Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Бид энэ удаагийн дугаартаа дулааны IV цахилгаан станцын гагнуурчин, засварчин Ч.Адъяамааг онцолж байна.
ОХУ-ын 25 мянган рублийн цалинтай гагнуурчин
Гагнуур нь ур чадвар, тэсвэр, тэвчээр, нарийн мэдрэмж шаарддаг мэргэжил. Ихэвчлэн эрчүүд эзэмшдэг учир “Эрчүүдийн мэргэжил” гэж ойлгох нь элбэг. Тэгвэл зөвхөн эрчүүд гагнуур хийдэг гэдэг хэвшмэл ойлголтыг өөрчилсөн энэ эмэгтэйг Ч.Адъяамаа гэдэг. Түүнийг төмрийн оёдолчин гэхэд болно. Оёдолчин хүний хэрэглэх нь утас, зүү байдаг бол түүнийх электрод, гагнуурын аппарат юм. Тэрбээр гагнуурчны мэргэжил эзэмшээд 30 жил болж буй. Ч.Адъяамаа дуучин болох мөрөөдөлтэй хүүхэд байж. Гэвч аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг эзэмшиж онц дүнтэй төгссөн гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Хоёрдугаар ангид байхдаа дуучин болмоор байгаагаа ээждээ хэлсэн.
Мөн Хөгжим бүжгийн коллежид элсэх талаар ярилцсан. Гэтэл монгол хэл, математикийн шалгалт өгөх ёстой гэв. Тухайн үед би уншиж бичихдээ тааруухан байсан учраас энэ тухай дахиж яриагүй. Харин наймдугаар анги төгсөх жил мэргэжил сонголтын талаар гэрийнхэнтэйгээ ярилцахад аав маань гагнуурчин болохыг санал болгосон.
Ингэхдээ “Хүний мэргэжил насан туршдаа хоолоо олж идэх чухал зүйл. Тиймээс ирээдүйтэй мэргэжил сонгох хэрэгтэй. Цахилгаан гагнуур ойрын 100 жилдээ хуучрахгүй” гэсэн. Тиймээс аавынхаа зөвлөгөөг дагаж Барилгын техник мэргэжлийн тавдугаар дунд сургуульд цахилгаан гагнуурын ангид элссэн. Тухайн үед коллежид сурч байгаа хүүхдэд тэтгэмж өгөхөөс гадна онц сурсан хүүхдэд 50 төгрөг нэмж олгодог байлаа. Мөн коллежид сурах хугацааг ажилласнаар тооцдог байсан” гэв.
Ч.Адъяамаа хичээнгүй, бүтээлч хүүхэд байж. Тиймээс ч онц дүнтэй төгссөн биз. Ур чадвар сайтай, шинэхэн төгсөгч Барилгын цэргийн ангийн 021 дугаар ангид хуваарилагджээ. Гэвч удалгүй ОХУ-д Хабаровск хотын Соёлын төвийн барилгад гагнуурчнаар ажиллах хариуцлагатай ажилд томилогджээ. Ингэхдээ тэрбээр 25 мянган рублийн цалин авдаг байж. Энэ нь түүнийг хэр чадварлаг гагнуурчин байсныг илтгэнэ. Энэ талаар “1990 оны үед монгол барилгачид ОХУ-руу гэрээт ажилчнаар явдаг байсан. Би 1992 онд Монгол барилга нэгдлийн нэр дээрээс Хабаровск хотын соёлын төвийн барилга дээр ажиллах гэрээт ажилчнаар явсан. Ингэхдээ тус хотын Соёлын төвийн барилгын сууриас нь дээвэр хүртэлх бүх гагнуурын ганцаараа хийсэн. Нэг үгээр багана, дээвэр, суурь, арматур гээд бүгд миний гараар бүтсэн. Орос, монгол нийлсэн 20 гаруй хүнтэй бригадын ганц гагнуурчин нь байлаа. Эмэгтэй гагнуурчин учир хүмүүс их хүндэлнэ. Мөн өндөр цалин авна. Засал чимэглэлийнхэн хоёр мянган рубль авч байхад би 25 мянган рубль авдаг байлаа. Тухайн үед “ИЖ планета-5” мотоцикл 23 мянган рубль байсан. Мөн залуу байсан учир хурдан гагнадаг байлаа. Монголд ирсний дараа дахин хамтарч ажиллах санал тавьж байсан. Харин тэр үед нь би IV цахилгаан станцад ажилд орж байсан учир эх орондоо үлдсэн” гэв.
