Д.ЦЭРЭННАДМИД

 

“Монзайт” компанийн “Их цайз” худалдааны төвийн захирал Д.Жаргалсайхантай төсөрхөн ярилцлаа. Учир нь гэвэл тэрбээр Монголын анхны гэрэл зурагчдын нэг Цэнд-Аюушийн Дагдандоржийн хүү нь юм. Тиймээс түүнтэй аавынх нь тухай дурсамж яриа өрнүүлэхийг зорьсон билээ.

Д.Жаргалсайхан ч өөрөө бас энэ талын мэргэжлийн хүн. Монголын Үндэсний телевиз, Улсын гэрэл зургийн газар ажиллаж байсан дараа нь Зөвлөлтөд Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд явж суралцсан. Харин 1995 онд төгсөөд ирэхэд нь кино үйлдвэр тарж мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон цаг үе таарч мань хүн бизнес рүү хөл тавьсан юм байна.

Би бага байсан учир аавынхаа тухай тун бага мэдэх юм шиг санагддаг. Харин ажлынх нь багаж, фото аппарат хэрэгсэл болон бүтээлээс бага биш зүйл өвлөн хадгалж явдаг юм хэмээн тэр яриагаа эхлэв. Захирлын албан тасалгааны хойморт нам, төрийн удирдагчдынх биш зураг авахад бэлэн зогсож байгаа саравчтай малгай духдуулсан бас ташаандаа ширэн гадартай фото аппарат зүүсэн дээр үеийн байдалтай жавхаалаг эрийн зураг өлгөөстэй. Хажууханд бас сур харваж байгаа зураг нь хослон харагдана. Тэр хэн бэ? гэж асуух шаардлагагүй мэт. Аавынхаа зургийг захирал тийнхүү бурханчлан залсан тэр байлаа. Ингээд бид ярилцсаан.

-Аав чинь аль нутгийн хүн бэ?

-Сэлэнгэ аймгийн Зүүнхараа /одоогийн Мандал сум/-гийн Орхироо гэдэг газар 1904 онд төрсөн юм билээ. Арван долоотойгоосоо хойш Улаанбаатарт ажиллаж амьдарсан баялаг намтартай нэгэн.

-Намтраас нь жаахан сонирхуулна уу?

-Тухайн үедээ бусдын адил хийдэд шавилан сууж байсан гэдэг юм. Тун удахгүй борлогдуу амьдралд шилжиж эхэндээ уран дархан Ёндонгоос өвлөн авсан бийр, будаг,  ур чадвараа ашиглан гэрийн мод, авдар сав эрээлж явдаг болсон.

Дараа нь Зүүнхүрээнд байгуулагдсан артелд будагчин, тасгийн мастерын ажилтай явж.

Ер нь манай аав шинэд тэмүүлэмхий нэгэн байсан шиг юм билээ. Удалгүй Зүүнхүрээнд бий болсон Жүрмэд гэдэг багштай бичиг, үсгийн бүлгэмд элсэж номонд ойртсон байдаг.

Бас болоогүй ээ. Хэдийгээр будагчны ажилдаа дадаж гарамгай гэгдэх болсон ч зөвлөлтийн мэргэжилтэн Померанцев гэдэг хүний удирдсан бүлгэмд явж зураг урлалын зохиомж, дэг журамд сүрхий дадаж уран зураг зурах, зохион бичих чадвартай нэгэн болсон.

Тэр бүлгэмийг хамт төгсөгчдөөс нь Д.Чойдог, О.Цэвэгжав, Н.Чүлтэм, Н.Жамбаа, Д.Маньбадар нар нь Монголын нэртэй зураач, уран бүтээлчид болж тодорсон юм. Гэтэл аав өөрийхөө мэдлэг, чадварт итгэхгүй ч юмуу, сэтгэл ханамжтай биш байснаас цааш сурахыг л хичээсэн гэдэг.

-Монголын гэрэл зургийн хөгжлийн нэг түүчээлэгч нь энэ салбарын ууган зүтгэлтэн бол аавыг чинь гэдэг.  Тэгэхлээр гэрэл зураг руу хэзээ орсон юм бол ...?

-Нэг удаа аав Улаанбаатарт гэрэл зургийн сургагч орос хүн ирж гэнэ гэсэн мэдээ сонсож. Очлоо гэнэ. Е.И. Колинин гэдэг хүний шавь болов. Заасан бүхнийг хичээнгүйлэн сурсаар нэгдүгээр зэрэгтэй зурагчин гэдэг үнэмлэх авч л дээ.

Тэр багш нь нутаг буцахдаа "Надаас дутуугүй болж боловсорсон хүн ард үлдлээ. Энэ бол Дагдандорж.  Би санаа амар буцаж байна" гэж аавыг үнэлсэн юм гэдэг.

Тэгээд 1936 онд “кинофото хроник” гэдэг гэдэг байгууллага бий болоход аав тэнд дагалдан зурагчин болсноор гэрэл зурагтай амьдралаа холбосон хүн юм билээ.

Бас 1950-иад онд “Туяа” гэдэг сэтгүүлд фото сурвалжлагч байсан юм гэдэг. Тэгвэл 1952 оноос хойш “Үнэн” сонинд очиж фотосурвалжлагч, тасгийн эрхлэгч гэх албанд 20-иод жил ажилласан байдаг.

Тийм болохоор 1960-аад оны дунд үе хүртэл улс орны амьдралд тохиолдсон нийгэм, улс төр бүтээн байгуулалтын томоохон үйл явдлыг гэрэл зурагт баримтжуулж үлдээсэн хүний нэг нь аавыг гэдэг.

