Төмөрбаатарын БАТСАЙХАН

Орхон аймгийн СДМЭХ-ны тэргүүн Б.Оюунбаяртай цаг үеийн ярилцлаа.  Тэрбээр Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Хот тохижилтын газрын даргаар нь ажиллаж байсан юм.

-Та Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн юм байна.  Өнгөрсөн хугацаанд тантай холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд, болон зарим хэвлэлээр гарч байлаа.  Эхлээд төрд хэдэн жил ажилласан, ямар ажлууд хийж хэрэгжүүлж байв.  Энэ талаар яриагаа эхлэх үү ?

-Би 2016 онд Орхон Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.  Мөн  тухайн оноос аймгийнхаа Хот тохижуулах газрын даргаар томилогдон ажилласан.   Энэ онд ажлаа өглөө.  Хот тохижуулахын газар маань 250 орчим ажилтантай.  Эрдэнэт хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, иргэдийн аюулгүй байдлыг хариуцдаг чухал газар. Тус газрын даргаар би долоон жил ажиллажээ.   Энэ хугацаанд тухайн салбарт тулгамдаад байгаа маш олон асуудалд гарц, шийдэл хайж ажилласан. Парк шинэчлэлийн асуудал, ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлуудыг маш зоригтойгоор шийдэж, иргэдийнхээ магтаал шүүмжлэл дундуур бүхнийг даван туулжээ.   Намайг энэ газарт ажиллаж байх хугацаанд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байдаг юм.   Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж, цалинг  нь 60 хүртэлх хувиар нэмэгдүүлэхэд хүч хаяж ажилласан.  Аймагтаа парк шинэчлэлийн ажлыг бүрэн хийж дуусгасан.   Монгол Улсын  Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын дагуу бүх аймагт Тэрбум мод,  Хог хаягдалын менежмент, Цахим шилжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.    2008 онд аймгийн ИТХ-аар Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг батлуулж байсан бол өнөөдөр биелэлтийг бүрэн хангажээ.  Мөн  Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд бусад аймагт  жишиг болохоор Тээвэр ложистикийн төвийг НҮБ буюу Монголын тандан судлаачдын холбоотой хамтарч, иргэдийн бүлэг дээр үндэслэж хийсэн. Хог хаягдлыг ангилах, тээвэр ложистикийн схемийг гаргаж өгснөөрөө энэ нь  сайн туршлага болж, одоо бусад аймгууд ч хэрэгжүүлж байна.   Харин би энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ өнөөдөр буруутан болоод сууж байгаа нь харамсалтай байна.

- Энэ хөтөлбөр ямар учиртай хөтөлбөр байв. Таныг юунд буруутгасан бэ?

- Эрдэнэт хот өөрөө 45 жилийн түүхтэй. 17 мянган айл өрхтэй. Энэ өрхүүдийн эрүүл ахуй, хог хаягдлын асуудлыг шийднэ гэдэг амар байгаагүй,  маш хүнд байсан.  Хогийн нэгдсэн цэг нь 80.3 га боловч 150 км зайд тархсан байсан. Эхний ээлжинд хог хаягдлын менежментийг бункер системд шилжүүлж, парк шинэчлэлийг үе шаттайгаар хийсэн.  Улмаар хогийн нэгдсэн цэг орчимд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж,  хүний экосистем буюу амьтан ургамалд нөлөөлөхүйц байна гэсэн дүгнэлт мэргэжлийн байгууллагаас гарсан. Ингээд 2023 онд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний газраас манай Орхон аймагт цагаан тоосонцрыг бууруулах чиглэлд нэг тэрбум төгрөг батлагдсан.   Ажил нь тухайн оныхоо дөрөвдүгээр сард эхлэх байсан ч  наймдугаар сард орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хогийн цэгээ хумих үүрэг ирсэн.  Мөн аймгийн Засаг даргын эрх шилжүүлэх шийдвэр гарч, нэг тэрбум төгрөгийн ажил ингэж эхэлсэн юм.  Энэ хөрөнгөөр  бид  32 га газрын хур хогийг хумьж,  дарж, устгасан. Дээр нь нөхөн сэргээлтийн ажил хийсэн.  Хогийн цэг дээрээ ойн зурвас байгуулж, 2500 мод бут сөөг тарьсан.  Ер нь жишихүйц ажил болсон юм. Барилгын хөгжлийн яамнаас  хийсэн магадлангаар энэ ажлын төсөв нь 2.7 тэрбум төгрөг байсан юм шүү дээ.  Гэсэн хэдий ч нэг тэрбум төгрөгөөр хийж, хэрэгжүүлэх гэж зүтгэсэн.  Ард нь ч гарч чадсан.  Хот тохижуулахын даргын ажлыг долоон жилийн хугацаанд хийсний хувьд, Эрдэнэт хотын хог хаягдлын менежментийг  хамгийн сайн мэдэхийн хувьд надад хийж чадна гэсэн амбийц ч байсан даа.

-2.7 тэрбумаар хийх ажлыг нэг тэрбумд багтаагаад хийчихсэн та өнөөдөр яагаад буруутчихав.   Ямар алдаа гаргасан гэж хуулийн байгууллагаас шалгалт орж ирсэн юм бэ?

-Энэ ажлыг маш богино хугацаанд хийсэн дээ.  Төрийн болон төрийн бус байгууллагуудыг энэ ажилд татан оролцуулж, олон нийтийн санаачилгаар,  олон талт оролцоотойгоор хийсэн.  Төсөв хөрөнгөтэй холбоотой бүх тайлан тооцоог Байгаль орчны яам болон аймгийн Засаг даргад тайлагнаад хүлээлгэж өгсөн. Яг ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд төрөөс ямар нэгэн санхүүжилт орж ирээгүй байсан.  Цаг агаарын нөхцөл байдал болон иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилаад ажлаа гүйцэтгэсэн. 

