С.УЯНГА

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд эх сурвалжаа хамгаалах акц өрнүүлэв. Сэтгүүлчид микээ газарт өрж, маск зүүв. Эрүүгийн хуулийн тодорхой заалтыг эсэргүүцэн бичиг бүхий уриа лоозон өргөж, хууль тогтоогчдод шаардлага хүргүүлэв.

Эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайдад, дараа нь МАН-ын бүлэг, сөрөг хүчнийхэнд хуулиа эргүүлэн татах шаардлага хүргүүлэв. Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдхэн хоногт боловсруулан энэ сарын 11-ны өдрийн хуралдаанаараа яаран хэлэлцэж, төслийг дэмжээд байгаагийн дотор “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, зургаан сараас гурван жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоож байна. Ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй байна. Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэлт ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна  хэмээн МСНЭ-ээс мэдэгдэл гаргаад байсан юм.

Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдыг "Шүгэл үлээгээрэй" гээд нэг мөрөн дээр нь алгадаж байгаа атлаа, "Шүгэл үлээвэл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ шүү" хэмээн нөгөө мөрөн дээр нь алгадсанаас өөрцгүй юм.  Иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах гэж байна. Иргэдийн мэдэх эрхийг хангадаг зүйл нь хэвлэл мэдээллийн салбар байдаг.Тиймээс бидний тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд Засгийг газар, УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн сурталчлахаас татгалзах болно” гэсэн бол дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан албан тушаалтан, ажилтанд оногдуулдаг торгох заалтыг олон жилээр хорих заалт  болгон оруулсан. Үүнийг Ерөнхий сайд Хууль зүйн сайдад үүрэг болгож хэдхэн хоногийн дотор боловсруулж батлах гэж байна. Мөрдөн байцаах ажиллагааны нууцлалын хариуцлага одоо ч эрүүгийн хуулиар оноогддог байхад үүнийг чангалж байгаагаас улбаалан ямар нэгэн сөрөг үр дагавар гарч болзошгүй гэдэгт анхаарч, нийгэмд хүргэх үүрэгтэй” гэлээ.

Ийнхүү сэтгүүлчдийг шаардлага хүргүүлэхтэй зэрэгцэн ХДХ-ийн сайд Б.Энхбаяр “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах энэ гэмт хэрэг сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсын эрүүгийн хуульд хуульчлагдсан гэмт хэрэг байсаар ирсэн. Цаашид ч байх зүйл. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн субъект иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага биш" гэж тайлбарласан ч МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд сэтгүүлчдийн эсэргүүцээд байсан заалтыг эргүүлэн татахаар боллоо.

Энэ талаар  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар Монгол Улсын төсвийн тухай хууль болон МСНЭ-ээс өргөн барьсан Эрүүгийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Бага насны хүүхэд, гэр бүлтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлийн хуулийн төсөл юм. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 21.9 буюу мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байхтай холбоотой заалтыг өргөн барьсан. Энэ заалтыг мэдээлэл олж авах эрхийг багасгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах гэж байна гэдэг агуулгаар сэтгүүлчид эсэргүүцэж байна. УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Энэ гурав дахь өдөр ээлжит бус чуулган хуралдаж, Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийднэ. 14 хоногт багтааж энэ асуудлыг шийдвэрлэнэ" хэмээв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)