Их зохиолч Л.Түдэв гуайн “Хүмүүс” гэдэг номд аавын ажил амьдралын замналыг жинхэнээр зураглан өгүүлсэн “Хөгжлийн зураг” гэдэг найруулал бий. Тэнд бичсэнээр бол манай аавыг Монголын зурагчдаас анх “Правда” сонинд бүтээлээ нийтлүүлсэн хүн гэсэн байгаа.

Уг нийтлэлийг нь үзээд тэр Е.И.Колонин гэдэг орос багш нь аавд захиа бичихдээ:

-Их анд Дагдандоржоо. Чиний ажлын амжилтад үнэнхүү баярлахын хамт чамаар бахархаж байна. Чи бол хүссэн бүхнээ зүтгэлээрээ хийж эзэмшиж чадсан хамгийн сайн шавь минь мөн. Би чамайг ажил үйлсдээ их мастер болох ирээдүйтэйд чинь итгэсэн нь алдаа биш байж. Шавь нь багшаасаа давж гарах учрал байдаг болохоор би чинийхээ туршлагыг хэрэглэхээс аргагүй санагдлаа гэсэн бий.

-Аав чинь бас чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин гэдэг байхаа...?

-Тийм. 1945 оны чөлөөлөх дайнд Жанчхүүгийн даваа хүртэл явсан гэдэг. Үүний гэрч “Бид ялав” медаль нь надад байгаа. Аавын авсан дайны цагийн гэрэл зургууд нь одоо түүхийг өнөө үеийнхэнд мэдрүүлж байдаг юм.

Аав дайны талбарт нэг мөрөндөө буутай, нөгөө мөрөндөө фотоаппараттайгаа явж дайн байлдааны явцыг гэрэл зургаар харуулж байж. Маш олон зураг нь түмний нүдэнд дасал болж түүх өгүүлдэг.  Надад хадгалагдаж байгаа негатив хальснуудад ч олон зураг бий.

-Басхүү Дагдандорж гэдэг хүн маршалын зурагчин байсан гэж хэлэгддэг, бичигддэг юм билээ шүү дээ?

-Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцастай энгэр дүүрэн одон, медалиудаа ярайлгасан босоо зогсож буй хөрөг зураг бол аавын авсан зураг.

Түүнээс хойш маршалын зурагчин нэртэй болсон. Ер нь маршал ямар үйл явдалд оролцоно, тэнд аав зураг аваад явж байдаг байсан юм билээ.

Бас нэг зүйл сонирхуулахад үндэсний сур харвааны талд тэднийг бараг “найзууд” гэж хэлэхээр байж л дээ.

Манай аав чинь Үндэсний сурын улсын мэргэн хүн. 1944 онд Ардын Хувьсгалын 23 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн. Тэгэхэд нь маршал Х.Чойбалсан хоёрт билүү гуравт орсон түүх бий. Шударга сайхан нааддаг байж дээ.

За тэгээд аавын гэрэл зургийн бүтээлийг үзэж байхад тухайн үед болж байсан улсын хэмжээний томоохон хурал, зөвлөгөөн, Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой зургууд мөн Бөмбөгөр ногоон театрынхан, баяр наадмын гээд олон зураг байдаг.

Чөлөөлөх дайны үеийн байдал, Монгол-Зөвлөлтийн дайчдын найрамдал, нөхөрлөлийн сэдэвтэй зураг зөндөө л дөө.

-Зурагчин Дагдандоржийн тухай үлгэр домог шиг яригддаг дурсамж байдаг л гэдэг. Энэ тухай ярьвал...?

-“Фэд” гэдгээс өөр аппаратгүй байх үед нь Засгийн ордонд аавыг дуудаж “Гадаадын том зочид ирсэн. Улсын нэр төр хадгалахуйцаар зургийг нь ав” гэжээ. Урьд нь ийм үйл явдлын зураг олон аваагүй бас аппарат нь чадал муутай учир зөндөө зургийг авсан ч олонхи нь хөдөлчихсөн муухан зураг гарч.  Харин аав угийн зураачийн эв дүй сайтайгаа ашиглан эвлүүлж зүйж янзлаад хэл амгүй гарч байсан гэдэг.

Бас Бөмбөгөр ногоон театрт болсон нэг том хурлын зураг авахдаа гайгүй олон хүн багтаах санаатай ухарч байгаад хөгжимчдийн суудаг нүх рүү унасан тохиолдол бий. Аав ичихдээ өвдөхөө ч мэдэхгүй мэт бушуухан босоод л зургаа авч байсан тухай гэрэл зурагчид дурсан хөөрөлддөгийг сонссоон.

-Тэгэхлээр “Мартсанаас мал мэнд үү” гэгчээр өнөөгийн бизнесмен Д.Жаргалсайхан аавынхаа ямар ажил үйлийг үргэлжлүүлж явдаг юм бол...?

-Кино гэж зурагт тун ойрхон мэргэжлийг би эзэмшсэн. Даан ч цаг үеийн нөхцлөөс болоод мэргэжлээрээ ажилласангүй дээ. Аавын минь эдэлж хэрэглэж байсан аппарат хэрэглэл, зураг авсан хальснууд, барьж харваж байсан нум нь хүртэл надад байдаг юм.

Харин би чинь үндэсний сураар 10 гаруй жил хичээллэж байна. Сурын талбайд гарсан анхны жилээ л онцлох харваач, спортын мастерын, аймгийн мэргэний болзол хангаж байлаа. Тэдгээр цолыг хүртсэн харваач олон байдаг ч нэг жил гурван цолыг бөөндөж авсан хүн байдаггүй л юм билээ. Энэ жил Архангайн 100 жилийн наадмын харваанд  очиж түрүүлсэндээ.

Тэгэхээр улсын мэргэн хүний удам гэж өөрийгөө хэлэхэд бардам санагдаж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 204 (7189)