Базарбямбын Нямсүрэн

АНУ-ын Вашингтон хот орчимд 10 мянга орчим монголчууд амьдардаг гэсэн албан бус тоо бий. Эх орноосоо алс хол байгаа ч үр хүүхдүүддээ монгол хэл, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх хүсэлтэй эцэг эхчүүд монгол сургуульд хүүхдүүдээ явуулдаг болсоор 18 жил өнгөрчээ. "АНУ-ын нийслэл дэх Монгол сургууль"-ийн захирал Р.Түмэндэмбэрэлтэй Вашингтон хотноо уулзаж ярилцлаа. 

 

-Юуны өмнө та сургуулийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу. Хилийн чанад дахь хамгийн ууган сургууль гэж сонссон?
-2006 онд "АНУ-ын нийслэл дэх анхны Монгол сургууль"-ийг байгуулах санаачилга гарч, 2007 онд албан ёсны бичиг баримтаа авч 10 багштай үйл ажиллагаа эхэлж байсан. Монгол сургуулийн тулгын чулууг тавилцсан М.Мөнгөнцэцэг, Д.Нямсүрэн гэсэн хоёр мундаг бүсгүй бий. Ялангуяа, тэдний аав Франковский, н.Даш гуай нар том үүрэг гүйцэтгэсэн. Мөн тухайн үеийн ЭСЯ-ныхан болон монголчууд маань дэмжиж тусалснаар анх сургуулиа байгуулж байлаа.Тэр үеийн үйл явдлыг ярихад би тал дээр цэцэг ургасан гэж зүйрлүүлж хэлэх дуртай. Үнэхээр ч энэ хоёр бүсгүй болон аав нар нь, Элчин сайдын яам дэмжээгүй бол энэ сургууль байгуулагдахгүй байсан. 
Манайх хилийн чанад дахь анхны монгол сургууль байсан бол өнөөдөр 60 гаруй монгол сургууль хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Зөвхөн АНУ-д гэхэд 19 орчим монгол сургууль байгаагийн тав нь манай ДиСи Вашингтон хот орчимд ажиллаж байна. Манай монгол сургууль ийм сайхан хайр дээр урган босож, цаашлаад 60 болтлоо үндэслэж байгааг харахад их бахархалтай байдаг. 


-Та хэзээнээс монгол сургуульдаа ажиллаж эхэлсэн бэ?
-Би дээр хэлсэн анхны 10 багшийн нэг. Миний хувьд 1992 онд багшийн коллеж төгсөөд 23 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж, амьдралын гараагаа эхэлж байсан. Анх намайг багшаар очиход Цэгмид гэж ахмад багш дааж авч их зүйл сургасан. Би амьдралынхаа хамгийн алтан үеийг бага ангийн багшаар ажиллаж байсан он жилүүд минь гэж боддог. Би монгол бичгээр төгссөн анхны оюутны нэг болохоор анхны хичээлээ монгол бичгээр заадаг байлаа. Тэр үед I-V ангид математик, монгол хэл, унших бичиг, зураг гэсэн хичээлийг монгол бичгээр заадаг байлаа. 
23 дугаар сургуульдаа 10 гаруй жил ажиллаад Америкт ирж амьдарсан. Америкт ирчихээд сурч дадсан ажлаа орхилоо гэж жаахан гунигтай байсан бол энэ сайхан мөрөөдлийг минь тасралтгүй үргэлжлүүлэх боломж олгосон монгол сургуулийн хамт олондоо үргэлж талархдаг. Анхны багш нарын нэг болж ажиллаж байгаад 2017 оноос захирлаар нь томилогдон ажиллаж байна. 


-Одоо монгол сургууль хэдэн багш, хүүхэдтэй болсон бэ?
-Монгол сургууль маань 17 жил болоход нийт 60 гаруй багш ажилласан байдаг. 1700 гаруй сурагчийг эх хэл, түүх соёлтой нь танилцуулсан. Одоо бид 1800 гэсэн тоо руу дөхөж явна. Жилд дунджаар 100 гаруй сурагч суралцдаг. Одоогоор 40 гаруй мянган монголчуудын 12 мянга гаруй хүүхэд гадаадад байгаа гэсэн статистик тоо байдаг юм билээ. Манай ДиСи хавьд 2000 орчим хүүхэд сурч байна. 


-Гадаадад байгаа монголчуудын гол асуудал хүүхдүүддээ эх хэл, соёлыг нь сургах байдаг. Тиймээс ч танай сургууль гадаадад байгаа ирээдүйн монгол иргэдээ монгол хүнээрээ үлдэх, төлөвшүүлэхэд том үүрэг гүйцэтгэж байгааг хэлэх нь илүүц биз. Нөгөө талаар монгол сургууль байгуулагдсаны хамгийн гол ач холбогдол та юу гэж боддог вэ?
-Тэгэлгүй яах вэ. Бид эх орондоо өөрсдийн нэртэй ч гадаадад гараад л монгол болдог. Эх орон минь бидний нэрийн хуудас болдог. Энд сурч байгаа монгол хүүхдүүд ирээдүйд Монголын боловсон хүчин, төрийн зүтгэлтэн, урлаг, соёлын алдартнууд болно. Гэтэл тэр үедээ хэл, соёлоосоо хөндийрчихсөн байх вий гэж би эмзэглэдэг. Ялангуяа, энд байгаа бага насны хүүхдүүд өөрсдийн ухамсраараа монгол сургуульд явах нь тийм ч олон биш. Ээж аавынхаа хэлж, чиглүүлснээр ирдэг. Гэхдээ тэгж хүчээр сургаад эхлэхээр том болоод, өөрсдөө дуртай болдог сайн талтай. Тиймээс томчууд бид гүүр болж эх хэлийг нь сургахгүй бол хэл соёл, түүхээ мэддэггүй. Монгол гэдгээ мэддэггүй болчихвол хэчнээн хайран. Зөвхөн гадаадад ч гэлтгүй, Монголд байгаа хүүхдүүд ч эх хэлээрээ ярьж чадахгүй болчихсон. Тиймээс эцэг эхчүүд, багш нар эх хэлээ анхаарах цаг үе ирсэн байна. Монгол гэж хэлж байгаа ч монголоороо ярьдаггүй, соёл, түүх уламжлалаа мэддэггүй бол үнэ цэнтэй боловсон хүчин бэлтгээд яах вэ. Би нэг жишээ хэлмээр санагддаг юм. Хүү маань саяхан коллежид орсон юм. Нэг өдөр учиргүй баярлачихсан ирсэн. “Та бол хамгийн сайн ээж. Тандаа үнэхээр баярлалаа” гээд ирж үнссэн. Тэгээд "Би таныг монгол сургуульд яв гэхээр дургүйцдэг байсан. Зөвхөн таны төлөө л явдаг байсан. Гэтэл одоо би монгол сургуульд явсандаа баярлаж байна" гэсэн юм. Манай сургууль ахлах ангийн хүүхдүүдэд монгол бичиг заадаг юм. Тэгсэн коллежийн ангид нь Монголын түүх сонирхдог хүүхэд орсон юм байж. Тэгээд миний хүүгээс “Чи монгол хүн юм чинь монгол бичгээ мэдэх үү” гэхэд мэднэ гээд бардам хэлээд нэрээ монгол бичгээрээ нүүр бардам бичсэн байна лээ. 


-Одоо үед Америкт суралцах нь хамгийн шилдэг гэдэг хандлага их байна. Нөгөө талаар Монголын боловсролын онцлог гэж байгаа. Та энэ хоёр боловсролын системийн аль алийг мэдэж байгаагийн хувьд хэрхэн харьцуулж хардаг вэ?
-Энэ тал дээр би Монголынхоо боловсролыг мундаг гэж боддог. Би Америкийн боловсролын салбарт ажиллаж байна. Манай гурван хүүхэд Америкт сурч бага дунд, дээд боловсрол эзэмшсэн. Гэхдээ би Монголын боловсролын чанарыг муу гэж хэлэхгүй. Монголд хэдэн хүүхэд байна, тэр хүүхдүүд жигд сурдаг. 40 хүүхэд байлаа гэхэд 40 хүүхэд бүгдээрээ А, В үнэлгээ авдаг. Гэтэл Америкт ийм байж чаддаггүй. Эцэг эх нь хүүхдээ хэр анхаарч, сурч чадсан нь дээшээ явдаг. Өнөөдөр наймдугаар ангид 20 хүүхэд нэг ангид сурч байхад 20-уулаа биш гэхэд таван хувь нь өөр түвшнийх. Наймдугаар ангийн зарим хүүхэд 12 дугаар ангийн математикийн хичээл үзэх жишээтэй. Тэгэхээр хэн чадна, хэн хичээнэ, түүнийг нь дэмждэг. Арга ч үгүй биз. Энэ олон сая хүн бүгд дээд боловсрол гээд байвал хэн нь ажлаа хийх вэ. Нөгөө талаар  Америкт төгсөөд ирсэн шинэ төгсөгч мэргэжил, дадлагын хувиар Монголд төгссөн хүүхдээс илүү байж чаддаггүй гэсэн гомдол байгаа. Америкт хүүхдүүдээ маш сайн сургадаг ч гэсэн манайхан академик тал дээр илүү. Мөн ажил дээр гарсан хойноо дадлагаа хийчихдэг. Миний үгийг авах гээхийн ухаанаар хандаасай. Зөвхөн миний харсан дүгнэлт гэж ойлгоосой гэж хүсэж байна. 


