Базарбямбын Нямсүрэн
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нэртэй НҮБ-аас баталсан дэлхий дээрх хүн бүрийн эрхийг баталгаажуулсан баримт бичиг бий. 30 зүйл заалтаар хүний заяагдмал болон үндсэн эрхийг баталгаажуулсан энэ тунхаглалыг НҮБ-ын гишүүн улс орон бүр хэрэгжүүлэхийг уриалсан байдаг ч бодит амьдралд энэ тунхагийн заалт бүр нь бидний амьдралд өдөр тутам зөрчигдсөөр 75 дахь жилийнхээ ойг нь угтаж байна.
Түүх сөхвөл, 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлах үед 48 улс дэмжиж, найман улс түдгэлзсэн санал өгсөн байдаг.
Монгол Улсын хувьд 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэхдээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад нэгдсэн зэргээр 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж соёрхон баталжээ.
Манай улсад ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлалыг Үндсэн хуулиас эхлээд хүний эрхийг баталгажуулсан эрх зүйн баримт бичиг бүртээ шигтгэж өгсөн гэж улс төрч бүр зарлан тунхагладаг хэдий ч энэ заалт нь амьдрал дээр зөрчигдсөөр байгааг ХЭҮЗ нэртэй үндэсний хэмжээний байгууллага ч дуу хоолой нь сөөсөн мэт таг болов.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал магадгүй хүн бүрийн хамгийн олон сонссон боловч өдөр тутамд хамгийн их зөрчигддөг баримт бичиг болсон гэхэд хилсдэхгүй. Өргөн утгаар нь харахад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зүйл заалтууд өдөр бүр зөрчигдсөөр байгааг та бид харж байна.
Дэлхий дахинд хүн төрөлхтөн айдас хүйдэс, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг муу мэдээтэй өглөөг эхлүүлж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал 75 нас хүрсэн ч зөрчил, мөргөлдөөн дэлхий нийтээр байсаар л байгаа нь харамсалтай. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Палестиний “Хамас” бүлэглэл Израйльд халдсанаар олон жил хурцадмал байсан бүс нутагт гал авалцаж олон мянган гэмгүй хүний амьд явах эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал үүсээд хэдхэн хонож байна. Үүн дээр хоёр жилийн өмнө эхэлсэн Орос, Украйны асуудал одоо ч хурцадмал асуудал болж, дэлхийн геополитикийг ганхуулсан хэвээр байгааг дурдах нь ч илүүц биз.
Ямартай ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг тэртээ 75 жилийн өмнө баталж, “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байхаас эхлээд шашин шүтэх, үзэл бодлоо хамгаалуулах эрхтэй” хэмээн тунхагласан ч энэ нь жинхэнэ утгаараа тунхаг төдий болсонд дэлхийн Засгийн газрын тэргүүн гэж болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч санаа зовниж байгаагаа илэрхийлж байв. НҮБ-ын 78 дугаар Ерөнхий Ассамблейн индрээс “Peace гэдэг үгийг бүгд хамгийн хурдан хэлж чаддаг мөртлөө энх тайван хэмээх энэ үг утгаа алдаж байна. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ой болж байгаа ч хүн төрөлхтөн энэ тунхаглалыг нэгэнт мартсан мэт үйл явдлууд өдөр бүр гарсаар байгаа нь харамсалтай ” хэмээн А.Гутерреш дарга хэлж байлаа.
Чуулганд оролцсон дэлхийн улс орнуудын удирдагчид ч энх тайвны төлөө үгээ хэлэх биш үйлдэл хийх хэрэгтэйг сануулан өөрийн эрхийн 15 минутын үг хэлэх хугацааг энх тайванд уриалан зориулж байлаа. Зарим талаар дэлхий нийтээр дахин энэ баримт бичгийг хүн төрөлхтөнд сануулах нөгөө талаар шинэчлэн батлах тухай яриаг ч зарим удирдагчид санаачилж байв.
Тэгвэл зөвхөн дайн мөргөлдөөн гэлтгүй энх цагт ч хүн төрөлхтний эрх өдөр бүр зөрчигдөж байгаа жишээг бид сонссоор байна. Манай улсын хувьд өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдөж, амь насаа цаг бусаар алдсан харамсалтай хэрэг хоног дараалан гарсаар байгаа мэдээнд бидний чих бараг дөжрөх шахаж байна.
Тийм ч учраас энэ жил тохиож байгаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн улс орнууд тунхаг чигээр нь байлгах уу эсвэл хэрэгждэг хууль эрх зүйн баримт бичиг байлгах уу гэдэг дээр гар нийлэн анхаарах шаардлагатай байгааг ярих болжээ.
Эрэгтэй, эмэгтэй хүйс ижил эрхтэй байх заалтыг Энэтхэг эмэгтэй санаачилжээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)