Б.АЛТАНГЭРЭЛ
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин болон TV9 телевиз хамтран Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан цуврал хэлэлцүүлгийг хүргэж байна. Энэ удаад хүүхдийн эрхийг онцолж зочдоор Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, хуульч, өмгөөлөгч Г.Бат-Отгон, НҮБ-ын Хүүхдийн сангийн Төлөвлөлт, хяналт үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаа, өмгөөлөгч Б.Агар-эрдэнэ нарыг урилаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөлт, хяналт үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаа : ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗАРИМ АСУУДАЛ ДЭЭР БИД УХАРЧ БАЙНА
-Хүүхдийн эрхийн конвенцийн хүрээнд улс орнууд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар тайланг явуулж, хэлэлцүүлдэг. Манай улсын хувьд хүүхдийн эрхийг хэмжихэд хүүхэдтэй хамааралтай маш олон асуудал байдаг. Үүнд хүүхэд амьд явах, эсэн мэнд явах эрхээ эдэлж байгаа хэдий ч боловсролын чанарын хувьд анхаарал хандуулсан хэвээр байна. Хөгжлийн үйлчилгээ тал дээр хамралт өндөр. Гэвч хөгжлийн оролцооны тал дээр анхаарал татах асуудлууд байна. Хүүхэд хамгаалал маш өргөн асуудлуудыг хамруулж хардаг, хэрэгжилтийн түвшин янз бүр байна. Тухайлбал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг сүүлийн 30 жил бууруулж чадаагүй статистик үзүүлэлттэй байна. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн төрлүүд улам нарийн болж байна. Цахим гэмт хэрэг нэмэгдэж байна. Хамгааллын тал дээр олон шинэ асуудлуудтай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүсэх нөхцөл бий болсон. Хүүхдийн амьдарч буй орчны аюулгүй байдал маш хурцаар тавигдаж байна. Агаарын бохирдол, цаг уурын нөхцөл байдлын амьдралд үзүүлж буй нөлөө гээд яривал бид ухарч байгаа үзүүлэлттэй байна. Хүүхдийн асуудлыг цөөхөн өгүүлбэрээр базахад хэцүү ч гэсэн эдгээр нь хамгийн түгээмэл ажиглагдаж байгаа асуудлууд.
Хүүхдийг аливаа үйл ажиллагаанд оролцуулах стандарт, ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл үйл ажиллагаа болгонд байдаг. Хүүхдэд хор уршиг хүргэхгүй байх гэсэн үндсэн зарчмаа барьдаг. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ирээдүйн амьдралд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй байхаар асуудлыг шийдэх ёстой. Зарим төрлийн мэдээллийг олон нийтийн сэтгэл зүйг бодолцож шийдэх нь зүйтэй. Хүүхдийг сөрөг мэдээлэлд хэт автуулснаар сэтгэцийн эрүүл мэнд монголд төдийгүй дэлхийд асуудал дагуулсаар байна. Цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хянаж чадахгүй байна.
Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал: МАНАЙ УЛСЫН ЗУРГААН ТАЙЛАН ЯВУУЛСНААС ТАВД НЬ ЗӨВЛӨМЖ АВСАН
-Монгол Улс 1989 онд батлагдсан конвенцид 1990 оны долоодугаар сард нэгдэн орж есдүгээр сарын 1-нд мөрдөж эхэлсэн энэ цаг хугацаа бол Монголын нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөлттэй үе. Өнөөдөр энэ конвенцид нэгдээд 33 жил болсон. УИХ төр засгаас хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагууд нь конвенцид нэгдэж орсон гэдгээ мэдэж байгаа юм уу, үүний төлөө анхаарал тавьж ажиллаж байна уу гэсэн эмзэглэл төрдөг. Конвенцид тухайн улс орон өөрийнхөө улсын хүүхдүүдийн аж байдлыг дээшлүүлье, эрүүл аюулгүй, тайван, орчинд амьдруулж, хайр халамжаар дутаахгүй амьдруулж чадна гэсэн үүрэг, амлалт авч ажиллан нэгдэн ордог. Манай улс нэгдэн орсон эхний арван орны нэг. Гэтэл өнөөдөр энэ үүргээ бүрэн биелүүлж чадаж байна уу. Конвенцид нэгдэн орсон орон таван жил тутам тайлан, илтгэлээ явуулдаг. Манай улсын хувьд зургаан тайлан явуулснаас тавд нь зөвлөмж авсан байдаг. Жишээлбэл, 2016 онд тайлан дээр дахин анхаарах улс гэсэн дүгнэлт өгсөн байдаг. 2017 онд тавдугаар зөвлөмжөөрөө биднийг дунд түвшинд анхаарч байна гэсэн зөвлөмж өгсөн. Гэвч авсан зөвлөмжөө эргэн харж, ярьж байна уу . 2024 онд Монгол Улс дахин тайлангаа бичиж Хүүхдийн хороонд өгнө. Хамгийн сүүлийн зөвлөмжид хүчирхийлэл багасгах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд анхаарч ажиллах гэсэн зөвлөмжүүдийг өгсөн. Дээрх асуудлууд өнөө маргаашийнх биш. 2010 оноос хойш “бага” гэсэн анхааруулгатай, 2017 оноос “дунд” ажил хийсэн гэсэн анхааруулгатай байна. Үүнээс хойш хүүхдийн төлөө анхаарч ажиллахгүй явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн.
