Базарбямбын НЯМСҮРЭН

 

НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрөөс Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй 10 хороонд үерээс хамгаалах далан суваг барих төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ талаар тус хөтөлбөрийн менежер Ш.Энхцэцэгтэй ярилцлаа.

 

-НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын үерээс хамгаалах байгууламж байгуулах томоохон төсөл хэрэгжүүлсэн гэж сонссон. Төслийн үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?
-Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг 2015 онд Дэлхийн банкны төслийн хүрээнд хийсэн байдаг. Энэ үнэлгээгээр эрсдэл хамгийн өндөр гэж тодорхойлогдсон гэр хорооллын хороодыг сонгож НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын  байгууллага буюу НҮБ-ын Хабитатаас үерийн хамгаалалтыг сайжруулах төслүүдийг  хэрэгжүүлж байна.

Эдгээр төслүүд нь гэр хороололд үерийн хамгаалалтын дэд бүтэц байгуулахаас гадна тэнд оршин сууж буй иргэдийн зөвхөн үер гэлтгүй бусад байгалийн гамшиг, аюул ослоос сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр болон аюул тохиолдсон үед харилцан бие биедээ туслах, хамтран ажиллах чиглэлээр дадал, зуршил суулгах, мэдлэг мэдээлэл өгөх, бүтэц зохион байгуулалтанд оруулах үндсэн зорилготой. Эхний төсөл нь Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн  Толгойт, Сэлбэ, Улиастай голын сав газарт байрлалтай 10 хороонд 2019-2023 онуудад хэрэгжсэн, 2 дахь төсөл нь Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт Толгойт, Бэлх голын сав газарт байрлалтай дараагийн найман хороонд хэрэгжихээр ажил эхлээд байна. 


-Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 хувь нь амьдарч байна. Энэ хэрээр сүүлийн жилүүдэд хотжилт эрс нэмэгдэж байгаа. Өнгөрсөн зун зөвхөн гэр хороолол гэлтгүй хотын төвд байгаа орон сууцны айлууд ч үерийн гамшигт өртсөн харамсалтай үйл явдал болсон.  Тэгвэл үер усны гамшгаас сэргийлэхийн тулд ер нь мэргэжлийн үүднээс юунд  голлон анхаарах ёстой юм бэ?
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж үерийн эрсдэл эрс нэмэгдсэн. Тоон үзүүлэлтээс харахад бага юм шиг боловч хур борооны эрчим ихэсч, аадар борооны тоо нэмэгдсэн. Тэр хэрээр үерийн аюулд өртөх эрсдэлтэй газрууд ч нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа төлөвлөлтгүй суурьшил болох гэр хороолол эрсдэл өндөртэй байна. Гэр хороолол гэхээр ганцхан Улаанбаатар хотын асуудал биш, Монгол Улсын хотжилтын онцлог бөгөөд аймаг, төв суурин газар, сум болгонд гэр хороолол байна. Тэгэхээр гэр хорооллын үерийн хамгаалалтыг сайжруулах асуудал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдож яригдах ёстой асуудал. 


-Төслийн хүрээнд яг ямар ажил өрнүүлж ажиллав. Иргэдийн оролцоо, ойлголт хэр өөрчлөгдсөн бэ?
-Би түрүүнд хэлсэн, үерийн хамгаалалтын далан суваг барих замаар үерийн эрсдэлийг бууруулах ажил хийгдлээ. Нөгөөтэйгүүр иргэд өөрсдөө үерийн эрсдлийг яаж бууруулах боломжтой юм бэ, яаж өөрсдийгөө аюулаас хамгаалж чадах вэ талаар сургалтууд зохион байгуулагдлаа. Иргэд өөрсдөө зохион байгуулалтад ороод хөршийн бүлгүүд болж ажиллаж байна. Бүлэг дотроо хоорондоо тусалж бие биенээ дэмжиж хамтдаа шийдлээ гарган ажилладаг болсон. Ингэснээр зөвхөн үерийн үед ч гэлтгүй бүхий л гамшиг ослын эрсдэлийг бууруулж чадах боломжтой. Одоо эхэлж байгаа найман хорооны төсөл 2027 он хүртэл үргэлжилнэ. 


