Рагчаагийн Оюун
Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Сэтгүүлчид торгон хилд” аяны хүрээнд Сүхбаатар аймаг Онгон сум дахь Монголын Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн ангийг зорилоо. 87 жилийн түүхтэй тус анги Сүхбаатар аймгийн Дарьганга сумын үзэсгэлэнт нутагт оршдогоороо онцлог бөгөөд Онгон, Наран, Баяндэлгэр суманд улсын хил хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг ажээ. 2014 онд Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Онгон сумын уугуул иргэн, Монгол Улсын Чойн Дугаржавын нэрэмжит, 1945 оны чөлөөлөх дайнд ЗХУ-ын Армийн генерал И.А.Плиевийн удирдлага дор харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан баатарлаг гавьяаг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 онд Цэргийн гавьяаны одонгоор шагнасан байна. Мөн тус ангиас гавьяат цолтон хоёр, хүндэт чекист нэг, генерал 10, хурандаа 50 гаруй, эрдэмтэн доктор дөрөв төрсөн байна.
“Сэтгүүлчид торгон хилд” аяныхан цааш тус ангийн Хилийн 0174 дүгээр салбарт хугацаат цэргийн албаа хаагаад халагдах гэж байгаа цэргүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм. Биднийг зорьсон газартаа ирэхэд эрээн хувцсаа шар эмжээрээр гоёсон, энгэртээ “Хүү нь ирлээ”, “Хайр нь ирлээ”, “Монгол Улс”, “Баяндөхөм”, “Найз нь ирлээ”, “Сүхбаатар” гэсэн бичигтэй цэргүүд угтлаа. Мөн тэд амрах өрөөнд цугларч гитар тоглож Үг, ая Г.Чинзоригийн “Дархан хил минь баяртай” дууг дуулж байв.
Энэ үеэр байлдагч Н.Гантулга, Аж ахуйн дарга, ахлах ахлагч Б.Батсуурь, тогооч Б.Ганцэцэг нарын сэтгэгдлийг сонслоо.
Байлдагч Н.Гантулга: Халагдаж очоод Говьсүмбэр аймагт цагдаагаар ажиллана
-Анх энгийн хувцастай ирээд цэргийн эрээн хувцсаа аваад өмсөхөд гоё байсан. Өглөө нь "Сэрээд сэрээд, бос" команд өгөхөд учраа олохгүй сандардаг байлаа. Аав маань цэрэгт явсан болохоор ямар байдаг талаар асуухад “Цэрэг гоё, яваад үзчих. Юм үзэж, нүд тайлна. Хүрээллээ тэлнэ” гэсэн. Аавынхаа хэлснээр яваад өнөөдөр халагдаж байна. Нэг жил хамт байсан найзуудаасаа салахад хэцүү байна. Би цэргийн албанд ирээд мэргэжлээрээ ажилласан. Өмнө нь Дорноговь аймагт барилга дээр гагнуурчнаар ажиллаж байсан. Халагдаж очоод Говьсүмбэр аймагт цагдаагаар ажиллана гэж бодож байгаа.
Ах маань “Цэрэгт яваад ирсэн хүнийг цагдаагаар авдаг. Тиймээс цэрэгт яваад ир” гэсэн. Энгийн иргэн байхдаа юманд нэг их санаа зовдоггүй байж. Харин цэрэгт ирснээс хойш хэдэн сарын дараах ажлаа төлөвлөж байгаа. Хил дээр алба хааснаараа бахархаж байна. Мөн тогооч эгч нарынхаа хийж өгсөн хоолыг дахин идэхгүй гэхээр тиймхэн байна. Жилийн өмнө хал цэргүүдтэй солигдож байсан бол өнөөдөр шинэ цэргүүдтэйгээ ээлж солилцоод халагдах гэж байна. Халагдах тушаал аваад долоо хоног хувцсаа гоёж эхэлсэн. Цэрэгт ирснээр хүний үгийг сонсож, дааж сурахаас гадна тэвчээртэй болсон. Анх хилийн манаанд гарахад их гоё, сэтгэл өндөр байсан. Торыг дагаад явж байхдаа “Би улсынхаа жаахан ч гэсэн хэсгийг хамгаалж байгаа” гэж бодохоор үнэхээр бахархаж, омогшиж байлаа.
Аж ахуйн дарга, ахлах ахлагч Б.Батсуурь: Хилээ манана гэдэг хүний амь насыг хариуцсан хариуцлагатай алба
-Нэг жил зовлон, жаргалаа хуваалцаад нэг хамт олон, аав, ах, найз шиг байсан болохоор хоолой зангираад сонин л байна. Миний хувьд 16 жил цэрэг халж байгаа болохоор гайгүй.
Цэргүүдтэйгээ хамгийн ойр дотно байдаг хүн бол хуучнаар Жа буюу жагсаалын дарга. Өмнө нь жагсаалын дарга гэдэг байсан. Одоо заставын эд хөрөнгө, мал, цэргийнхээ өмсөх хувцас, идэж уух гээд хангалт, үйлчилгээг нь хариуцдаг гэсэн үг. Эднийхээ аав ээж нь юм шиг л өмсөж зүүх хувцас, идэж уухыг нь яаж байна гээд сэтгэл санааг нь дэмждэг. Хилчин хүн цэрэг бүртэйгээ тулж ажилладаг. Тэднийгээ хайрлаж, хамгаалдаг. Манай застав таван хошуу малтайгаараа онцлог. Тэмээгээ уналга, хүнсэндээ хэрэглэдэг. Хилээ манана гэдэг хүний амь насыг хариуцсан хариуцлагатай алба.
Хилийн цэрэг сайхан шүү. Тогооч Б.Ганцэцэг: Өөрийн хүүхэд, дүү шиг л санадаг
-Жилийн турш хугацаат цэргийн алба хаагчдынхаа хоолыг хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Би ариун цэврийн зааварлагч болохоор долоо хоног бүр цэргүүдээ үзэж шарх сорви байна уу гээд төв рүү мэдэгдэнэ. Жилийн хугацаанд цэргүүддээ ээж, эгч шиг нь сайхан байлаа. Өнөөдөр халагдаж байгаа болохоор сэтгэл хөдлөөд уйлчих гээд байна. Өөрийн хүүхэд, дүү шиг л санадаг. Эрүүл мэндийн зааварлагч гэсэн албан тушаал дээр ажилладаг. Миний хань энэ заставт жагсаалын даргаар ажилладаг. Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангид 16 жил, энэ заставт жил гаран ажиллаж байна гэсэн юм.
Биднийг ийн ярилцаж байх зуур байлдагч Б.Тэмүүжин орж ирээд “Жилийн турш амттай хоол, цайгаар үйлчилж байсанд их баярлалаа. Та хоёр ээж, эгчийг минь орлож байсанд их баярладаг, хайртай шүү” гэж хэлээд үнсүүлээд гарч явлаа.
2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан Дорноговь аймгийн харьяат, ахлах байлдагч О.Мөнхбат, байлдагч Т.Эрдэнэ-Очир нар хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр удаагийн хил орчмын дэглэмийг зөрчсөн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч тухайн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн амжилтаар заставаас хугацаат цэргийн албанаас халагдаж байна.