж улмаар хөгжлөөс хоцорсоор байна. Мөн зарим хэт нэг талын үзэл баримтлалтай улс орнууд дэлхийн эдийн засагт заналхийлж байна” гэсэн байна.  


Уулзалтын үеэр Ши Жиньпин, Этиопийн ерөнхий сайд Абий Ахмед Алитай уулзахдаа өмнөдийн энхтайваныг өмнөдийнхөн өөрсдөө сахиулах нь чухал гэдгийг онцолж,  “Хоёр улс бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар бие биеэ тууштай дэмжих ёстой" хэмээжээ. “Бүс ба Зам” санаачилгын эхний арваны сүүлийн жилүүд хүндрэлтэй тулгарч, асуудлууд гарч ирсэн хэдий ч БНХАУ-ын удирдагч үүнийг хүч, нөлөөг нэмэгдүүлж байр сууриа бататгах чухал арга зам хэмээн үзсээр байна. Дэлхийн хоёр том гүрний хооронд өрсөлдөөн нэмэгдэх хандлагатай байгаа тул Ши Жиньпин “Бүс ба Зам”-д анхаарал хандуулж ач холбогдлыг нь нэмэгдүүлэх бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)