Р.ОЮУН

Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Сэтгүүлчид торгон хилд” аяны хүрээнд Сүхбаатар аймаг Онгон сум дахь Монголын Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн цэрэг халах ёслолын үйл ажиллагаатай танилцлаа. 87 жилийн түүхтэй тус анги Сүхбаатар аймгийн Дарьганга сумын үзэсгэлэнт нутагт оршдогоороо онцлог бөгөөд Онгон, Наран, Баяндэлгэр суманд улсын хил хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг ажээ. 2014 онд Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Онгон сумын уугуул иргэн, Монгол Улсын Чойн Дугаржавын нэрэмжит, 1945 оны чөлөөлөх дайнд ЗХУ-ын Армийн генерал И.А.Плиевийн удирдлага дор харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан баатарлаг гавьяаг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 онд Цэргийн гавьяаны одонгоор шагнасан байна. Мөн тус ангиас гавьяат цолтон хоёр, хүндэт чекист нэг, генерал 10, хурандаа 50 гаруй, эрдэмтэн доктор дөрөв төрсөн байна.

Монгол улсын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ардын цэргийн чөлөөнд байсан дэд хурандаа Чойн Дугаржав Монгол улсын олноо өргөгдсөний хоёр он, харагчин үхэр жилийн хаврын дунд сарын 20 буюу аргын тооллын 1913 оны дөрөвдүгээр сарын 15-нд Дарьгангын хоньчин сүргийн гэр, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг, “ Хөтөл ус” гэдэг газар ядуу ард Чойжавын Аюуш, Чүлтэмийн Норсүрэн нарын наймдугаар хүү болон мэндэлжээ. Тэр үеийн зан үйлээр дарьгангачууд үр хүүхдээ өвөг эцгээр нь овоглодог байсан болохоор Аюуш төрсөн хүүгээ өөрийн эцэг Чойжавын нэрний эхний хэсгээр Чойн гэж овоглож Чойн Дугаржав гэж нэршжээ. 1930 оны хавар Дугаржав хүү 18 нас хүрч Элстэй сумын нарийн бичгийн дарга Цэцэг хэмээх Мажигаас цэргийн бүртгэл гардан авсан нь эр цэрэг болж эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэх хүсэл зоригийг нь бадраажээ. 1933 оны наймдугаар сард 21 настай цэргийн албанд татагдсанаар түүний амьдралын шинэ үе эхлэв. Цэрэгт явахад эцэг Аюуш хүүгээ сумын төвд хүргэж өгөөд буцахдаа  Миний хүү цэрэгт лав тэнцэнэ. Цэргийн эрдэм номдоо шамдан сайн суралцаарай. Дайн тулаанд ч явж мэднэ шүү. Тэгвэл эр зориг л хэрэгтэй. Эд мөнгө элдэв юманд бүү шунаарай” гэж захисныг шинэ цэрэг Дугаржав алхам бүртээ санана, бодно.
Ч.Дугаржав цэргийн албыг 18 жил хаахдаа олон анги салбар, нэгтгэлд хөл тавьжээ. 25 дугаар тусгай бателоны захирагчаар ажиллаж байгаад 1951 оны дөрөвдүгээр сарын 30-нд Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ц.Жанчивын тушаалаар бэлтгэл офицероор дэд хурандаа цолтой халагджээ. Тэрбээр 1936 оны наймдугаар сарын 22-нд МАХН-ын гишүүнээр элсэж, 1943 оны хоёрдугаар сард Улаан-Үдэд офицеруудын оператив тактикийн зургаан сарын курст суралцаж төгсчээ. Цэргээс халагдсаны дараа орон нутагтаа ирж нам улс, аж ахуйн байгууллагад янз бүрийн ажлыг хийж байжээ.