-Та тэрбум төгрөгийн  хөрөнгийг яаж  шийдсэн юм?

-Тендер зарлаж шууд гэрээ байгуулсан.  “Эронай инженер” компани дээр байгуулсан боловч олон талын оролцоотойгоор хийсэн. Өр зээл ч тавьсан. Ингээд төрөөс хамгийн сүүлийн санхүүжилт  өнгөрсөн нэгдүгээр сард орж,  компани руугаа шилжүүлж,  өр шир бүх л юмаа дуусгаад нэг санаа амарч байтал гэнэт л хуулийн байгууллагаас шалгалт орж ирсэн дээ.  АТГ-аас иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийсэн гэж тайлбарладаг. Ингэхдээ миний төрд ажилласан долоон жилийн хугацаанд хийсэн бүхнийг шалгасан.   Оюунбаяртай холбоотой, хамаарал бүхий иргэд,  миний хамаатан садан бүх хүмүүсийг нэгдсэн байдлаар шалгасан.  Энэ шалгалт дөрөв таван сар үргэлжилсэн байдаг.

-Шалгаж буй үндэслэлээ юу гэж тайлбарласан байдаг вэ?

-Прокурорын байгууллагаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр шалгасан. Хуулийн байгууллагад шалгагдах хугацаанд олон нийтийн сүлжээгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюунбаярын гэрээс тэрбум төгрөг гарсан” гэх мэдээллийг түгээж, давхар давхар яллаж байсанд би гомдолтой байдаг.   Миний гэрээс ямар ч мөнгө хураан аваагүй.

-Тэгвэл ямар зорилготойгоор тийм мэдээлэл гарч байсан юм бол?

-Улс төр  эмэгтэй хүнд хатуудаа маш хатуу юм билээ. Гүтгэлэг, доромжлол үнэхээр хэрээс хэтэрсэн.  Хуулийн байгууллагын шалгалтаас илүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг яллаж дэвсэлж байсан.  Үүнийг би захиалгатай л гэж хардаг.  Төр бас зүтгэсэн хүндээ хатуу юм даа. Би үнэн мөн ялгарна аа л гэж  тэсч тэвчиж өдийг хүрсэн дээ.

-Тэгээд таны хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

-Шүүхээс хууль бусаар хөрөнгөжөөгүй гэдэг дүгнэлт гарсан.  Мөн авлига  аваагүй гэдэг нь тогтоогдсон. Гагцхүү албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзсэн. Ингээд шүүхээс намайг төрийн албанд буюу нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр  хасаж, торгуулийн арга хэмжээ авсан даа. 

-Та төрөөс мөнгө нь орж ирээгүй байхад яагаад тэгж яаран сандран гүйцэтгэсэн юм бэ?

- Ер нь ажлыг даруй эхлэх хэрэгтэй байсан л даа.  Тэгэхгүй бол найм, есдүгээр сар болоод цаг агаарын нөхцөл байдлын хувьд ч ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй болох байсан. Тийм болохоор харьяа байгууллагуудынхаа дүгнэлтийг аваад ажлаа шуурхай эхэлж маш богино хугацаанд дуусгасан. Би энэ ажлыг хийх гүйцэтгэсэндээ харамсдаггүй.  Бүх зүйл дээр хамтын шийдвэрүүд гаргаж байсан ч би даргын хувьд, тамгыг нь бариад сууж байгаагийн хувьд хариуцлага хүлээх ёстой юм бол хүлээе л гэж бодсон.

-Аймгийн ИТХ-ын төлөө­лөг­чийн ажлаа хэдийд нь өгсөн юм бэ?

-Хот тохижуулах газрын даргын ажлаа өөрийнхөө хүсэлтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн.   Харин  хурлын төлөөлөгчийн  ажлаасаа саяхан чөлөөлөгдсөн байгаа.  Нийтийн  албанд хурлын төлөөлөгчийн асуудал ордог учраас шүүхийн шийдвэрийг дагах нь зүйтэй.  Гэхдээ Орхон аймгийн ИТХ -аар намайг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн нь хууль зүй, ёс зүйн хувьд хүний эрх зөрчсөн байж боломгүй үйлдэл байсан. Энэ асуудлаар би хуулийн байгууллагад хандана.  Би өөрөө төлөөлөгчийн бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөөр байтал хурал миний хувийн орон зай, хувь хүний нэр хүндэд халдаж,  намайг давхар  “шүүх” хурлыг хийсэн.   Үүнийг би хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байгаа. 

-Та Орхон аймгийн эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлдэг. Одоо дараагийн дарамт шахалтууд ирээд эхэлсэн гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Орхон аймгийн эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэн ажиллаж байна.  Энэ хугацаанд би эмэгтэйчүүдээ чадавхжуулах,  эмэгтэйчүүдийн байгууллагаа бэхжүүлэх чиглэлээр маш олон ажлыг хийж санаачлан эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж байсан.  Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн  оролцоо маш чухал. Нийгэм өөрөө эрчүүдийг дарга гээд хүлээгээд авчихсан ийм хэвшмэл ойлголтыг өөрчлөх ёстой. Эмэгтэйчүүд улс төрд ороод явахаар  дандаа дабл стандарт мөрдөгдөж байна.  Эмэгтэй улстөрчдийг алдаа гаргангуут нь тэрэн дээр нь дөрөөлж нийтээрэй дайрдаг байж болохгүй.  Би өөрийн биеэр энэ зовлонг мэдэрч явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 204 (7189)