Хуульч, өмгөөлөгч Г.Бат-Отгон:ХҮҮХДИЙН ҮНЭЛЭМЖ ДУТАГДАЖ БАЙНА
-Миний хувьд төр болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хангалттай сайн ажиллаж байна гэж хардаг. Багшаас, нийгмийн ажилтнаас бус эцэг эх өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Миний хувьд гурван хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ сургуулийн эцэг, эхийн зөвлөлд байдаг. Хүүхдийн эрх ярихын өмнө өөрийнхөө хүүхдийг тухайн орчинд хэрхэн хамгаалагдаж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Би хүүхдүүдийнхээ сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийж өгдөг. Удирдлагуудад нь хөдөлмөрийн харилцааны тухай үнэгүй зөвлөгөө өгдөг. Ингэхээр хүүхдээ хэн нэгэн багшид даатгаад орхих биш эцэг, эхчүүд сургалтад өөрсдөө очиж оролцох хэрэгтэй.
Эцэг, эхчүүд хууль эрх зүйн мэдлэг дутмаг. Би 31 дүгээр сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн. Миний хүүхдүүдээс энэ сургуульд сурдаггүй. 2019 оноос хойш гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт есөөс 12 ангид орж байна. Энэхүү сургалт орсны дараа дүүргийн гэмт хэрэггүй сургууль болж байсан. Миний зүгээс хууль ч нарт хандаж “Нэг сургууль нэг хуульч” гэсэн уриалга гаргадаг. Монголд 6000 хуульч, 3000 өмгөөлөгч байна. Тиймээс хүүхдүүдийнхээ сургууль дээр очоод эрх зүйн зөвлөгөө өгвөл гэмт хэрэг буурна шүү дээ.
Хүүхдийн эрхийг хамгаалахад хууль эрх зүйн орчны шинэчлэл хэрэгтэй. Сая боловсролын багц хууль батлагдлаа. Миний хувьд өмгөөлөгчөөр ажиллаад 19 жил байна. Сургуулиудаас та дээрмийн эсрэг журам боловсруулаад өгөөч гэсэн санал ирдэг. Боловсролын хуульд үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болох, үүнд ямар хариуцлага тооцох зохицуулалт хуульд байдаггүй. Тиймээс хууль эрх зүйн орчин нийгэм цаг үетэйгээ зэрэгцэж орших хэрэгтэй.
Өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: ГЭР БҮЛ ТОГТВОРТОЙ БУС БАЙНА
-Хүүхдийн эрхийн асуудал гэдэг бол маш өргөн хүрээний асуудал байдаг. Шүүхийн танхимд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль мөрдөгддөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь аливаа гэм буруутай эсэхийг нотлох, тогтоох түүнд эрүүгийн хариуцлага ногдуулах зорилгоор явагддаг. Нэг бол 18 хүрээгүй хүүхэд өөрөө гэмт хэрэгтэн болох, эсвэл хүүхэд гэмт хэргийн золиос болохтой холбоотой асуудал дээр улсаас хууль баталж өгсөн. Харин шүүхийн танхимд орж ирээгүй хэчнээн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Монгол Улс өсвөр насны яллагдагч, хохирогч хүүхэдтэй холбоотой хамгааллын тогтолцоог 2017 оноос хэрэгжүүлж байгаа. Энэ нь нэг талаасаа сайшаалтай. Хэрэг хянан шалгах ажиллагаанд хүүхдийн эрхийг хангахын тулд эхний алхмаа хийж байна хэмээн харж байна. Хүүхдийн хүчирхийлэл бие махбод, сэтгэл зүй зэргээр маш олон талаар илэрдэг. Үл хайхрах хүчирхийлэл нь мөн дотроо олон төрөлтэй. Сэтгэл зүй, боловсрол, бие махбодоор үл хайхрах нь хүүхдийн нийгэмд хувь хүн болон төлөвшүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиар насанд хүргэгчдэд үүрэг болгон өгсөн байдаг. Эдгээр үүргийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байгаа. Гэвч зөрчлийн хэргийг нээгээд явах систем бидэнд хангалттай бус байна.
Хүүхдийн хүмүүжилд гол үүргийг гэр бүл хариуцаж байдаг. Монгол Улсын хувьд сүүлийн арван жилийн статистикийг харвал гэр бүл тогтвортой бус, гэрлэлт цуцлалт их байна. Энэ асуудалд бид анхаарал хандуулах ёстой. Хоёр талд байгаа хүүхдийн хүмүүжил хүүхдийг сэтгэл санааны байдал хагас мэдрэмжийн байдалд оруулдаг. Хүүхэд хүртэх анхаарал халамж хүртэж чадахгүйн улмаас нэг бол гэмт хэрэгтэн, эсвэл гэмт хэргийн золиос болох өндөр эрсдэлтэй байдаг. Монгол Улс НҮБ- д тайлан явуулж зөвлөмж аваад дунд болон муу үнэлгээ авсан. Үүний хор уршиг нь одоо гарч байна. Иймээс бид тав, арав, хорь гэсэн алсын хараатай хүүхдийн эрхийг хамгаалах нь зөв гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)