Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Хүн бүр өөр өөрийн хувь тавиланг бүтээхээр төрдөг. Зарим нь өөр хэн нэгэнд амьдрал бэлэглэхээр төрсөн байдаг нь ч бий. Аврал эрсэн аминд амьдрал бэлэглэгч энэ эгэл хүмүүсийг бид “Донор” гэж нэрлэдэг. Би 100 хүний амь аварсан гэж тэд чангаар хашхирдаггүй. Бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө авлага нэхэлгүй зүтгэж чаддаг “Чимээгүй” аврагчид билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа гурван үеийн донор өвөө Д.Жамъянхорлоо, эмээ Ц.Цэнд, аав Ө.Галсанжав, ээж Ж.Эрдэнэчимэг болон охин Э.Нандинцэцэг нарыг онцолж байна.
Өвөөгийн дурсамж
Д.Жамъянхорлоо нь 1913 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд Дашийн ууган хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, Нарийн тээл сумын сургуулийг 12 настай төгсөж байжээ. Үүнээс хойш аав, ээждээ туслан хөдөө амьдарч байгаад 1934 онд БНМАУ-ын хувьсгалт цэргийн албанд мордож дөрвөн жилийн хугацаатай цэргийн алба хаажээ. Ингэхдээ цэргийн эрдэмд нэг дугаарт “сайн” эзэмшсэн хэмээн Отряадын дарга н.Рэнцэн, Улс төрийн намын орлогч н.Адъяа, Штабын дарга н.Шагдаржав нарын гарын үсэгтэй үнэмлэхээр шагнуулж байжээ. Энэ нь түүнийг хийж буй ажилдаа шаргуу болохыг илтгэнэ.
Д.Жаминхорлоо нь 1939 болон 1945 оны чөлөөлөх дайнд эх орны хүү, эр цэргийн ёсоор амь биеэ үл хайрлан оролцож байсан нэгэн юм. Энэ гавьяаг нь үнэлж БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор “Ялсны төлөө” медалиар шагнуулж байжээ. Мөн БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, генерал А.Жамсранжаваас “Ахмад дайчин”-ны цол тэмдгээ 1986 онд авч байжээ. Тэгвэл Э.Нандинцэцэг өвөөгөө дурсан “Өвөө маань зөөлөн зантай, зөв зүйлийг өөрөөрөө үлгэрлэгч хүн байсан. Мөн бичгийн эрдмийг маш сайн эзэмшсэн хүн. Тодруулбал, монгол бичиг, уйгаржин бичиг, крилл бичгээр сайхан бичдэг байсан. Би ууган ач нь учраас өвөө эмээ дээрээ өссөн. Намайг их эрхлүүлнэ. Мөн шатар, даам хамтдаа тоглоно. Одоо бодоход цаагуураа намайг суулгаж сургах гэдэг байжээ гэж бодогддог. Өвөө маань 1938 онд цэргээс халагдсан бөгөөд ирээд цэргийн артельд нягтлан бодогчоор ажилласан байдаг. Гэвч жилийн дараа буюу 1939 онд чөлөөлөх дайн эхэлж, Халх голын дайны цэргийн арын хангалтын албыг хашиих болсон гэдэг. Мөн 1945 оны дайнд галын шугамд эх орноо хамгаалж Японы империалистын эсрэг байлдаж явсан” гэсэн юм.
Д.Жамъянхорлоо “Донор” болсон түүх түүний гэргийтэй холбоотой. Тэрбээр гэргий Ц.Цэндтэйгээ 1948 онд гэр бүл болжээ. Түүний гэргий 1920 онд Өвөрхангай аймгийн Дөлгөөн сумын Баруун гэдэг газар Цэвлийн тав дахь охин болон мэндэлжээ. Мөн л эцэг эхийн гар дээр хүүхэд насаа өнгөрөөж бага боловсрол буюу дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшжээ. 1940 оноос Өвөрхангай аймгийн төвийн эмнэлэгт сувилагчаар ажиллах болжээ. 1945 оны чөлөөлөх дайны үед хээрийн эмнэлгийн батальонд ажиллаж байх үедээ Монголын хамгийн анхны таван цусны донорын нэг болсон байна. Энэ тухай Э.Нандинцэцэг “Дайны үед шархадсан хүмүүст цус сэлбэх болсон байгаа юм. Тухайн үед таван хүнийг сонгон авч донор болгосон гэдэг. Эдгээрийн нэг нь манай эмээ байсан. Харин сүүлд цус өгөх нь эрүүл мэндэд сайн олон нөлөөтэй гэдгийг эмээ мэддэг байсан учир өвөөг цусыг нь өгүүлдэг болсон гэж ярьдаг байсан” гэсэн юм. Ц.Цэнд 45 жил хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож гавьяаныхаа амралтад гарсан байна. Түүний улс орондоо оруулсан хувь нэмэр, хүч хөдөлмөрийг үнэлэн Таван жилийн гавшгайч, Засгийн газрын хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүнээр шагнаж байжээ.