-Бид гамшиг ослоос сэргийлэх тухай их ярьдаг ч аюул болоход тэр болгон бэлтгэлтэй байж чаддаггүй нь өнгөрсөн зун болсон үйл явдлаас харагдаж байна. Нөгөө талаар олон улсын байгууллага гэхээр тусламж дэмжлэг, хандив өгдөг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Танайхаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдлэгжүүлэх тал дээр хэр анхаарч ажилласан бэ?
-НҮБ болон олон улсын байгууллагаас гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Гэхдээ хүмүүнлэгийн тусламж дэмжлэгээр хязгаарлагдахгүй НҮБ-ээс хот суурин газрын үерийн эрсдлийг бууруулах чиглэлээр техникийн туслалцаа бас үзүүлж байна. Үерийн эрсдэлийг бууруулахад хамгаалах дэд бүтэц хамгийн түрүүнд хэрэгтэй. Улаанбаатар хотын хувьд 1966 оны их үерийн дараа анхны үерийн хамгаалалтын байгууламжууд баригдсан байдаг. Тэгэхээр 50-60 жилийн настай гэсэн үг. Гэтэл тэр үеэс хойш хэдэн жил өнгөрсөн билээ. Ялангуяа шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгосноос хойш гэр хороолол маш замбараагүйгээр  нөгөө далан, үерийн байгууламжуудын ард талд  үүсэж суурьшсан. Газар байхгүй гэдэг шалтгаанаар гуу жалган  дээр хүртэл буучихсан, жалгыг хогоор дүүргэж битүүлээд амьдарч байгаа айлууд ч байдаг. Гуу жалга тодорхой ач холбогдолтой, уулсын усыг буулгах үүрэгтэй байгалийн ус зайлуулах шугам юм. Ингэж уулын усыг буулгаж байдаг байгалийн “шугам хоолойг” бөглөж, таглаад дээр нь айл амьдраад байхаар тэр уулын ус, хаашааа яаж урсах вэ. Ингээд айлууд руу урсаад энэ их үерийн гамшиг бий болж байгаа л гэж энгийнээр ойлгож болох юм. 


-Өнгөрсөн долоо хоногт болсон гамшгаас сэргийлэх сэдэвт нэгэн уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай “Ядуурал гамшиг хоёр хоорондоо хамааралтай” гэж хэлж байсан. Та хот байгуулалтын тусгай байгууллагын мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр хэр санал нийлэх вэ?
-Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гамшиг осолд ядуурал тодорхой хэмжээнд нөлөөлж байгаатай санал нийлнэ.  Нөгөө талаар манайхан хотын хувьд түгээмэл байгаа нэг зүйл бол үерийн аюултай бүсэд амьдарч байгаа иргэдийг тодорхой газарт нүүлгэн шилжүүлдэг. Гэтэл тэр шинэ газарт дэд бүтэц байхгүй, төрийн үндсэн үйлчилгээ багатайгаас өнөө үерийн аман дээрээ буцаад хүрээд ирдэг. Энэ асуудлыг цогцоор нь шийдэж чадахгүй бол үерийн аман дээрээ буцаж ирэх нь давтагдсан хэвээрээ байсаар л байна. 


-Тэгэхээр гол шийдэл юу байх вэ. Энэ чиглэлд НҮБ-аас хамтран ажиллаж байгаа төсөл бий юу?
-Яг одоогоор НҮБ-аас энэ чиглэлээр ажиллаж байгаа төсөл бол байхгүй. Гэхдээ төрийн байгууллагын зүгээс анхаарч ажилладаг байх. Ядаж л ямар нэг асуудал гарлаа гэхэд нүүлгэн шилжүүлэх газар байна гэдэг сайн талтай. Гэхдээ тэр газраа дэд бүтэц байгуулах, гэрэл цахилгаан, ус шугам сүлжээ татна гэдэг тодорхой хэмжээнд хөрөнгө шаардана. Хүүхдийн цэцэрлэг сургууль ч байхгүй учраас буцаад ирдэг. Тийм учраас гол шалтгааныг нь олоод тэр асуудлыг нь шинэ газарт нь бүрдүүлж өгөхгүй бол хаана ч буулгасан буцаж ирсээр л байна.
-Таны хэлсэн төслүүд нь гэр хороолол дахь үерийн асуудлыг шийдэхэд голлон чиглэсэн гэж ойлголоо. Гэхдээ өнгөрсөн зуны байдлаас харахад хотын төвд, орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээгээр үерийн улмаас хохирол амссан. Тэгэхээр Улаанбаатар хотын үерийн байгууламжийг цогцоор нь шийдэхийн тулд хэрхэн яаж зохицуулалт хийх шаардлагатай вэ.

-Энэ чиглэлд илүү анхааръя гэвэл боломж нөхцөл хэр байна гэж та харж байна? 
-Зөвхөн нэг хоёр төслөөр хотын асуудлыг бүхлээр нь шийдэж чадахгүй. Мөн үерийн байгууламж байгуулна гэхэд хамгийн түрүүнд анхаараад мөнгө төгрөг төсөвлөөд байдаг салбар биш. Байшин, зам барих нь тодорхой хэмжээнд ашигтай байдаг бол үерийн байгууламж барих нь нэг их ашигтай биш. Хот суурингийн хувьд ашиггүй хөрөнгө оруулалтад тооцогддог талтай. Товчхондоо бол болзошгүй аюулыг зайлуулахаас биш шууд харагдахаар өгөөж өгдөггүй учраас хөрөнгө тэр болгон олдоод байдаггүй салбар юм.  Гэхдээ хот сууринг хөгжүүлэхдээ эхлээд ус орох, гарах замыг нь тодорхой болгож байж төлөвлөдөг зарчмыг баримталж төсөв хөрөнгө хуваарилмаар байна.  Манайх шиг суурьшсаныхаа дараа араас нь явахаар нэлээн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан том ажил болдог. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)