Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалыг урилаа.

 

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ДААТГАЛ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Блиц

Мэргэжил:

-Бизнесийн удирдлага

Ажлын туршлага:

-2003-2012 Маркетингийн мэргэжилтэн, Борлуулалтын албаны захирал, Ньютел ХХК, Мобиком групп

-2012-2013 Төслийн удирдагч, Тэнгэрийн улаач ХХК

-2014-с Гүйцэтгэх захирал, Авто СОС ХХК, Монголын даатгалын Холбоо ХХК

Даатгалын салбар нийгэм, эдийн засагт ямар эерэг нөлөөтэй вэ гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Аливаа улс оронд тодорхойгүй байдлаар үүсэх эрсдэлүүд бий. Нийгмийн амьдрал, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн хохирол үүсэх эрсдэлээс даатгалын систем хамгаалах нэг боломж нь юм шүү дээ.

Санхүүгийн хохирлоос үүдэн эдийн засаг, бизнесийн харилцаанд тогтворгүй байдал үүсдэг. Даатгал бол энэ байдлыг тогтвортой болгоход тусладаг санхүүгийн үйлчилгээ юм. Тухайлбал, орон сууцны зээлтэй хүнд асуудал тулгарчээ. Магадгүй эрүүл мэндийн хүнд асуудал үүссэн байж болно. Тэгвэл тухайн зээлдэгч даатгалын гэрээ байгуулахдаа өөрт тулгарч болох ажилгүйдэл, эрүүл мэндийн өвчлөлийн талаар гэрээндээ тусгасан байвал орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгалын байгууллага төлж барагдуулснаар зээлдэгчид ямар нэг асуудал үүсэхгүй гэсэн үг. Магадгүй амь нас эрсэдсэн бол ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. Нөгөөтэйгүүр байгаль цаг уур болоод өөр шалтгаануудын улмаас тухайн даатгуулагчид эд хөрөнгийн хохирол учирлаа гэхэд даатгалаас хохирлыг төлөх жишээтэй. Ингээд ярихаар энгийн хүн бүр мэддэг асуудал мэт боловч бодит байдал дээр төдийлөн анзаардаггүйгээс бодит хохирлоо төлүүлэх боломжгүй нөхцөл үүсдэг тал бий. Тиймээс даатгал гэдэг нь нийгмийн болоод эдийн засгийн тогтвортой санхүүгийн байдлыг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг.

Даатгалын компани санхүүгийн чадавхиа байнга нэмэгдүүлж, өсгөдөг. Тэд нөөц сан үүсгэн түүгээрээ дамжуулан үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгөө өсгөдөг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дээр борлуулагдаж байгаа Засгийн газрын болон компанийн бонд, хувьцаанд хөрөнгө оруулах замаар эдийн засагт хэрэгтэй мөнгөн урсгалыг санхүүжүүлж байгаа юм.

 

ДАХИН САНХҮҮЖИЛТ АВАХ БҮРЭН БОЛОМЖ ОЛГОДОГ

 

Даатгалын салбарын хөгжлийг сул гэж харж болохгүй л дээ. Нэг үеийг бодоход даатгалын тогтолцоо дахин санхүүжилтийн системийг бий болгож байгааг хүмүүс ойлгодог болсон. Тиймдээ ч даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсоор байна. Бизнесийн орчинд тухайн хөрөнгө оруулалтын эрсдэлийг даатгалын гэрээгээр хамгаалах боломж бий. Даатгалын хураамж хүлээгдэж байгаа хохирлоос үргэлж бага байдаг суурь зарчимтай. Тэгэхээр хувь хүн, аж ахуйн нэгж тэр ч бүү хэл төрийн байгууллага ч ялгаагүй эрсдэлээ тооцон даатгалын хураамжийн төлбөрийг төлөвлөөд явах боломжтой.

Магадгүй өнгөрсөн цар тахлын улмаас бизнес нь эрсдэлд орсон компани тухайн нөхцлийг даатгалын гэрээндээ тусгасан бол дахин санхүүжүүлэх хөрөнгийн асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зуны үерт чамгүй бизнес эрхлэгч хохирол амссан. Тэд даатгалд хамрагдсан байсан бол санхүүгийн эх үүсвэрийн дутагдалд орохгүйгээс гадна дампуурах эрсдэлээс ч хамгаалагдана. Тодруулбал, худалдаа эрхлэгч өөрийн зарж байгаа бүтээгдэхүүн үер усны болоод байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөх эрсдэлийг урьдаас тооцоолж даатгалын гэрээндээ тусгасан байжээ. Тэгтэл үерийн усанд түүний ажилладаг худалдааны төв өртсөн гэж бодъё. Тэгвэл тухайн худалдаачин даатгуулсан дүнгээрээ дахин санхүүжилт боломжтой болж  байгаа юм.