Аавын хөрөг
Өнөрийн Галсанжав нь 1955 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төржээ. Тэрбээр онц сурдаг хүүхэд байжээ. Тиймээс наймдугаар ангиа төгсөөд ЗХУ-ын Миниск мужийн их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцахаар хүлгийн жолоо залжээ. Харин түүний гэргий Жамъянхорлоогийн Эрдэнэчимэг нь 1957 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн. Хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг онц дүнтэй төгсөж ЗХУ-ын Новосибирскийн сургуульд элсэж Хүнсний технологич мэргэжил эзэмшсэн байна. Ө.Галсанжав нь гэргий Ж.Эрдэнэчимэгтэйгээ ЗХУ-д суралцаж байхдаа танилцаж байжээ. Аав ээжийнхээ тухай Э.Нандинцэцэг “Аав ээж хоёр маань 1975 онд ОХУ-д оюутан байхдаа танилцсан гэдэг. Улмаар гэр бүл болж 1977 онд намайг төрүүлсэн байдаг. Аав маань 1980-1993 оны хооронд худалдааны долдугаар конторт цахилгаан лифтний инженер, 1993-2015 онуудад Зэвсэгт хүчний 310 дугаар ангид инженерээр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Харин ээж маань 1980-1982 он хүртэл худалдааны долдугаар конторт, 1982-2012 он хүртэл Атар өргөөд ажилласан” гэв.
Тэд 1982 оноос цусаа өгч эхэлжээ. Тухайлбал, Ө.Галсанжав 31 удаа цусаа өгч 93 хүнд амьдрал бэлэглэсэн бол түүний гэргий Ж.Эрдэнчимэг нь 12 удаа цусаа өгч 36 хүний амь аварсан байна. Энэ талаар Э.Нандинцэцэг “1982 онд ээж Атар өргөөгийн талхан цехэд ажиллаж байх үед ажилчид нь нийтээрээ цусаа өгсөн гэдэг. Энэ үеэс хойш ээж, аав хоёр хамтдаа цусаа өгдөг болсон. Ээж маань найман удаа төрсөн. Эмэгтэй хүн жирэмсэн болон хүүхэд төрүүлснээс хойш гурван нас хүртэлх хугацаанд цусаа өгдөггүй. Тиймээс ээж маань цөөн удаа цусаа өгсөн байх” гэв.
Ө.Галсанжав, Ж.Эрдэнчимэг нар зургаан хүүхэдтэй бөгөөд тэд өдгөө ач зээ нийлсэн 20 гаруй хүүхэдтэйгээ хамт аж төрж байгаа бөгөөд тэдний 10 нь цусны донор юм. Тодруулбал, хүү Г.Төгсжавхлан таван удаа, Г.Мөнхжаргал 16 удаа, Г.Жаргалсайхан 10 удаа, Г.Отгонболд таван удаа, охин Г.Мөнхцэцэг 20 удаа, Г.Өнөржаргал 18 удаа өгчээ. Үүн дээр хүргэн бэр, ач зээ нийлсэн цөөн удаа цусаа өгсөн хүмүүс байгаа ажээ. Тэд нийт 900 гаруй хүнийг аварчээ.
Дусал цусны үнэ цэнийг мэдэрсэн
Гурав дахь үеийн төлөөлөл Монгол Улсын Мөнгөн донор Э.Нандинцэцэгтэй ярилцлаа.
-Донор болоход гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү?
-Би халуун цусаа бэлэглэж бусдын амь нас, эрүүл мэндийг аврах энэ их үйлсэд өвөө, эмээ, аав, ээжийнхээ адил бусдад туслах чин сэтгэлийн дуудлагаар нэгдсэн.
-Та хаана төрсөн бэ?
-Би 1977 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Төрөөд ларангит гэдэг өвчнөөр өвчилж Улаанбаатар хотод ирж улсын гуравдугаар төрөх эмнэлэгт эмчлүүлсэн. Төрсөн өдрөөсөө хойш гурван сарын дараа бичиг баримтаа авсан. Тиймээс намайг Улаанбаатар хотод төрсөн гэж бүртгэсэн.
-Ямар мэргэжилтэй вэ. Оюутан байхдаа цусаа өгч эхэлж байсан гэсэн үү?
