П.АМГАЛАН

 

Танхим дахь хүмүүс “Хотын тогтвортой хөгжлийг иргэдийн оролцоонд тулгуурлан хангах нь” төслийн хүрээнд нэг зорилгын дор цугларчээ. Учир нь Сүхбаатар дүүргийн ИТХ ХБНГУ-ын  Бонн хот,  “Герман-Монголын нийгэмлэг”, Барут Марк хотын хамтын  хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй уг төслийн нээлт өчигдөр боллоо. Уулзалтад  тус дүүргийн 20 хорооны иргэд, Засаг дарга нар оролцов. Уг төслийн хүрээнд таван  үйл ажиллагаа, уулзалт зохион байгуулах аж.  Тодруулбал, “Жендэрийн тэгш эрхийн асуудал ба  түүнийг хангах аргууд, “Улаанбаатар хотын  ундны усны нөөц ба ундны  усны чанар,  найрлага, бохирдол”,  “Хог хаягдлын  менежмент  ба хог хаягдлыг багасгах боломжууд”,   “Хот төлөвлөлт нь  хотын хөгжлийг  тодорхойлох нь” нь зэрэг сэдвийн хүрээнд   мэргэжилтнүүд илтгэл тавьж, уулзалт зохион байгуулах юм байна.

 

“Эргэн тойрны хүмүүстээ мэдээллээ хуваалцаж,  тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд иргэний  үүргээ гүйцэтгэнэ”

 

 Энэ үеэр тус уулзалтад оролцож буй тус дүүргийн есдүгээр хорооны иргэн С.Энхсайхан “Тогтвортой хөгжлийн зорилтод олон асуудлыг тусгасан байдаг. Үүн дотроос хог хаягдлын асуудалд анхаарал хандуулж байгаа нь зөв. Хог хаягдал дотор яс, цаас, шил, лааз зэрэг дахин ашиглах боломжтой олон зүйл бий. Уг ажлыг санаачилж, ажил хэрэг болгож буйд баяртай байна. Би энэ төслийн уулзалтад оролцсноороо  гэр бүл,  хөрш, эргэн тойрны хүмүүстээ энд сонссон мэдээллээ хуваалцаж,  тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд иргэний үүргээ гүйцэтгэнэ гэж бодож байна”  хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Карстен Виттке: Тогтвортой хотын  хөгжлийн суурь болсон  асуудал сонирхол  татаж байна

Уг төслийн эхний өдөр Герман-Монголын хамтын ажиллагааны хөгжлийн төслүүдийн зохицуулагч  Ш.Болор “Тогтвортой  хөгжлийн 17 зорилго”-ын  ерөнхий танилцуулгыг хүргэж,  бусад сонирхолтой мэдээллийг  танилцуулсан юм . Тэрбээр “Иргэд  уулзалтад оролцоод  мэдээлэл авч,  өдөр тутмынхаа  амьдралд хэрэгжүүлээд явах нь  бидний төслийн үр дүн юм” гэдгийг хэлж байлаа.  Энэ үеэр  “Герман-Монголын Нийгэмлэг”-ийн ТУЗ-ийн гишүүн Карстен Виттке “Энэ жил  Бонн хотын захиргаа уг төслийг  хамтарч ажиллах  боломжийг  олгосонд баяртай байна.  Мөн дахин уг төсөл хэрэгжих  боломж олгох байх  гэж найдаж байна.  Есдүгээр сард Сүхбаатар дүүргийн ИТХ-тай  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Тогтвортой хотын  хөгжлийн суурь болсон  асуудал сонирхол  татаж байна. Тиймээс жендер, хот төлөвлөлт, хог хаягдлын сэдвийг  хөндсөн.  Хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа ч бие биенээсээ суралцаад явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  Мөн тэрбээр хоёр орны хэл,  түүр соёлыг судалж, дэмжиж ажиллах зорилготой “Герман Монголын нийгэмлэг”  байгуулагдсаны  50 жилийн ой тохиож буй гэдгийг хэлсэн юм.

 

Б.Энхболд:“Хоггүй Сүхбаатар дүүрэг” болох зорилт тавьж байна

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын  дарга Б.Энхболдоос “Хотын тогтвортой хөгжлийг иргэдийн оролцоонд тулгуурлан хангах нь” төслийн талаар байр  суурийг  нь сонслоо.  Тэрбээр “ХБНГУ-ын Бонн хотын санхүүжилтээр, Барут Марк хотын хамтын ажиллагаа, “Герман-Монголын Нийгэмлэг”-ийн дэмжлэгтэйгээр энэхүү арга хэмжээг  зохион байгуулж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орнуудын  нэг учраас  тогтвортой хөгжлийн зорилтуудыг эх орондоо хөгжүүлэх  үүрэгтэй. Тиймээс Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн асуудал гэдэг маш чухал. Үүн дотор, хог хаягдал, ундны усны  аюулгүй байдлын асуудал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчноо хайрлах тухай асуудалд иргэд хэрхэн оролцох вэ зэрэг асуудал багтана. Тиймээс энэ ажилд Сүхбаатар  дүүрэг  манлайлан оролцож уг төслийг зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог улам нэмэгдүүлэн “Хоггүй Сүхбаатар дүүрэг” болох зорилт тавьж байна.Төр засаг, дүүрэг гээд бүх түвшинд хог хаягдлын асуудал дээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж байгаа ч нөгөө талдаа иргэдийн оролцоо  чухал юм. Тиймээс хоёр талын оролцоотойгоор энэ асуудлыг  шийдэх зайлшгүй шаардлагатай гэсэн  мессеж өгөх зорилготой энэ төслийг хэрэгжүүлж байна.

Сүхбаатар дүүргийн ИТХ  2024 оны төсөв дээрээ ажиллаж байна. Ингэхдээ хог хаягдлын менежмент дээр  иргэдийн саналыг нь авч, иргэдийн оролцоотой байдал дээр үндэслэн төсвөө батлахдаа анхаарна.  Манай дүүрэг эрүүл мэнд, боловсролын  хүртээмж чиглэлийн  төсөвт ихээхэн анхаарсан. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 13,14 дүгээр хороонд дүүргийн нэгдсэн эмнэлэг барьж байгаа. Ирэх оны хавар ашиглалтад оруулахаар  ажиллаж байна. Эмнэлэг ашиглалтад орсноор  дүүргийн  150 мянга гаруй иргэд үйлчлүүлэх боломж бүрдэх юм.  Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтын эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулахад   үзүүлж буй нэг алхам болж байна.  Мөн Сүхбаатар дүүргийн хувьд гурван ээлжээр хичээллэдэг сургууль  харьцангуй бага.  Гэхдээ нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөө оруулалтаар хийгдээд царцчихсан  гурван сургууль, хоёр цэцэрлэгийн  асуудал  бий. Уг асуудлыг 2024 онд дуусгах тал дээр анхаарч байна. Ингэвэл боловсролын хүртээмж бас сайжирна гэсэн үг.  Гэхдээ бид энэ олон зүйл дотроос хөрсөн дээр буусан, тодорхой юм ярья гэвэл хог хаягдлын менежментийг сайжруулах хэрэгтэй. Дүүрэг болон орон нутгийн  хамгийн гол хийх ёстой  зүйл хог хаягдал. Хог хаягдал нь нэг талаас баялаг юм.  Үүнийг баялаг болгоход мөн хамтын ажиллагаа чухал. Жишээлбэл, иргэд хогоо ангилан ялгаж,  үүнийг тээвэрлэхдээ бас анхаарах хэрэгтэй. Цаашлаад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн асуудал  яригдана” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 204 (7189)