Ер нь даатгалын салбарт эрсдэлийг тооцоолж бүхий л хувилбарыг тусгахыг зорьсон байдаг. Жишээлбэл, ямар нэг асуудал тулгарч тухайн бизнес эрхлэгчийн орлого тасарсан гэж тооцъё. Тэгвэл бизнесээ даатгуулахдаа орлого тасрах эрсдэлийг тусгасан бол түүнд санхүүгийн эрсдэл тулгарахгүй гэсэн үг.

Нөгөөтэйгүүр манай улсын даатгалын салбарт төвлөрдөг орлогын дийлэнх хэсэг нь байгууллагын зах зээлээс бүрддэг гэж болно. Мэдээж иргэдийн хувьд ч даатгалд хамрагддаг. Гэхдээ ихэнхдээ тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлага, гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Харин байгууллага хөрөнгө, санхүүгийн эрсдэл, хариуцлага, зээлийн даатгалд хамрагдах нь түгээмэл байдаг.

 

ДААТГАЛ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ ЁСТОЙ

 

Даатгалын компани бол төрийн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай салбарт зөвхөн хуулиас гадна журмаар зохицуулалт хийдэг. Тодруулбал, багц журмын хүрээнд даатгалын компанид тавигдах шаардлага, Санхүү, нягтлан бодох бүртгэлд тавигдах шаардлага, ажлын байр, бүтээгдэхүүний гэрээ, ажилтанд тавигдах шаардлагуудыг биелүүлэх ёстой. Миний дурдаагүй үлдсэн шаардлагууд ч бий. Учир нь олон даатгуулагчийн мөнгөнөөс нөөц сан бүрдүүлж байна. Үүнийг ирээдүйд учирч болзошгүй томоохон эрсдэлийг хаахад зарцуулах учраас мэргэжлийн ёс зүй нэн тэргүүнд тавигдана.

Түүнчлэн даатгалын компаниуд төлбөр төлдөггүй гэлцдэг. Тэгтэл статистик дүнгээс харвал хувь хүнд учирсан хохирлын 97-99 хувийг нь даатгалын гэрээний хүрээнд барагдуулсан байдаг. Харин үлдсэн багахан хувьд нь үл ойлголт үүссэн байх магадлалтай. Учир нь тухайн даатгуулагч гэрээтэйгээ сайн танилцаагүй. Тэнд ямар эрсдэлийг тусгасан бэ гэдгийг анзаараагүй байх. Хэдийгээр даатгалын гэрээ байгуулсан ч галын эрсдэлийг тусгаагүй бол даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй. Яагаад гэвэл тухайн даатгуулагчийн хөрөнгө галын эрсдэлд өртсөн учраас тэр. Тэгэхээр гэрээнд юуг тусгах вэ гэдгийг маш нарийн нягтлах учиртай.

Даатгал хүртээмжтэй байгаа эсэхийг хоёр зүйлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, даатгалыг худалдан авах суваг, харилцагчид ойр байх. Хоёрдугаарт, даатгалын үнэлгээ болон үнэ худалдан авахад өртөгийн хувьд хямд байх. Монголын даатгалын зах зээл даатгалын компаниудын өрсөлдөөнөөс үүдэн харилцагчид илүү хожиж үнэ тогтмол хямдарч, гэрээний нөхцөл ч зөөлөрдөг онцлогтой. Мөн үүн дээр даатгалын компаниуд цахим шилжилтийг хийж багаа нь давуу тал болж байна. Ингэснээр даатгалын үйлчилгээг ойртуулах төрөл бүрийн шийдлүүдийг эрэлхийлж байгаа хэлбэр. Түүнчлэн даатгалын хүртээмж ба даатгалын боловсролыг нэмэгдүүлэх боломж нөхцлийг компаниуд дор бүрнээ бүрдүүлж байгаагийн илрэл. Албан журмын даатгал нэвтэрснээр хүмүүсийн даатгалын ойлголт маш эрчимтэй өөрчлөгдсөн. Мэдээж даатгалын үйлчилгээ амьдралд нь хэрэгтэй гэдэг талаасаа шүү дээ. Тиймээс даатгалын үйлчилгээг огт хүлээж авдаггүй гэдэгтэй санал нийлэхгүй. Хүмүүст даатгалыг ойлгуулах, тухай бүр тулж уулзаж боловсролыг нь нэмэгдүүлэх тусам даатгуулах хүсэл нь нэмэгддэг нь удаа дараагийн судалгаа, харилцагчтай нүүр тулсан уулзалтуудаар нотлогддог юм. Тэгэхээр даатгалын ач тусыг ойлгуулах чиглэлд бүхий л оролцогч талууд тогтмол шаргуу ажиллах шаардлагатай.