Гагнуурчнаас засварчин болсон нь
Монголчууд бид эмэгтэй хүнийг оёдолчин, үсчин, багш, эмч болох ёстой гэдэг. Өнөө цагт хүн бүр хүүхдээ их сургуульд сургаж, дээд мэргэжил эзэмшүүлэхийг боддог. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн мэргэжлүүд эрэлттэй байгаа юм. Тиймээс залуу үеийнхэнд хандан Ч.Адъяамаа “Дээд боловсрол эзэмшээд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа тохиолдол элбэг. Харин гагнуурчнаар төгсвөл ажлын байр элбэг байхаас гадна цалин сайтай. Өөрсдийн гараар бүтээдэг ажил сайхан шүү дээ. Олон жилийн дараа чиний бүтээсэн зүйл байж л байдаг. Мөн эмэгтэйчүүд гагнуур хийхдээ эрчүүдээс илүү мэдрэмжтэй байдаг” гэсэн юм.
Гагнуур нь дотроо олон янз. Тодруулбал, гэрлийн, туяаны, цутгуурын, дууны, хийн, цахилгаан нуман гагнуур зэргээр өөр өөр. Тэгвэл Ч.Адъяамаа цахилгаан гагнуур хийдэг. Тухайлбал, цахилгаан хүчний үйлчлэлээр металл эдлэлийг хайлах температур хүртэл нь хайлуулж салахгүйгээр холбох технологийн процесс юм. Цахилгаан гагнуураар машин эд анги засварлах болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрахад түлхүү хэрэглэдэг байна. Ч.Адъяамаа 10 гаруй жил гагнуур хийсэн бөгөөд одоо засварчин хийж байгаа юм. Энэ тухайгаа “Анх Дулааны IV цахилгаан станцад гагнуурчнаар ажилд орж байсан. Хэсэг хугацааны дараа манай гагнуурын бригад өөр ажилд томилогдон засвар хийх болсон. Эмэгтэй хүн 7.6 жил гагнуур хийх ёстой байдаг. Би 10 гаруй жил гагнуур хийсэн. Тиймээс эрүүл мэндээ бодож өөрийн хүсэлтээр засварчин болсон” гэв.
Дулааны IV цахилгаан станцын түүхийг бичилцсэн он жилүүд
Дулааны IV цахилгаан станцтай Ч.Адъяамаагийн амьдрал салшгүй холбоотой. Учир нь тус станцад ажилд орсноор гэр бүлийн хүнтэйгээ танилцаж байжээ. Энэ тухайгаа “Би зуухан цехийн эргэх механизмын бригадад 29 дэх жилдээ засварчнаар ажиллаж байна. Засварчны дөрөвдүгээр зэрэгтэй. Манай нөхөр П.Зоригтсайхан зуухан цехийн халах арматурын бригадад засварчин хийж байгаад энэ жил гавьяаныхаа амралтад гарсан. Бид IV цахилгаан станц гэх их айлын үр шимийг хүртэж, үр хүүхдээ сайхан өсгөж, өдий зэрэгтэй амьдарч байна. Одоо ч бид үр шимийг нь хүртэж байна. Тодруулбал, миний охин З.Мягмарсүрэн III цахилгаан станцад дамжлагын машинчаар ажиллаж байна. Хүү З.Отгонмягмар Вьетнам улсад үйлдвэрлэлийн автоматикийн чиглэлээр суралцаж байна” гэсэн юм.
Дулааны IV цахилгаан станцын зуухан цех нь халуун, тоос шороо, дуу чимээ ихтэй. Том тоног төхөөрөмжүүдийг угсарч задалдаг амаргүй ажил. Гэвч тэр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж өнөөг хүртэл ажиллаж буй. Энэ тухайгаа “Дулааны цахилгаан станцын засварчны ажил бол хүнд. Том том төхөөрөмжүүдийг задалж , угсарна. Хийн түлхүүр ашиглан том боолтууд чангалж суллана гээд хэцүү зүйл их. Гэхдээ би эмэгтэй хүн гэж ажлаас хойш сууж үзээгүй. Залуучуудтайгаа гар нийлэн, тэднийхээ эрч хүчээр ажиллаж байна даа” гэв.
Харин Ч.Адъяамаатай хамт ажиллах ямар байдаг талаар зуухан цехийн эргэх механизмын бригадын мастер Ц.Хасмөрөн “Манайх 24 хүнтэй. Ганц эмэгтэй нь Ч.Адъяамаа эгч. Эмэгтэй хүнтэй ажиллах нь ажлын бүтээмж бага байх магадлалтай ч эерэг өөрчлөлтүүд олонтой. Тухайлбал, хүмүүсийн харилцаа хандлага сайжирдаг. Эмэгтэй хүн ямар ч зүйлд илүү нямбай байдаг. Бидний заримдаа дутуу хийсэн зүйлсийг маш сайн анзаардаг. Мөн ээж шиг минь халамжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэгт анхаардаг” гэсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)