Ч.Дугаржав ардын цэрэгт болон энх цагийн бүтээн байгуулалтын талбарт 40-өөд жил ажиллаж дайн байлдааны үед эх оронч, бүтээн байгуулалтын үед бусдыг хошуучлагч байжээ. Тэрбээр 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд домогт 23 дугаар морьт хороог командлан том, жижиг 80 удаагийн тулалдаанд оролцож байлдааныг эрс шийдэмгий удирдан арми ард түмэндээ “эх оронч”, Зөвлөлтийн дайчдын дунд “Монгол Чапаев” хэмээн алдаршсан юм. Мөн 1944 онд эх орны баруун хягаарт цөмрөн орж ирсэн Османы дээрэмчдийг хөөн гаргах, баруун хязгаарыг батлан тохижуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр моринд гарамгай, сэлэм эргүүлэх, цавчих, буудахдаа онц гарамгай баатар байсан бөгөөд хоёр дахь Дандар гэдэг. Ард түмэн, армийн өмнө байгуулсан гавьяа зүтгэлийг төр, засаг өндөр үнэлж БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатрын одон, Алтан таван хошуу медаль, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтан гадас одон, Байлдааны болон ойн хүндэт медалиуд, ЗХУ-аас Октябрийн хувьсгалын одон, Улаан таван хошуу одон, Японыг ялсаны төлөө болон ялалтын ойн медалиудаар удаа дараа шагнажээ. Мөн залуу үеийг хүмүүжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан учир 1970 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол тэмдгээр, 1973 онд Хүндэт хилчин тэмдгээр шагнажээ. Улс орондоо олон жил ажиллахдаа хамт олныхоо итгэл найдварыг бүрэн хүлээж армийн намын комиссын гишүүн, намын товчооны тэргүүлэгч, бүх цэргийн шүүхийн төлөөлөгчөөр сонгогдож байснаас гадна орон нутагтаа ажиллаж байхдаа баг, сумын хурлын депутатаар 2-6, аймгийн хурлын депутат, аймгийн намын хорооны гишүүнээр сонгогдож байв. 1971 онд МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна.
Ч.Дугаржав залуу үеийг баатарлаг дайчин уламжлалаар хүмүүжүүлэхэд их зүйлийг хийсэн юм. Тэрбээр 1967 онд Буйр нуур, Халх голын чиглэлд хийсэн Сүхбаатар аймгийн багш нарын тойрон аялал, 1968 онд мөн чиглэлд хийсэн аймгийн намын ажилтны тойрон аялал, 1969 онд болсон Монголын залуучуудын анхдугаар тойрон аялалд уригдан оролцож Халхын голын ялалтын тухай ялангуяа, өөрийн командалж байсан 23 дугаар морьт хорооны ялалтын тухай хүүхэд, залуучууд, цэрэг дайчид, малчин, ажилчин олон хүнд сурталчилж байсан юм. Мөн Японыг ялсаны 25 жилийн ой, фашизмыг ялсаны 30 жилийн ойд зориулсан Монгол, Зөвлөлтийн ахмад дайчдын чуулга уулзалт, тойрон аялалд оролцсон. Нийслэл хотод болсон Халхын голын ялалтын 30, 40, 45 жилийн ойн баяр ёслол, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн баярт хүндэт зочноор оролцжээ.
Орон нутагтаа хүүхэд, залуучуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд их анхаардаг байсан. Тус сумын дунд сургуулийн сурагчдын дунд “Ардын армийн залуу халаа” отряд байгуулж ажилуулсны дээр Хилийн 20 дугаар отрядын “Хүндэт цэрэг” болж хилчин дайчдын хилийн албаны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэхэд, анги салбараа тохижуулж соёлжуулахад байнга зааж зөвлөж байжээ. Тэрбээр 1985 онд мөнх бусыг үзсэн байна. Эх оронч баатар Чойн Дугаржавын байгуулсан алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний эх оронч зүтгэл, үлгэр жишээч хатан зориг, хөдөлмөрч чанарыг залуу хойч үед үлгэр дууриал болгох зорилгоор Онгон сумын бүрэн дунд сургуулийг 2003 онд түүний нэрэмжит сургууль болгож, 2005 онд Ч.Дугаржавын дурсгалын хөшөөг сургуулийн урд талбайд босгожээ.