 

ДААТГАЛ БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ

 

Даатгалын компанийн санхүүгийн эх үүсвэр нь олон тооны даатгагчийн хураамжийг төвлөрүүлж бүрдүүлдэг.  Даатгалын хураамж гурван бүтэцтэй. Нэгдүгээрт, нөөц сан буюу эрсдэлийн санд хуримтлуулна. Хоёрдугаарт, үйл ажиллагааны зардал, гуравдугаарт ашиг олно. Гэхдээ жолоочийн хариуцлагын даатгал нь ашиг олох нь бүү хэл үйл ажиллагааны зардалаа ч даахад хэцүү болж байгаа. Учир нь даатгал магадлалын онолд тулгуурладаг. Тэгэхээр 650 мянган даатгуулагчтай гэрээ байгуулахад бүгд эрсдэлд орохгүй л дээ. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын даатгалаас олж байгаа хураамжийн орлогын 70-80 хувийг хохиролд гаргадаг гэж болно.

Би дээр хэлсэн. Даатгалын компаниуд хураамжаар төвлөрсөн орлогыг өсгөхдөө хөрөнгийн зах зээл дээр ажиллаж болно. Тодруулбал, Засгийн газрын бонд болоод компанийн бонд, тогтвортой үйл ажиллагаатай хувьцаа зэрэгт хөрөнгө оруулах замаар өсгөх боломжтой. Түүнчлэн банкны хадгаламж хэлбэрээр хүүний орлого олох. Мөн банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлээр байршуулж болдог. Түүнчлэн тендер, гүйцэтгэлийн баталгаа гаргаж болно. Үндсэндээ даатгалын салбар хөрөнгийн зах зээлийн гол тоглогч гэж болох юм.

Монгол Улсын даатгалын салбарын хөгжлийг өөдрөгөөр төсөөлдөг. Иргэдийн хувьд санхүүгийн суурь боловсролыг сурч, амьдралдаа хэвшүүлснээр ирээдүйд учрах аюулыг сөрөн туулах чадвартай болж, эрсдэлээ зөв удирдах, шаардлагагүй эрсдэлтэй алхамыг хийхгүй байж эрсдэлээс зугтах зэрэг энгийн чадварыг эзэмшихэд болохоор байна. Монголчууд даатгалын тогтолцоонд өөрт учирч болох эрсдэлээ гэрээний дагуу шилжүүлж эхэлбэл тухайн жилд аюул осол учирсан ч даван туулах санхүүгийн хамгаалалтыг даатгалын тогтолцоо бүрдүүлнэ гэсэн үг. Тийм учраас хувь иргэн, өрх айл, аж ахуйн нэгж, улс орны хэмжээнд ч эрсдэлээ зөв таньж мэддэг, тухайн эрсдэлээс хэдий хэмжээний санхүүгийн хохирол үүсэх вэ гэдгээ тооцоолж хэвшсэнээр түүнийг даван туулах арга ухааныг шийдэхэд хүндрэлгүй гэж хэлмээр байна.

Санхүүгийн салбарт даатгалын зах зээлийн эзлэх хувь хэмжээ 1.8 хувь байдаг бөгөөд үүнээс илүүтэйгээр даатгалын зах зээл тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ, нэг хүнд ногдох даатгалын хураамж төлөлтөөр даатгалын зах зээлийн хөгжил, нэвтрэлт ямар хэмжээнд байгааг тодорхойлдог. Манай орны хувьд манай салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 0.66 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас дариу долоо дахин бага, нэг хүнд ногдох даатгалын хураамж 80 мянга орчим төгрөг байгаа нь дэлхийн дундаж буюу 600 ам.доллартай харьцуулахад бид ямар хоцрогдолтой байгааг харж болно. Мөн бидэнд дэлхийн дундажтай дүйх хэмжээний бололцоо бий. Даатгалын салбар зөвхөн нөхөн төлбөр өгөөд зогсохгүй нөгөө талаасаа нөөц сангаараа хөрөнгө оруулалт хийж зах зээлд мөнгөний нийлүүлэлт хийдэг томоохон хөрөнгө оруулагч. Үүнийг сайтар санаж энэ салбарыг бодлогоор дорвитой дэмжиж томруулах шаардлага төр засагт бий. Үүнийгээ ч ойлгож "Алсын хараа-2050" хөтөлбөрт тодорхой зорилтууд тодорхойлсон болов уу гэж харж байгаа. Одоо гагцхүү бодлогын зорилтуудаар Даатгалын багц хуулиудыг даруй шинэчилж, татвар болон бусад бодлогоор дэмжсэнээр даатгалын салбараар дамжуулан зах зээл, эдийн засгаа дархлаатай болгох цаашлаад даатгалын үйлчилгээг технологийн шийдлээр гадаадаас орлого олж, валют оруулж ирэх хэмжээнд хүртэл төр засаг, хувийн хэвшил хамтран ажиллах хэрэгтэй байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)