-Монголд орхигдсон нэг зүйл хүүхдийг хүмүүжүүлэхдээ хичээл ном, зөв гоё бичихэд анхаарахаас биш хүн байхыг нь орхисон гэж шүүмжилдэг. Та бага ангийн багш хүн. Хүүхдийн хүмүүжлийн суурийг тавих тал дээр Америкийн багш нараас авч хэрэгжүүлмээр зөв дадал гэвэл та юуг хэлэх вэ?
-Үнэхээр тийм. Сургууль бол сургана, хүмүүжүүлнэ, хөгжүүлнэ. Манай сургуулийн нэг онцлог нь дадал зуршил. Дадлага хийлгэх их дуртай. Монголд онолдоод сургахаас биш дадлага хийлгэхээ мартчихдаг. Гэтэл өнөөдөр бид хэнийг хүмүүжүүлэх гээд байгаа юм бэ гэвэл цаас шиг цэвэрхэн хүүхдүүдийг хүн болгохоор зорьж яваа хүмүүс. Ялангуяа, гадаадад байгаа монгол сургуулиуд эх хэлээ заана, соёл, урлаг, уламжлал түүх бүгдийг нь заахын зэрэгцээ хүн болгох бүх үйл явцыг заах ёстой. Монгол хүн гэж яриад байхаас биш хичээл дотор хайр, дандаа эерэг энерги явж байх ёстой. Зөв монгол хүнийг хүмүүжүүлнэ гэсэн заалт Боловсролын хуульд байгаа. 
Тэгвэл зөв монгол хүн гэж хэн юм бэ. Өнөөдөр багш нар, эцэг эхчүүд зөв байж чадаж байна уу. Бидний орчин тойрон зөв байна уу. Яг үнэндээ тэгш байхгүй байгаа. Тэгвэл бид үүнийг өдөр тутмын дадал зуршлаараа засаж байж зөв нийгмийг бий болгоно. Бид өнөөдөр хайр гэдэг юмыг бараг мартчихсан. Тэгвэл Монгол сургуульд үйлдэл болгондоо хайрыг мэдрүүлэхийг хичээдэг. Монгол сургууль хайран дээр цэцэглэсэн болохоор ингэж олон сайхан үндэс ургуулж улам хөгжиж байгаа гэж би боддог. Хайрлах эерэг энергийг хүүхэддээ суулгаж өгвөл зөв өснө. Өөрөөр хэлбэл, зөв орчинд байгаа хүмүүс, зөв хүнийг бий болгоно. Ядаж эцэг эх нь багшаа хүндэлдэг, үнэлдэг болмоор байна. 


-Та сургууль анх байгуулахад Элчин сайдын яам их тусалж дэмжсэн гэж байсан. Тэгвэл Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хилийн чанадад байгаа сургуулиудаа хэр дэмжиж хамтран ажилладаг вэ?
-Сүүлийн үед хилийн чанадад байгаа сургуулиуддаа тэтгэлэг өгч, дэмжье гэж багагүй ярьж, анхаарч байгаа. Мөн монгол сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүлж байгаад бид маш их талархаж байгаа. Энэ мэтээр Боловсролын яам хөтөлбөр боловсруулаад, цахим ном хэрэгслүүд бэлтгэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энд ганц л зүйл орхигдоод байна. Америкт ч бай гадаад орнуудынхаа соёлын ялгааг ойлгож мэдэж байна уу. Америк, Европ, Азийн соёл хоорондоо ялгаатай. Тэгэхээр Монголд байгаа багш нарын болосвруулсан номыг Азид, Европт аваачвал таарах уу гэдэг нэг өөр. Тиймээс тухайн улс орон нь ямар онцлогтойг судалж, тэнд байгаа орчинд нь тааруулж, олон жил ажилласан туршлагатай багш нарын саналыг тусгаж байж боловсруулаасай гэж хүсдэг.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)