ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Сэтгүүлчид торгон хилд” аяны хүрээнд Сүхбаатар аймаг Онгон сум дахь Монголын Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн ангийг зорилоо. 87 жилийн түүхтэй тус анги Сүхбаатар аймгийн Дарьганга сумын үзэсгэлэнт нутагт оршдогоороо онцлог бөгөөд Онгон, Наран, Баяндэлгэр суманд улсын хил хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг ажээ. "Сэтгүүлчид торгон хилд" аяныхан 700 гаруй км аялан явсаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонд Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Хилийн 0174 дүгээр салбарт хугацаат цэргийн албаа амжилттай, нэр төртэй хаасан халагдах цэргүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Хилийн 0174 дүгээр салбарынхан ээлж хүлээлцэх шинэ хугацаат цэргийн албан хаагчдаа хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

Хилчин эмэгтэйчүүд хугацаат цэргийн алба хаахаар ирсэн шинэ цэргүүдээ сүү, хадагтай тослоо.

Хугацаат цэргийн албаа хаасан цэргүүд тогооч эгч нарынхаа зассан ширээнд суув.

Хугацаат цэргийн албаа амжилттай хаасан халагдах цэргүүд "Халагдах цэргийн вальс" дууг дуулахдаа хоолой нь зангирч байлаа.

Хилийн 0174 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Ц.Энхбаяр халагдах цэргүүдийн хамт.

Байлдагч Н.Гантулга "Анх энгийн хувцастай ирээд цэргийн эрээн хувцсаа аваад өмсөхөд гоё байсан. Өглөө нь “Сэрээд сэрээд, бос” команд өгөхөд учраа олохгүй сандардаг байлаа. Аав маань цэрэгт явсан болохоор ямар байдаг талаар асуухад “Цэрэг гоё, яваад үзчих. Юм үзэж, нүд тайлна. Хүрээллээ тэлнэ” гэсэн. Аавынхаа хэлснээр яваад өнөөдөр халагдаж байна. Нэг жил хамт байсан найзуудаасаа салахад хэцүү байна.  Би цэргийн албанд ирээд мэргэжлээрээ ажилласан. Өмнө нь Дорноговь аймагт барилга дээр гагнуурчнаар ажиллаж байсан. Халагдаж очоод Говьсүмбэр аймагт цагдаагаар ажиллана гэж бодож байгаа.

Ах маань “Цэрэгт яваад ирсэн хүнийг цагдаагаар авдаг. Тиймээс цэрэгт яваад ир” гэсэн. Энгийн иргэн байхдаа юманд нэг их санаа зовдоггүй байж. Харин цэрэгт ирснээс хойш хэдэн сарын дараах ажлаа төлөвлөж байгаа. Хил дээр алба хааснаараа бахархаж байна. Мөн тогооч эгч нарынхаа хийж өгсөн хоолыг дахин идэхгүй гэхээр тиймхэн байна. Жилийн өмнө хал цэргүүдтэй солигдож байсан бол өнөөдөр шинэ цэргүүдтэйгээ ээлж солилцоод халагдах гэж байна. Халагдах тушаал аваад долоо хоног хувцсаа гоёж эхэлсэн. Цэрэгт ирснээр хүний үгийг сонсож, дааж сурахаас гадна тэвчээртэй болсон. Анх хилийн манаанд гарахад их гоё, сэтгэл өндөр байсан. Торыг дагаад явж байхдаа “Би улсынхаа жаахан ч гэсэн хэсгийг хамгаалж байгаа” гэж бодохоор үнэхээр бахархаж, омогшиж байлаа" гэв.

Халагдах  цэргүүд дүү нартаа заставын малыг хүлээлгэн өглөө. Хилийн 0174 дүгээр застав таван хошуу малтайгаараа онцлог ажээ.

Цагийн манаа хүлээлцэхээр алхаж буй нь.

Зэвсгээ хүлээлгэн өглөө.

"Өдөр бүр амттай хоол, цайгаар үйлчилж байсан та хоёртоо баярлалаа. Хайртай шүү" хэмээн байлдагч Б.Тэмүүжин талархсан сэтгэлээ илэрхийлэв.

Хилийн 0174 дүгээр салбарт аав ээжтэйгээ хилээ манаж буй бяцхан хилчид.

Аж ахуйн дарга, ахлах ахлагч Б.Батсуурь, эхнэр ариун цэврийн зааварлагч, тогооч Б.Ганцэцэг.

Хугацаат цэргийн алба хаагчдын үдэшлэг.

 

Хилийн 0174 дүгээр салбарын хугацаат цэргийн алба хаагчдын үдэлт.

Эх сурвалж www.zms.mn