Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа дахин давтагдашгүй зургийг пүүз , кет дээр буулгаж “чамин” загварыг бүтээдэг кастом артист Ч.Энэрэлийг онцолж байна. 

 

“Akatsuki vans” загварыг гаргажээ

Ч.Энэрэл нь 2017 оноос кастом артыг сонирхож, пүүз кетийг шинэлэг болгож эхэлсэн түүхтэй.  Анх цахим орчноос зурагтай пүүз харжээ. Үүнийг судлахад кастом арт байсныг нь мэдэж сонирхсон эхэлсэн нь энэ. Түүний багш бол Youtube. Арьсан эдлэлийн зориулалтын будгаар бүтээлээ урладаг аж. Тэрбээр анх зориулалтынх нь будгаар бус, тодруулагчаар өөрт байсан пүүзэн дээрээ төрөл бүрийн дүрс, хээ зурж эхэлжээ. Харин зориулалтын будгийг аваад энгийн хар кет дээр Акацүкигийн логог зурж, “Akatsuki vans” нэртэй загвар гаргасан байна. Анх будгаа гадаадаас захиалж авдаг байж. Харин одоо будаг нь Монголд зарагддаг болсон байна. Будаж, зурахдаа материалын хатуу, зөөлнөөс шалтгаалж нэмэлт бодис хольдог. Зургаа бүрэн дуусгасныхаа дараа бэхжүүлдэг гэнэ. Ямар төрлийн кастом хийхээс шалтгаалж бүтээлдээ зарцуулдаг хугацаа нь өөр. Ихэвчлэн нэг өдрийн дотор бэлэн болгодог чамбай артист.

 

Зурагаа өөрийн мэдрэмжээрээ зурдаг

Загвар бүр нь дахин давтагдашгүй ганцхан гардаг. Тэрбээр хүний өмссөн пүүзэн дээр зурж өгөхөөсөө илүү шинэ пүүзэн дээр кастом арт хийгээд худалдахыг илүүд үздэг нэгэн. Учир нь захиалга аваад хийхээр захиалагчийн сонирхолд тааруулах эсэхдээ эргэлзддэг учраас татгалздаг байна. Зөвхөн өөрийн мэдрэмжээрээ зурагаа урладаг онцлогтой.  Түүний хамгийн дурсамжтай бүтээл нь “NERF” гээд ногоон, хар өнгийг уусгасан кастом. Энэ талаар “Хийж байх үед төсөөллөөс өөр болсон. Тиймээс бүтэлгүйтчихлээ гэж бодсон. Өнгөний уусгалтыг “Airbrush” гэж төхөөрөмжөөр хийх ёстой. Энэ нь байхгүй учраас хөвөн ашиглаж будсан нь их дурсамж дагуулсан. Тиймээс миний хайртай бүтээл” гэсэн юм. Ч.Энхжингийн үнэнч үйлчлүүлэгч нь найзууд нь. Мөн гадаадаас хүмүүс захиалдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 204 (7189)