-Би бүрэн дунд боловсролыг нийслэлийн 21, 69, 79 дүгээр сургуулийг төгсөөд Батлан хамгаалах их сургуулийн холбоочны ангид суралцсан. 2002-2006 онд "Сутай" дээд сургуулийг хууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Энэ үеэс цусаа өгч эхэлсэн. Нэг өдөр сургууль дээр маргааш цус авах явуулын цэг ирнэ гэдгийг багш хэлсэн. Тиймээс гэртээ хариад эмээ, аав хоёроосоо цусаа өгөх нь ямар ач холбогдолтой талаар асуусан. Ингэхэд эмээ маань надад анхны таван донорын нэг байсан гэдгээ хэлж байлаа. Мөн цус өгөх олон сайн талтай гэсэн. Тиймээс маргааш нь явуулын цус авах цэгт цусаа анх өгч байсан. Их сургуульд байхдаа цус ирж авах бүрт нь өгсөн. Харин сургуулиа төгсөөд хэсэг цусаа өгөхөө больсон. Учир нь ирж авахгүй болохоор зорьж очиж өгдөггүй юм билээ. Харин сүүлд 2010 оноос эрчимтэй цусаа өгч эхэлсэн.
-2010 оноос цусаа эрчимтэй өгөх болсон нь ямар нэг шалтгаантай юу?
-Эрчимтэй цусаа өгөх болсон шалтгаан бий. 2010 оны үед манай найз төрөхийн хүндрэлээс болж цус алдсан. Энэ нь аав, ээж, ах дүү, найз нөхөд, ханьд нь хэцүү байсан. Хүн бүр сандраад л. Тэр үед донор ирэхийг, таарах цус олдохыг хүлээж байхдаа дусал цусны үнэ цэнийг мэдэрсэн дээ. Цус хүлээж буй хүнд цаг хугацаа маш удаан санагддаг юм билээ. Энэ үйл явдал надад цусаа өгөх хэрэгтэйг ойлгуулсан. Энэ үеэс хойш би 100 удаа цусаа өгч 300 гаруй хүний амийг аварчээ. Цаашид ч цусаа өгч олон хүний амийг аварна гэж боддог. Мөн эргэн тойрны хүмүүсээ уриалдаг болсон доо.
-Үхэл амьдралын зааг дээр тэмцэж үзсэн хүн дусал цусны үнэ цэнийг мэддэг гэж байна. Тэгвэл цусаа өгч байсан хүмүүсээс таньд талархаж байсан тохиолдол бий юу. Эсвэл яаралтайгаар дуудагдаж ирж цусаа өгч байв уу?
-Донорын тухай хуульд хэн хэнд цусаа өгч байгаа нь нууцын зэрэглэлтэй байдаг. Бидний өгсөн цус цусан бүтээгдэхүүнийг хэн хэрэглэж байгааг бид мэддэггүй. Мөн хэний цусыг хэрэглэж байгаагаа хэрэглэгч мэддэггүй. Тиймээс цусаа өгсөн хүнтэйгээ таарч байгаагүй. Цусны төвөөс залгаж “яаралтай ирээд цагаан эс, улаан эсээ өгөөч ээ. Таны бүлгийн цусны захиалга сая орж ирлээ” гэх тохиолдол бий. Харин тэр бүрд нь маш хурдан явж ирээд цусаа өгдөг.
-Та ямар бүлгийн цустай вэ?
-Би гуравдугаар бүлгийн цустай. Энэ бүлэг нь хүн амын 30-40 хувийг эзэлдэг. Харин хоёрдугаар бүлгийн цус нь 20 хувийг, дөрөвдүгээр бүлэг нь долоохон хувийг эзэлдэг. Би ганцхан донор биш. Донор сурталчлагч хүн. Тиймээс II болон IV бүлгийн цустай хүмүүсийг цусаа өгөхийг уриалдаг. Тийм ч учраас эргэн тойрны ах дүү хамаатан садан, найз нөхдөө бүгдийг нь донор болгосон.
-Донор сурталчлагч гэж байна. Өөрийн ажил мэргэжлийн тухай ярихгүй юу?
-Анх 065 дугаар цэргийн ангид холбоочин хийж байлаа. Дараа нь хувийн хэвшилд хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад одоо Улаан загалмайн нийгэмлэгт Донорын асуудал, анхны тусламжийн чиглэлээр ажиллаж байна.
-Таны хүүхэд болон нөхөр хүүхэд тань цусаа бэлэглэдэг үү. Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу?
-Би 1998 онд нөхөртэйгөө танилцан гэр бүл болж байлаа. Дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань ШУТИС-ийн гуравдугаар курс, удаах охин маань наймдугаар анги, хоёр ихэр хүү маань гуравдугаар ангийн сурагчид бий. Хүү маань бас цусаа бэлэглэдэг.
-Цусаа өгөх нь ямар давуу талтай вэ?
-Нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амь насыг авардаг гэж үздэг. Цусаа бэлэглэх нь маш том хүмүүнлэгийн үйлс. Цусаа өгснөөр олон улсад хийсэн судалгаагаар хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Мөн бодисын солилцоог эрчимжүүлдэг. 17-60 насны 45 кг-аас дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүмүүс цусаа хандивлах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)