 

Дарьгангын цэнхэр хязгаарт Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр Улаанбаатар, Дорноговь, Төв, Сэлэнгэ аймгаас цэргийн албанд татагдан ирсэн залуус Монгол Улсын бүрэн эрхт тусгаар тогтнол, хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдөр аранзал улаан тугнаасаа адис аван аав ээж, элгэн садан, төрж өссөн нутаг усандаа бахархал дүүрэн очих гэж байна.

Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Ч.Батжаргал "Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албаа нэр төртэй хаагаад эх нутгийн зүг хүлгийн жолоо залах гэж байгаа хилчин түрүүч, байлдагч та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Дарьгангын цэнхэр хязгаарт Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр Улаанбаатар, Дорноговь, Төв, Сэлэнгэ аймгаас цэргийн албанд татагдан ирсэн залуус маань Монгол Улсын бүрэн эрхт тусгаар тогтнол, хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдөр аранзал улаан тугнаасаа адис аван аав ээж, элгэн садан, төрж өссөн нутаг усандаа бахархал дүүрэн очих гэж байна. Хариуцсан хэсэгтээ төрийн тахилгат Алтан овоо, эрийн хийморь сэргээсэн Шилийн богд, домогт Будрын чулуу, Дарьгангын байгалийн үзэсгэлэнт газар оршдог 87 жилийн баялаг түүхтэй ангидаа, Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн түүхэн ойн хугацаанд эр цэргийн албаа хаана гэдэг хилчин эрсийн маань амьдралд тодоор бичигдэх түүхэн үйл явдал.

Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд анги, байгууллагын хэмжээнд түрүүч, байлдагч нарын дунд олон төрлийн уралдаан тэмцээн зохиосны нэг нь “Шилдэг түрүүч”, “Шилдэг байлдагч” шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээнд анги, хамт олноо төлөөлөн ахлах түрүүч М.Ууганбат, ахлах түрүүч Л.Бумбаяр нар амжилттай оролцож тал хээрийн бүсээсээ шалгарсан. Ахлах түрүүч Б.Ууганбат хилчдээ төлөөлөн зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож тусгай байрт шалгарсан. Алба хаах хугацаандаа хариуцсан хэсгээрээ гарсан хил орчмын зөрчил илрүүлэн саатуулсан түрүүч Мандахбаяр, түрүүч Т.Эрдэнэ-Очир, О.Мөнхбат. Улсын хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор хилийн инженерийн торон саадыг шинэчлэн засварлахад оролцсон нэр бүхий түрүүч, байлдагч нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Мөн ангийнхаа бүтээн байгуулалтад өөрийн авьяас чадвараа зориулан идэвх санаачилгатай ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан дэд түрүүч М.Сүхбат, Б.Эрдэнэбат нарын үлгэр жишээ түрүүч, байлдагч нараа цохон дурдахад бахархалтай байна. Улсын хил хамгаалалт, анги, байгууллагынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад оролцсон та бүхний хувь нэмрийг хилчид бид бахархан дурсаж явах болно. Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өнөөдрийн орчин цагийн хил хамгаалах байгууллагыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн хилчин эрсийн залгамж халаа болсон та бүхэндээ ангийнхаа нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Хугацаат цэргийн албаа амжилттай хаасан байлдагчдад ангийн захирагчийн нэрэмжит шагнал болон түрүүч, дэд түрүүч, ахлах байлдагч цолоор шагнав. Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн захирагчийн нэрэмжит шагналаар Л.Бумбаяр шагнууллаа.

М.Сүхбат, Б.Эрдэнэбат нар алба хаах хугацаандаа өөрсдийн гараар ангидаа номын тавиур, сандал, ширээ, эмээлийн тавиур хийж үлдээсэн уран гартнууд аж.

