С.САРУУЛ
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг НИТХ-ын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байна. Энэ үеэр автобусны хулгайтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх асуултад Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар хариулт хэлэв. Тэрбээр "Автобусны худалдан авалт төрийн нууцад хамрагдаагүй гэдэг мэдээллийг авсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ороогүй бөгөөд автобусны худалдан авалтыг Худалдан авах тухай хуульд зааснаар харьцуулалтын аргаар авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Би өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайдын ажлаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш НЗДТГ-т ирээд мэргэжлийн хүмүүсийг дуудаж уулзан мэдээ, мэдээлэл авах эрх зүйн боломж байхгүй учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон холбогдох таньж мэддэг хүмүүсээс мэдээлэл авсан.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг эрх зүйн гарц гаргалгаа байгаа юм билээ. Тодруулбал нийслэлийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчээс шууд худалдаж авах эрх нь нээлттэй үлдсэн юм билээ.
Одоо автобустай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд нэн яаралтай шийдэж, гадна, дотно талд үүсэж байгаа эрх зүйн маргааныг хурдан шийдвэрлүүлэх хэлэлцээр хийх шаардлага байгаа. Хамгийн гол асуудал нь автобус орж ирээд тэдгээрийг хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдэд ямар нөхцөлөөр өгөх, элэгдэл хорогдол, эргэн төлөлтийг хэдэн жилээр тооцох үндсэн шийдэл гараагүй гэж ойлгосон.Автобусыг энэ онд багтаан оруулж ирэх чиглэлээр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхантай ажлаа авсан цагаас эхэлж, баг гаргаад ажиллаж байгаа гэж ярилцсан" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn