Б.НАНДИН
Гамшиг зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Гэхдээ зарим тохиолдолд “хэлж” ирэх нь бий. Өөрөөр хэлбэл, байгалийн сүр хүчнээс илүүтэйгээр хүний буруутай, санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй гамшиг тохиолдох нь элбэг. Ойд явж байхдаа санамсаргүй унагасан тамхины цог хэдэн га талбайг хамарсан түймэр дэгдээж болдог. Эсвэл үерийн аман дээр бууж болохгүй гэдгийг мэдсээр байвч “За гайгүй биз дээ” гэсэн хэнэггүй зангаасаа болж аюул осолд өртөх нь энүүхэнд. Тэгвэл энэ мэтээр гамшиг осол, байгалийн давагдашгүй аюулыг хохирол багатай даван туулахыг сануулж, сэрэмжлүүлэхийг чухалчилсан нэгэн чухал уулзалт өнгөрсөн баасан гаригт ОБЕГ-т болов.
Жил бүрийн аравдугаар сарын 13-ныг Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ОБЕГ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө хамтдаа” сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалтыг зохион байгуулсан юм. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хүн бүрийг өөрийгөө болоод бусдыг хамгаалах мэдлэгтэй болгоход мэргэжлийн байгууллагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо маш чухал. Тиймээс ч сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ өдрийн ач холбогдлыг таниулах зорилготой энэхүү уулзалтад хэвлэлийнхнээс гадна ОБЕГ, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын удирдлагууд оролцож, саналаа солилцсон нь энэ.
НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишар “Гамшиг осол гэдэг хэлж ирдэггүй ч хүн бүр сэргийлэх боломж байгааг иргэд ойлгож ухамсарлаж чадвал тэр хэрээр гамшгийг эрсдэл буурна” хэмээн уриалж, учирлахын завсарт өгүүлж байна.
Харин ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай салбарын бодлогын талаар саналаа хэлэв. Тэрээр “Иргэдийн амьжиргаа, гамшиг хоёр харилцан хамааралтай” хэмээн онцлон ярьж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьжиргаа дээшилж, амьдрах орчны чанар нэмэгдэхийн хэрээр гамшигт өртөх эрсдэл буурдаг, харин амьжиргаа буурах тусам гамшгийн эрсдэл нэмэгддэг байна. Тухайлбал, өнгөрсөн зун болсон үерт өртсөн зарим айлуудыг нүүлгэн шилжүүлсэн ч тэд эргээд л хуучин буурин дээрээ, үерийн амандаа эргээд ирсэн тохиолдлууд бий гэнэ. “Тэдгээр хүмүүсийг буруутгахад бас хэцүү. Дэд бүтэц, хүүхдийн сургууль цэцэрлэг гээд амьдрах нөхцлийг нь цогцоор нь шийдэж чадаагүй учраас тэд шинэ газарт амьдрах биш, эрсдэлтэйг нь мэдсээр байж хуучин газраа эргэн ирж байна. Ингээд бодохоор гамшгаас хамгаалах ажил өөрөө асуудлыг цогцоор шийдэхийг төр засгаас шаарддаг онцгой салбар” хэмээн Д.Намсрай хурандаа ярьсан юм.
Үнэхээр ч эрсдэлтэй гэдгийг нь мэдэж байгаа ч сургууль цэцэрлэг, гэрэл цахилгаангүй газарт хэчнээн ч хоног тэсч чадах билээ гэж тэднийг зөвтгөхгүй ч, буруутгаж чадахгүй нөхцөл байдал бий аж.
НҮБ-ын зүгээс ч Гамшгаас хамгаалах хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь үерийн ус зайлуулах төсөл аж. НҮБ-ын Хабитат хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 10 хороонд үерийн ус зайлуулах байгууламж барьж гүйцэтгэжээ. “Мэдээж 10 хороонд далан барьснаар гамшгаас бүрэн хамгаалж чадахгүй, гэхдээ л энэ нь далайд дусал нэмэр гэдэг шиг бага ч болов тус болох ажил” хэмээн НҮБ-ын Хабитат хөтөлбөрийн Монгол дахь салбарын менежер Д.Энхцэцэг ярьж байна. Тэрбээр, “Хотжилт гэдэг тодорхой хэмжээний зохион байгуулалт дэд бүтэц шаарддаг. Мэдээж манай улсын хувьд нүүдлийн соёл иргэншилтэй уялдаад хотжилт удаан боловч бага багаар хөгжиж л яваа. Харин иргэдийн ухамсар, төрийн оролцоо аль аль нь зэрэг хөгжиж байж бидний хүсээд байдаг жинхэнэ соёлтой, аюулгүй хот суурин бий болдог” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)