Түрүүч М.Ууганбат "Анх баатраар овоглож, одонгоор чимсэн Онгоны отряддоо олон аавын хөвгүүд цэргийн албанд татагдан ирж байсан нь саяхан мэт санагдавч хэдийнэ нэг жил өнгөрчээ. Сургалтын төвд бид захны даавуу оёх, гутлаа тослох, хувцсаа цэвэр өмсөх, жагсаалд зогсох, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, буун дуу, дарийн утаа үнэртэж цэргийн анхан шатны мэдлэг олж аван эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа өргөж, ээв аавын хүүгээс эх орны хүү болж дархан хилийн харуулдаа үүргээ амжилттай гүйцэтгээд эх нутгийн зүг хүлгийн жолоо залах гэж байна. Хил хамгаалах байгууллагынхаа 90 жилийн ойн түүхэнд эр цэргийн албаа хаасан бидний хувьд бахархалтай сайхан байна.

Домогт хилийнхээ дархан хилийн манаанд залуу насныхаа түүхийн алтан хуудсанд тодоор үлдээх бахархалт албаа хааснаараа Алтан-Овоо, Шилийн богдоор овоглосон буурал түүхт анги, хамт олоноо хилчин дайчид бид үргэлж хүндлэн дээдэлж, дурсан бахархаж явах болно. Та бүхнийхээ хил хамгаалах ариун үйлсэд өндөр амжилт хүсье. Цэргийн дурсамжаа хэзээ ч мартахгүй. Хамт халагдаж байгаа найзууддаа болон үлдэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд “Цэргийн албаа амжилттай, нэр төртэй хаагаарай. Хугацаат цэргийн алба хугацаандаа л дуусна. Хилийн цэрэг бусад албан байгууллагуудыг бодвол амьдралд сургадаг. Тиймээс тэр зүйлүүдийг сураад яваарай. Сайныг нь аваад саарыг нь хаяарай” гэе дээ.

Ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Г.Борхүү "Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт 0184 дүгээр ангид хугацаат цэргийн албаа амжилттай хаасан халагдах цэргүүддээ цаашдынх нь ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэж баяр хүргэе. Цэргийн алба богинохон ч гэсэн нэг жилийн хугацаанд та бүхэн их зүйлийг мэдэж сурсан байх. Дарга нар чинь та бүгдэд сэтгэл харамгүй өөрсдийнхөө мэдэж сурсан зүйлээ зааж өгсөн. Та бүхэн тэсвэр хатуужилтай, эв нэгдэлтэй, нэгэн зорилгын төлөө хөдөлж чаддаг сайхан хамт олон болж төлөвшсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Энд сурч, мэдсэн бүх зүйлээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх байх. Та нар тэсвэр хатуужил, хүний үгийг дааж гардаг уян хатан чанарыг цэргийн алба хаах хугацаандаа сурсан. 1982 онд халагдсан алба хаагчид анги дээрээ ирж ажил байдалд нь тусалж манай ангиас Штабын даргаар ажиллаж байсан хошууч генерал Пүрэвдоржийн удирдлага дор груп ажиллаж, хоорондоо эв нэгдэлтэй, дайчин нөхөрлөлийн жишээг харуулсан. Тэр дундаа хилийн нэгдүгээр заставын халагдсан цэргүүд маань ирж өөрсдийнхөө сурч мэдсэн зүйлээ зааж, хилээ эргэх, хил дээр явж байсан сайхан дурсамжаа хуваалцсан. Энэ бүхэн дайчин нөхөрлөлийн тод жишээ юм. Та бүхнийхээ ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье" гэв.

Хугацаат цэргийн алба хаагчид оройн Туяа тооллого хийснээр тэдний энгийн амьдралд шилжих мөч үлдлээ.  

Эх сурвалж www.polit.mn